Friday, November 22, 2024

Ардын жүжигчин А.Энхтайваны “Дангина” балетын хөгжмийг тусгайлан судлууштай гэж онцолжээ

Date:

МУАЖ А.Энхтайван түүхэн сэдэвт балет зохиожээ-

ХХ зууны дунд үеэс Монголын хөгжимд орж ирсэн хөгжмийн цоо шинэ нэгэн төрөл бол балет буюу бүжгэн жүжиг билээ. Сэргэн мандалтын үеэс Итали, Францад үүссэн балет нь Орост хөгжлийн өндөр түвшинд хүрч улмаар Азийн орнуудаас Монголд хамгийн түрүүнд үндэс сууриа тавьсан юм. Монгол Улсад балетын урлагийг хөгжүүлэхэд бүжгийн мэргэжилтэн Я.Романовскийн дэглэсэн “Анчин ба зээр” бүжиг Монголын үндэсний бүжгэн жүжиг үүсэхэд жишиг болж өгснөөр 1954 онд анхны үндэсний бүжгэн жүжиг “Манай нэгдлийнхэн” тавигдаж Монголын балетын урлаг гадаад, дотоодын олон хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг тайзнаа тавьж 80 шахам жилийн хөгжлийн түүхийг бүтээжээ.

Балет хэдийгээр ордны орчинд, гоо сайхан үзвэр болон үүссэн боловч хөгжлийнхөө явцад нийгмийн үзэл санаа, орчин үеийн чухал асуудлуудыг өөрийн гэсэн хэллэгээр илтгэх түвшинд хүрсэн бөгөөд нийт олныг соёлжуулах, гэгээрүүлэх, өсвөр үеийнхний гоо зүйн сэтгэлгээг хөгжүүлэх, хүмүүжүүлэх үүрэгтэй юм.

Монголын балетын урлагийн хөгжлийн оргил үе бол 1975-1990-ээд оны үе юм. Учир нь энэ үед манай театр үндэсний болоод дэлхийн сонгодог хорь гаруй балетын урын сантай болсны зэрэгцээ сонгодог бүжгийн сургуулийг төгссөн 70 гаруй бүжигчинтэй, ур чадвар болон тооны хувьд дэлхийн томоохон балет тавих бүрэн боломжтой болсон байв. 1990-ээд оноос хойш нийгэм, эдийн засгийн шилжилтийн үеийн нөхцөл байдлын улмаас балетын урлагийн хүрсэн түвшинг хадгалахад бэрхшээлтэй болж, балетын жүжигчдийн тоо цөөрч, хөгжлийн эрч буурч шинээр тавигдах бүтээл ховордож ирсэн байна. Өнгөрсөн зууны 90-ээд оноос хойш тавигдсан Монголын хөгжмийн зохиолчдын туурвисан үндэсний бүжгэн жүжгийн бүтээлүүдийг аваад үзэхэд Х.Билэгжаргалын “Бөртэ чоно” /1990/, Ц.Нацагдоржийн”Гүюг хаан” /1992/, А.Батдэлгэрийн “12 жил” /1996/, Б.Шарав “Зуурдын орон” /1998/, С.Соронзонболд “Их домог” /1999/, А.Батдэлгэр “Гэсэр Номун Хан” /2007/, “Тэнгэрийн ташуур” /2011/ гээд нийтдээ 7,8 шинэ бүтээл тайзнаа тавигджээ.

Монголын балетын урлаг дэлхийн түвшинд хүрсэн түвшинг хадгалах, үндэсний балетын урлагийг хөгжүүлэхэд монгол төрийн бодлого дутагдаж байгаа энэ үед Монголын язгуур түүхтэй холбоотой сэдвээр бүтээгдсэн “Дангина” бүжгэн жүжиг бол үндэсний бүжгэн жүжгийн урлагийн урын санг баяжуулахадихээхэн хувь нэмрээ оруулахаар байна. Ерөөс хөгжмийн урлагт том хэлбэрийн, тэр дундаа дуурь, бүжгэн жүжиг туурвих ажлыг дэмжих, төрийн санд худалдан авах зорилгоор жил бүр шилдэг бүтээл шалгаруулдаг болсон хэдий ч иймэрхүү том бүтээлүүд туурвигдсан нь цөөн юм.

Эртний түүхт буриадын түүхэн хүн Барга баатрын бага хүү Хоридай мэргэнтэй холбогдох хун шувууны тухай домгоос сэдэвлэн хөгжмийн зохиолч А.Энхтайван “Дангина” үндэсний сонгодог балет /2 бүлэг, 4 үзэгдэлт / хэмээн нэрийдэн зохиосон нь Монголын бүжгэн жүжгийн урын санд түүхэн бүжгэн жүжгийн төрөлд багтаж байна.

Урлаг судлаач С.Дашдондог бүжгэн жүжгийн урлагийг үндэсний болон сонгодог бүжгэн жүжиг гэж хоёр хуваагаад үндэсний бүжгэн жүжгийн эхлэлийг домгийн сэдвээр бичигдсэн гунигт бүжгэн жүжиг болох Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” бүжгэн жүжиг хэмээн тодорхойлсон байдаг.  Харин зохиогч уг бүтээлээ үндэсний сонгодог балет хэмээн нэрлэсэн нь тохиолдлын бус юм. Монголын бүжгэн жүжгийн урлагт Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжигт сонгодог балетын бүжиглэх ур чадварт нийцсэн хөгжмийн зохиомжийн онцлог хэлбэрүүдийг оруулсан байдаг бөгөөд энэхүү “Дангина” балет-д ч мөн адил вариаци, вальс, адажио зэрэг сонгодог бүжгэн жүжгийн өвөрмөц номеруудыг оруулжээ. Хөгжмийн зохиолч уг бүтээл дээрээ ажиллахдаа балетмейстер, хөгжмийн зохиолч А.Батдэлгэртэй нягт ажиллаж, зөвлөсний үрээр сонгодог бүжгэн жүжгийн гарааны номеруудыг түлхүү оруулсан байна. Бүжгэн жүжгийн хөгжмийн зохиомжид байх эхлэл, төгсгөл, гол номерууд, завсрын хөгжим бүгд жүжгийн агуулгад багтсан байх бөгөөд Шаралдайн болон Хорилдайн вариаци зэрэг нь сонгодог балетад тогтсон 3-4 хэсэгтэй богинохон гоцлол бүжгийн номер байдаг уламжлалыг барьжээ.

Энэ балетын хөгжмийн аялгууг тусгайлан авч судлууштай санагдаж буй. Учир нь энд сонгодог балетын уламжлалт хөгжмийн илэрхийллийг дуурьслын шинэ хэлбэрээр “уянгын дуулалтай” хэмээн тодорхойлж болохуйц гаргахыг эрмэлзсэн нь хөгжмийн зохиолч өөрөө сайн дуучин, мөн дууны олон сайхан аялгуу зохиосон туршлагатай холбон авч үзэж болох талтай.  Тэрбээр энэхүү балетдаа бүжгэн жүжгийн хөгжимд буриад барга аялгыг агуулгын үндсэн санаа болгон, буриад, барга ардын дууны /”Үхэрт хүйтэн”/ аялгуу, ёохор, зээрэнхэй бөөрөнхэй зэрэг ардын дуулалт тойрон бүжгийн ая, аялгуу, хөгжмийн зохиолчийн өөрийнх нь зохиосон дуу болох “Дангина”, мөн буриадуудын аж амьдрал, хэлмэгдлийн хэцүү зовлонт цагийн тухай өгүүлсэн уран сайхны “Мойлхон” киноны хөгжмийнхөө гол сэдэв аяуудаас тус тус ашиглажээ.

Тойрон бүжиг, цэргүүдийн бүжиг зэрэг олны үзэгдлүүд, гоцлол бүжгийн номерууд орсон зэрэг нь хэрэв энэхүү бүтээлийг бүжгийн дэгээр амилуулбал өдий зэрэгт хүрсэн Монголын балетын урлагийн хөгжилд түлхэц болохуйц ач холбогдолтой нямбай бүтээл болжээ хэмээн үзэж байна.

А.Энхтайван 500 гаруй мэргэжлийн болон нийтийн дуу зохиосон, магтуу, оратори зэрэг дуулаачийн томоохон бүтээлүүд бичсэн туршлагатай хөгжмийн зохиолч юм. Хэнтийн утгийн уугуул хүү тэрээр уран сайхны ”Мойлхон”, “Дангина” зэрэг найман киноны  хөгжим зохиосон бөгөөд, Буриад аялга, Барга Буриадуудын тухай “Монголын нууц товчоо”-ноос түүхэн сэдвээр дуу, бүжгэн жүжгийн төрөл зохиогоод байна.

Хөгжим судлаач Д.Ариунаа, Д.Энхцэцэг /Ph.D/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...