Цар тахлын улмаас олон нийтийг хамарсан ёслол, цэнгүүн зохион байгуулахыг хориглосон тул гэр бүлийн хүрээнд шинэ жилээ тэмдэглэхээр болоод буй. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор шинэ жилийн төрөл бүрийн бэлэг, гацуур мод, гоёл чимэглэлийн худалдаа онлайн хэлбэрт шилжжээ. Энэ бол нэг талаар дэвшилттэй, шинэлэг үйлчилгээ. Гэрээсээ, гар утсаараа бараагаа сонгоод л, төлбөрөө төлчихсөн байхад хүссэн барааг тань хүргээд өгнө.
Гэхдээ сайны хажуугаар саар бас байна. Онлайнаар худалдаалж байгаа бараа бүхэн сурталчилж байгаа шигээ чанартай, сайн биш, онлайн дэлгүүрүүдийн үйлчилгээ нь ч захиалагч, худалдан авагчдад ээлтэй бус байгаа ажээ.
Тухайлбал, шинэ жилийн гацуур модны захиалга, худалдаа онлайн орчинд нэлээд идэвхжиж байгааг дагаад чанаргүй, хулхи бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах тохиолдол гарах болжээ. Ийм нэгэн тохиолдлыг баримттайгаар толилуулъя.
Энэ бол онлайн худалдааны сайт дээрх зар нь. Зураг дээрх гацуурыг харахад мөчир нь хуванцар бөгөөд жинхэнэ гацуур модыг санагдуулам байгаа биз. Худалдагчид нь уг гацуураа хуучин орос гацуур шиг хэмээн рекламдаж заржээ. Худалдан авсан иргэн төлбөрөө шууд 100 хувь төлөөд бараагаа хүргүүлж авсан аж. Ингээд хүүхдүүдтэйгээ баяр хөөр болон гацуураа угсрах гэтэл зураг дээр харж байснаас тэс өөр, төсөөллөөс нь хол зөрсөн гацуур гараад иржээ.
Тодруулбал, АНУ-аас оруулж ирсэн хэмээн рекламдаж байсан гацуурын мөчир нь залгамал, зүймэл байжээ. Мөчрийнх нь үзүүр хэсэг нь л орос гацуур шиг, өөрөөр хэлбэл жинхэнэ мэт хуванцар бөгөөд мөчрүүдийн дундаас эхлээд уг руугаа тэр чигтээ мушгиа төмөр утсан голд нь хавчуулж хийсэн зөөлөн хиймэл хайчилбар байсан аж.
Ингээд захиалагчид онлайн худалдааны төвийнхөнд гомдол гаргаж бараагаа өөрсдөө хүргэж өгөн, наймаагаа буцаажээ. Тодорхой хэмжээгээр чирэгдэл, хүндрэл гарсан гэсэн үг. Буруугаа хүлээсэн онлайн худалдааныхан захиалагчийнхаа мөнгийг 100 хувь буцааж өгсөн аж. Фэйсбүүк дээр сурталчилж байсан гацуур нь зурагнаасаа өөр байгааг, хамгийн гол нь гацуурын мөчир хоёр өөр бөгөөд залгамал зүймэл байгааг хэлэхэд онлайн худалдааныхан “Чимэглэл энэ тэр зүүчихээр цаад талын ногоон мөчир нь харагдахгүй л дээ” хэмээжээ.
Уг нь ийнхүү өөрсдийгөө өмөөрч, хаацайлахын оронд онлайнаар худалдаж байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ талаар хуурамч гэж болохоор зураг тавьж сурталчилсандаа тэд уучлал гуйх ёстой билээ. Тухайлбал, энэхүү гацуураа “орос гацуур шиг, яг жинхэнэ мэт харагддаг мөчиртэй” гэж сурталчлахдаа мөчир нь үзүүр хэсэгтээ л тийм болохоос биш талаас илүү нь шахуу уг руугаа өөр хийц, материалтай, өөрөөр хэлбэл холимог мөчиртэй гэдгийг хамгийн түрүүнд худалдан авагч, захиалагчдадаа хэлэх ёстой. Түүнийгээ сурталчилгааныхаа зураг дээр ч ил тод тавих ёстой. Тэгэлгүй шал өөр гацуурын зураг тавиад, бүр гоёмсог, жинхэнэ мэт мөчрийн зургийг нь тодотгон харуулж рекламдсан нь худалдагч, захиалагчдаа хууран мэхэлж төөрөгдүүлсэн хэрэг биш гэж үү. Түүнчлэн бараагаа зарж борлуулж байгаа ажилтнууд нь өөрсдөө мэдээлэлгүй, худалдан авагчдадаа бараа, бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулж, тайлбарлахаас эрс татгалзаж төвөгшөөх хандлага гаргах нь онлайн худалдааныхны нэг өнгө төрх болжээ.
Цаашид энэ мэт тохиолдол олон гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд онлайнаар худалдан авалт хийхдээ сонгосон бүтээгдэхүүнээ маш сайн нягталж, судалж, өнгө үзэмж, чанар, хэлбэр хийц зэргийг нь урьдчилан сайн шалгахад илүүдэхгүй гэдгийг зөвлөж байна.