Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрших “Монголын төмөр зам” ТӨХК-ийн “Төмөртэй” өртөөний тээвэрлэлтийн үйл ажиллагааг онц байдал зарласан энэ өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдал, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд сахин үргэлжлүүлж байна. Хөл хорио тогтоосон өдрөөс өнөөдрийг хүртэл Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайгаас БНХАУ руу нийт 614 вагон буюу 41 мянган тн ачаа тээвэрлээд байна. Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар тус өртөөнөөс нийт 1 сая 600 мянган тн ачаа тээвэрлэж жилийн төлөвлөгөөг давуулан биeлүүлжээ.
Ташрамд дурдахад “Монголын төмөр зам” ТӨХК нь 2016 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 175 км зайд байрладаг хүлээн авах явуулах 6, ачилтын 4 замтай, 2 дугаар зэргийн “Төмөртэй” өртөөнөөс төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн юм байна. Тус төмөр зам нь галт тэрэгний үйл ажиллагаанд зориулагдсан хэсэг, зүтгүүрийн засварын депо, зэхэлтийн газар, вагоны үзлэг засварын пункт, замын хэсгийн байр, уурхайн ачилтын пункт гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн, сүүлийн үеийн техник технологи бүхий дохиолол холбооны МПТ төвлөрүүлэлтээр тоноглогдсон 33.4 км урт төмөр зам юм.

