Улаанбаатар хотоос орон нутаг руу явах 85 мянга орчим иргэн, нийслэл рүү ирэх хүсэлтэй 5300 орчим иргэн бүртгүүлжээ. Зорчих хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-10-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ сарын 29-нөөс шинжилгээ авч эхлэх юм. Иргэд хувийн тээврийн хэрэгслээр болон зохион байгуулалттай нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж болно.
Цар тахлын үед цахим системийг ашиглаж иргэн үйлчилгээний байгууллагууд бага харилцахаар зохицуулж байна. Тодруулбал, http://www.119.mn хаягт иргэд бүртгүүлэхдээ асуумж бөглөнө. Дараа нь, хүсэлтийг харгалзан байрлалаас хамаарч шинжилгээ өгөх байр, цагийн хуваарийг өгнө. Бүртгүүлсэн иргэн товлосон өдрийн заасан цагт шинжилгээ өгнө. Иргэдээс PCR шинжилгээ авна. Хариу 6-8 цагийн дараа гарна. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд цахимаар тасалбар авна. Нийтийн тээврийн үйлчилгээг авахдаа хуваарилсан автовокзалд бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулна.
Хооллох газрууд хаалттай тул иргэд хоолоо бэлдэнэ. Зорчигчид зориулсан санамж гарч байна. Тогтоосон цэгүүдэд тээвэрлэлтийн баримт бичигийг хяналтын цэгүүдэд уншуулна. Орон нутагт очсон иргэдийг Онцгой штаб хүлээн авах ба тухайн иргэн өөрийн байх газартаа 14 хоног тусгаарлана. Иргэд хувийн машинтай зорчихдоо шинжилгээний хариу сөрөг гарсны дараа хөдөлгөөнд оролцно. Мөн тээвэрлэлтийн бичиг баримт QR кодоо уншуулаад зорчино. Ингэхдээ замын хяналтын байгууллагуудад бүртгүүлж, эцсийн цэгт очихдоо мэдээлнэ. Ийм схемээр тээвэрлэлт зохион байгуулахаар төлөвлөж байна. Зорчих хөдөлгөөнийг 10 хоног зохион байгуулж байгаа нь шинжилгээ болон тээврийн хэрэгслийн хүчин чадлаас хамаарч байна. Эхний ээлжинд албан ажил болон хувийн ажлаар саатсан хүмүүсийг зорчуулна. Дараа нь оюутнууд зорчих аж.