Булган аймгийн Баян-Агт сумын номын санг тус сумын ИТХ-ын шийдвэрээр Монголын утга зохиол, яруу найрагт үнэтэй хувь нэмэр оруулсан, шинэ цагийн шилдэг яруу найрагч төдийгүй нутаг усныхаа нэрийг утга зохиолын ертөнцөд тодоос тод үлдээсэн яруу найрагч Хүрэн морьт овогтой Лхамсүрэнжавын Ганзул агсны нэрэмжит болгожээ.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул агсан 1979 оны хоёрдугаар сарын 10-нд Булган аймгийн Баян-Агт суманд төржээ. Баян-Агт сумын 8 жилийн дунд сургууль, Булган сумын 10 жилийн сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг дүүргэж, ажлын гараагаа “Улаанбаатар таймс” сониноос эхэлж, Улаанбаатар төмөр замын “Ган зам” сонин, “Шинэ Монгол” радио, Монголын Үндэсний олон нийтийн радиогийн Уран зохиолын редакц, Зиндаа.мн сайт, “Зиндаа” сэтгүүлд сэтгүүлч, тоймчоор ажиллаж байсан авьяаслаг сэтгүүлч, яруу найрагч байв.
Тэрбээр “Нэгэн цагийн галбир”, “Сэтгэл бүрдийн тойром”, “Улирлын гүн” яруу найргийн ном хэвлүүлжээ. Түүнчлэн Монголын ард түмний дунд түгэн дэлгэрсэн “Жиндээх салхигүй хорвоо”, ”Марал буусан шөнө”, “Төгөлдөр гоо”, “Хайр”, “Тоодгор багын нутаг” тэргүүтэй олон дууны үгийг туурвисан уянга төгөлдөр яруу найрагч байлаа. Түүний Монголын утга зохиол, сэтгүүл зүйд бүтээсэн бүтээлийг төр засгаас үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэг”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, шагнал хүртээжээ.
Яруу найрагч Л.Ганзул агсан “Болор цом” яруу найргийн наадмын тусгай байрын гурван удаагийн шагнал хүртэж, “Цагаан уул”, “Ган үзэг”, “Алтан цом” зэрэг яруу найргийн олон наадмын тэргүүн байрыг эзэлж байжээ.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзулын шүлгүүдээс
Сэтгэлийн мөргөл
Мөндөр цайрсан тэнгэрийн дор
Өлгийтэй бурхан байхад минь
Мөнхийн энэрэлт ижий минь надад
Мөргөж үнсдэг байлаа.
Бойтогны хонхонд хөл оруулж
Борвио тэнийлгэн гүйхэд минь
Бодолдоо нартай ижий минь надад
Сөгдөж үнсдэг байлаа
Айлын азайд магтуулан
Тусад орохын цагт минь
Авралын тэнгэртэй ижий минь
Залбирч үнсдэг байлаа
Нойтон даль дэвсээр
Шувууд буцахын цагаар
Намрын нар шиг ижийдээ би
Залбирч үнсүүлдэг боллоо.
Хаврын цэнхэр яргуйн дээр
Жаргал нүдлэхийн үеэр
Хайрын далай ижийдээ би
Сөгдөж үнсүүлдэг боллоо
Тэнгэрийн цагаан цасан
Санчиганд нь гэрэлтсэнээс хойш
Дэлхийн нар ижийдээ би
Мөргөж үнсүүлдэг боллоо…