Sunday, November 24, 2024

Хэмнэлт нэхсэн атлаа халамж амалсан хориг

Date:

-Ерөнхийлөгч Х.Баттулга дөрөв дэх жилдээ төсвийн тухай хуульд хориг тавилаа-

Алдаатай, зөрчилтэй хориг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа. Энэ тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт мягмар гарагт хүргүүлжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш парламентаас баталсан, хууль, тогтоомжид ийнхүү 13 дахь удаагийн хоригоо тавьж байна. Нөгөө талаар тэрбээр жил бүр төсвийн тухай хуулиудад хориг тавьсаар ирсэн уламжлалаа энэ жил үргэлжлүүлсэн нь энэ.

Улсын төсвийн тухай хуульд тавьж буй дөрөв дэх хоригтоо “2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна” гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч тодотгожээ.

Тиймээс 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа аж. Үүнд,

  1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.

2021 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг харахад хууль зүйн хувьд төдийгүй агуулгын хувьд ч зөрчилтэй санаанууд байна. Юуны өмнө төсөвт бүхэлд нь хориг тавьж байгаа гэсэн атлаа 2021 оны улсын төсвийн тухай хуулийн бүрэлдэхүүн хэсэг болсон Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдэд хориг тавиагүй байгаа аж. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим орчинд байр сууриа илэрхийлж, “Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавьж байна гэчихээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа. Арай ч дээ” хэмээн жиргэсэн байна. Улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн нэг дэх илт алдаа нь энэ.

Түүнчлэн улсын төсвийн зардлыг 20 хувиар танаж, эрсдэлийн сан байгуулах, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого хэрэгжүүлэх зэрэг хэмнэлтийн  зарчим баримтлах талаар зүй ёсны гэж болох шаардлага тавьсан атлаа өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, ингэхдээ 200 мянгыг нь бэлнээр, 800 мянгыг нь бараа бүтээгдэхүүн авах ваучер хэлбэрээр олгох, өөрөөр хэлбэл нийгмийн халамжийг хавтгайруулах санал гаргасан нь хоорондоо зөрчилдөж байгаа юм.

Байгаа олоогүй шүүмжлэл

Ерөнхийлөгч Х.Баттулга төсөвт хориг тавихдаа “УИХ-ын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гаднын зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн” хэмээн хатуухан шүүмжилсэн байна.

Гэтэл энэ нь тийм ч цагаа олсон, байгаа оносон шүүмжлэл, дайралт биш байв. Ерөнхийлөгчийг хоригоо УИХ-ын даргад хүргүүлэхийн өмнөх өдөр буюу арваннэгдүгээр сарын 23-нд УИХ-ын дэргэд байгуулагдсан коронавируст халдварын эрсдэлээс аж ахуйн нэгж, иргэдээ хамгаалах чиглэл зорилго бүхий Түр хорооны хуралдаан дээр “COVID-19” цар тахлын эсрэг вакцины худалдан авах зориулалтаар ДЭМБ-аас 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж эхэлсэн бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын 04-нд энэ асуудлаар талууд уулзалт хийхээр болсон тухай мэдээлж байв. Мөн “Глобал алъянс” болон COVAX хөтөлбөрийн хүрээнд хүн тун вакцины технологийн сонголт хийсэн хүсэлтээ ирэх сарын 07-ноос өмнө Сангийн сайдын гарын үсэгтэйгээр илгээхээр болжээ.  

Тэгэхээр Ерөнхийлөгчийн шүүмжилсэн шиг “амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй гаднын зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан” хэрэг огт биш, харин ч вакцин худалдан авах гэрээ хэлцэл бүх талаар урагштай яваа ажээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50,7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байгаа талаар арваннэгдүгээр сарын 24-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар “COVID-19” цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, орлогч даргаар миний бие ажиллаж байна. Хүн амынхаа аюулгүй байдлыг хангаж, вакцинжуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна.

Манай улсын хувьд Вакцин дархлаажуулалтын “Глобал альянс” /GAVI/, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон олон улсын байгууллагын хамтран байгуулсан COVAX хөтөлбөрт 2020 оны долоодугаар сарын 16-ны өдөр албан ёсоор нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах боломжтой. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар Сангийн яам ажиллаж байна.

Вакцин худалдан авалтыг COVAX хөтөлбөрийн хүрээнд хийснээр ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй вакцин авахаас гадна үнэ өртөг нь COVAX хөтөлбөрийн хөнгөлөлттэй үнээр байх юм” хэмээн ярьжээ.

Бүдэрсэн, бүдгэрсэн хоригууд

Ерөнхийлөгч чуулганы үеэр хууль, УИХ-ын бусад шийдвэрт хориг тавьсан бол 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол баталдаг. Энэ дагуу 2021 оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг арванхоёрдугаар сарын 11-ний дотор УИХ хэлэлцэж хүлээн авах эсэхээ шийдэх юм. Хоригийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй бол хууль, УИХ-ын шийдвэр хүчин төгөлдөр үлддэг. Энэ удаа УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах уу, үгүй юу гэдгийг ярихаас илүү өмнөх хоригууд нь парламентын босго алхаж байсан эсэхийг тодруулъя.

Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оноос хойш 12 удаа УИХ-ын баталсан хууль, шийдвэрт хориг тавьж байв. Тэдгээрээс хоёрыг нь л УИХ хүлээж авч, нэг хоригийнх нь зарим хэсгийг л хүлээн авчээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн хоригуудын ихэнх нь УИХ-ын босго давалгүй бүдэрч байсан аж. Бүдэрнэ гэдэг ач холбогдолгүй, эсвэл байгаа оноогүйнх. Тиймээс бүдгэрч мартагдсан нь олон ажээ. Зарим тохиолдолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд УИХ-ын чуулган дээр хориг тавьсан үндэслэлээ буруу тайлбарлаж, хөгөө чирж байсан удаа бий. Мөн өнгөрсөн оны тавдугаар сард Татварын багц хуульд хориг тавихдаа өмнөх хуулийн заалт, тоо баримт ашигласныг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлаж, улмаар Ерөнхийлөгч хоригоо буцаан татахад хүрч байсан билээ.

  1. 2017.10.26 Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын 2017 оны 58 дугаар тогтоолд тавигдсан хэсэгчилэн тавьсан хориг буюу Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохыг хориглов. (Хүлээж авахаас татгалзсан)
  2. 2017.11.02 Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь тавигдсан хориг. (Хүлээж авахаас татгалзсан)
  3. 2017.12.05 Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан хориг. (Хүлээж авахаас татгалзсан)
  4. 2018.06.13 УИХ-ын 45, 47 дугаар тогтоолууд буюу Д.Гантулга, Д.Мурат нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан тогтоолд тавьсан хориг. (Хүлээж авахаас татгалзсан)
  5. 2018.11.15 Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хууль, тогтоолуудад бүхэлд нь тавьсан хориг. (Хүлээж авахаас татгалзсан)
  6. 2019.05.14 Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хориг. (Хүлээж авахаас татгалзсан)
  7. 2019.05.30 Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан хориг. (Хүлээж авсан)
  8. 2019.06.04 Ерөнхийлөгчийг Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж авахаас татгалзах тухай УИХ-ын 51 дүгээр тогтоол тавьсан хориг. (Ерөнхийлөгч хоригоо буцааж татсан)
  9. 2019.09.20 Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталсан УИХ-ын тогтоолд тавьсан хориг. (УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан)
  10.  2019.12.03. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавилаа. (НДС-гийн 2020 оны төсвийн тухай хуульд тавьсан хоригийг нь хүлээн авсан)
  11.  2019.12.03. Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавив. (Хүлээн авахаас  татгалзсан)
  12. 2020.05.26. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан. (Хүлээн авсан)
  13. 2020.11.24. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...