Засгийн газраас гаргасан түр журмын дагуу Улаанбаатар хотод хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг өнөөдрөөс эхэлж, шат дараатай буцаана. Орон нутаг руу автобусаар зорчих иргэд гурван вокзал дээрээс хөдөлнө. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Увс, Ховд чиглэл рүү явах иргэд “Драгон”, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говь-Алтай, Булган чиглэл рүү зорчих иргэд зүүн аймаг руу явдаг “Тэнгэр” худалдааны төвийн автовокзал, Өвөрхангай, Төв, Завхан, Дундговь, Хөвсгөл аймаг руу зорчих иргэд “Лавай”-гаас хөдөлнө гэдгийг Авто тээврийн үндэсний төвийн Удирдлагын хэлтсийн дарга К.Айдос хэллээ.
Тэрбээр нэг автобусанд 40 тасалбар бичнэ гэдгийг анхааруулав. Хот хооронд зорчих хүсэлтэй иргэд коронавирусийн шинжилгээнд хамрагдсаны дараа 48 цагийн дотор зорчих ёстой бол хувийн унаагаар зорчих хүсэлтэй иргэд шинжилгээ өгсөн бичигтэйгээ явах шаардлагатай. Түр журамд заасан шаардлагыг хангаад хот хооронд зорчсон иргэд очсон газартаа 14 хоног гэрийн тусгаарлалтад байсны дараа коронавирус илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдах юм. Улаанбаатар болон бусад аймаг, суманд хязгаарлалтад орсон 85 мянган иргэн хот хооронд зорчих хүсэлтээ цахимаар гаргаад байгаа билээ.