Энэтхэгийн эрдэмтдийн баг жирэмсний тесттэй адил хурдан үр дүн өгөх боломжтой коронавирусийн оношлуур тест бүтээжээ. Энэхүү туршилтын оношлуур нь “Crispr” хэмээх генийг засах технологид суурилсан байна. Эрдэмтдийн тооцоолсноор “Фелуда” нэртэй уг хэрэгсэл нэг цагийн дотор үр дүнгээ өгчээ. Энэхүү цаасан оношлуур нь үнийн хувьд харьцангуй хямд, 500 рупий буюу ойролцоогоор 6.75 доллар байх гэнэ. “Фелуда”-г Энэтхэгийн тэргүүлэгч үйлдвэр “Тата”-д үйлдвэрлэх бөгөөд энэ нь дэлхийн анхны цаасан дээр суурилсан “COVID-19”-ийн оношлуур болох ажээ. Энэтхэгийн засгийн газрын шинжлэх ухааны зөвлөх, профессор Вижай Рагхаван “Энэ бол энгийн, нарийвчлалтай, найдвартай, өргөжүүлэх боломжтой, хэмнэлттэй тест юм” хэмээн BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Делид байрладаг Геномик ба интегратив биологийн хүрээлэнгийн (IGIB) судлаачид өөрсдийн болон хувийн лабораторид туршилт хийж, коронавирустэй болох нь тогтоогдсон 2000 орчим өвчтөний сорьцонд туршилт хийжээ. Тэд туршилтын үр дүнд шинэ тест нь 96 хувийн мэдрэмжтэй, 98 хувийн өвөрмөц шинж чанартай болохыг тогтоосон юм байна. Тестийн нарийвчлал нь дээрх хоёр пропорц дээр суурилдаг бөгөөд өндөр мэдрэмжтэй тест нь коронавирусээр өвчилсөн бараг бүх хүнийг илрүүлэх болно гэж судлаачид мэдэгджээ.
Энэтхэг улсад коронавирусийн халдварын зургаан сая гаруй батлагдсан тохиолдол бүртгэгдэж энэ үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Одоогийн байдлаар тус улсад 100 мянга гаруй хүн уг өвчнөөр нас баржээ. Энэтхэг улс өдгөө 1200 гаруй лабораторид өдөрт 100 мянга орчим дээжид сорилт, шинжилгээ хийж дээрх шинэ тестийг ашиглаж байгаа юм байна.
“Энэтхэгийн эрдэмдтийн шинэ туршилт нь найдвартай, хурдан бөгөөд үүнийг нарийн төвөгтэй тоног төхөөрөмжгүй жижиг лабораторид ч хийх боломжтой” гэж Дели хотын Геномик ба интегратив биологийн хүрээлэнгийн захирал доктор Анураг Агарвал BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ. “Фелуда” тестийн дээж цуглуулах нь PCR-ын шинжилгээтэй адилхан бөгөөд хамрын нүхнээс арчдас авч тухайн хүний биед коронавирус байгаа эсэхийг тогтоодог юм байна. Уламжлалт PCR-ын шинжилгээнд дээжийг магадлан итгэмжлэгдсэн лабораторид илгээж, хангалттай хэмжээний вирус олж авахаас өмнө олон үе шатыг дамждаг. Харин “Фелуда”-гийн шинэ тест нь вирусийг илрүүлэхдээ генийг засах технологийг ашиглан Crispr-Clustered Regularly Interpersaced Short Palindromic Repeats буюу Криспр кластераар тогтмол харилцан үйлчлэлцдэг богино палиндромын давталтыг ашигладаг юм байна. Судлаачдын тайлбарлаж байгаагаар энэхүү генийн найруулга нь текст боловсруулахтай ижил төстэй байдлаар ажилладаг байна. Өөрөөр хэлбэл компьютер дээр бичсэн текстийн буруу үсгийг арилгаж, зөвийг нь оруулах замаар курсор ашиглан үсгийн алдааг засахтай адил гэнэ. “Фелуда” оношлогооны тестэд дээрх криспр технологийг ашигласнаар коронавирус агуулсан генийн мэдээллийг тодотгож, цаасан дээр уншиж өгдөг аж. Тухайлбал, хоёр цэнхэр шугам нь эерэг үр дүнг илэрхийлдэг бол нэг цэнхэр шугам нь тест сөрөг гарсан гэсэн үг юм байна.
“Фелуда” бол энэ чиглэл дэх чухал алхам юм гэж Харвардын Анагаахын сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Стивен Кисслер хэлжээ. Криспр дээр суурилсан туршилтууд нь цаг хугацаа их шаарддаг, маш их хөдөлмөр зарцуулдаг PCR ба эсрэг төрөгчийн шинжилгээ хийсний дараах “туршилтын гурав дахь давалгааны” нэг хэсэг юм гэж Харвардын Дэлхийн эрүүл мэндийн хүрээлэнгийн доктор Томас Цай мөн онцолжээ. Тэрбээр “Хамгийн оновчтой бөгөөд эцсийн тест бол цаасан дээр суурилсан, хүн бүр гэрээсээ хийх боломжтой тест байх болно” гэсэн аж.
АНУ, Их Британид хэд хэдэн компани, судалгааны лабораториуд хямд, бөөнөөр үйлдвэрлэх боломжтой ижил төстэй цаасан тууз оношлуурыг туршилтыг журмаар боловсруулж байгаа юм байна. Тэдгээрээс хамгийн анхаарал татаж байгаа нь АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA)-ны яаралтай тусламжийн зориулалтаар үйлдвэрлэсэн “Sherlock Bioscience” компанийн боловсруулсан цаасан дээр суурилсан тууз юм. Туршилтаар “аливаа организм, эмгэг төрүүлэгчдээс ямар ч ДНХ, РНХ дарааллын өвөрмөц генетикийн “хурууны хээ”-илрүүлэх болно гэж тус компанийн эрдэмтэд мэдэгджээ.
“Бид энгийн, хямд, үнэхээр баталгаатай тест хийхийг хичээж байгаа тул өргөн тархсан туршилт нь техник технологи, хүн хүчээр хязгаарлагдахгүй” гэж доктор Чакраборти хэлжээ. “Энэтхэгт энэ туршилтын үнэ цэнийг харуулах боломж байна. Учир нь ийм олон хүн амтай бөгөөд яг хэрэгтэй үе ирээд байна” гэж доктор Кисслер хэллээ. Түүний хэлснээр энэхүү цаасан оношлуур тестийн үр нөлөө батлагдвал энэ нь дэлхий даяар коронавирусийн эсрэг хийж буй тэмцэлд шийдвэрлэх, асар том доргилт өгөх өөрчлөлт гаргах аж. Вакцин нь цар тахлаас бүрэн ангижрахад чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой боловч найдвартай, хүртээмжтэй шинжилгээ нь “хэвийн байдлыг мэдрэх” гол түлхүүр гэж Энэтхэгийг эмч, судлаачид үзэж байгаа юм. Тиймээс “Хамгийн хялбар арга хэлбэрээр коронавирусийн шинжилгээ өгөх нь шүдээ угаах эсвэл шарсан талх хийхтэй адил амархан байх болно” гэж тэд онцолжээ.