Friday, November 22, 2024

Казанийн их сургуулийн хананд Банзарын Доржийн дурсгалын самбарыг босгожээ

Date:

Казанийн их сургуулийг төгссөн буриадын анхны эрдэмтэн Дорж Банзаров буюу Банзарын Доржийн дурсгалын самбарыг ОХУ-ын Казанийн их сургуулийн Лобачевскийн нэрэмжит номын сангийн түүхэн барилгын хананд өчигдөр байрлуулжээ.

Монгол үндэстний дундаас анх удаа шинжлэх ухааны эрдмийн зэрэг хүртсэн энэхүү их эрдэмтний мэндэлсний 200 жилийн ой 2022 онд тохиох юм.

Доржи Банзаров буюу Банзарын Дорж Сэлэнгийн Дум дахь Жид нутагт 1922 онд төрж, 1855 онд Эрхүүд нас баржээ. Түүний хамгийн онцгой бүтээл болох “Хар шүтлэг буюу монголчуудын бөө мөргөл” 1846 онд Казаньд, Чингисийн чулууны бичээсийг анхлан тайлбарласан “Чингис хааны зээ Есүнхэ вангийн хөшөөн дээрх монгол бичгийг тайлахуй” бүтээл нь 1851 онд Петербургт тус тус хэвлэгдсэн байна. Банзарын Дорж Казанийн гимназийг алтан медальтай төгсөж, Казанийн их сургуулийн философийн факультетэд элсэн орж суралцсан байна. Тэрбээр их сургуульд монгол, халимаг, манж, санскрит, турк гэсэн дорно дахины хэл сурч байсан бөгөөд герман, англи, франц, латин хэлээр чөлөөтэй уншдаг байжээ. Буриадаас Казанийн их сургуульд анх суралцахаар очсон таван буриад хөвгүүдээс ганцаараа цолгорон гарч, их сургуулиа амжилттай төгссөн тэрбээр Монгол судлалын эхийг тавьсан алдарт эрдэмтэн О.М.Ковалевскийн удирдлага дор Казанийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан аж.

Доржи Банзаров Казанийн их сургуульд эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэн хийх сонирхолтой байсан боловч тухайн үеийн нөхцөл байдлын улмаас нутаг буцахаас өөр аргагүй болсон байна. Ингээд тэрбээр 1850-1855 онд буюу амьдралынхаа сүүлийн жилүүдэд Эрхүү хотод Зүүн Сибирийн генерал-губернатор Николай Муравьев-Амурскийн дэргэдэх тусгай даалгаврын офицероор ажиллаж байжээ.

Нэрт эрдэмтэн Банзарын Доржийн дурсгалын самбарын нээлтэд ОХУ-ын Төрийн Думын депутатууд Марат Бариев, Алдар Дамдинов, Буриадын Улсын Их Сургуулийн ректор Николай Мошкин, Казанийн Холбооны Их Сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн проректор Тимирхан Алишев, Казанийн Холбооны Их Сургуулийн ерөнхий асуудал хариуцсан проектор Ришат Гузейров зэрэг албаны хүмүүс оролцжээ.

Казань хотын Буриадын үндэсний соёлын холбооны тэргүүн Сесегма Бубеева хэлэхдээ, “Хоёр бүгд найрамдах улс, Татарстан, Буриад улсын хувьд чухал үйл явдал болж байна. Казанийн нутагт амьдардаг буриадууд бидний хувьд Буриадын анхны эрдэмтэн, нэрт дорно дахин судлаач Дорж Банзаровт зориулсан дурсгалын самбар нээж байгаа нь маш том хүндэтгэл юм” гэжээ.

Мөн “Бүгд найрамдах Татарстан улсын Ерөнхийлөгч Рустам Минниханов ирэх жилийг Эх хэл, үндэсний эв нэгдлийн жил болгон зарласан бөгөөд үүний угтал болж нэрт эрдэмтэн Банзарын Доржийн дурсгалын самбарыг нээж байгаа нь маш их бэлгэ дэмбэрэлтэй юм. Буриад, татар, орос болон бусад ард түмний ачаар дэлхий ертөнц улам баялаг, сонирхолтой болж байна” гэж Казанийн Холбооны их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Дэлхийн соёлын өвийн тэнхимийн эрхлэгч, Шинжлэх ухааны үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Рафаэль Валеев хэлжээ.

Эх сурвалж: https://kpfu.ru/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...