Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн сурталчилгаа эхлээд тав хонож байна. УИХ-ын сонгуулийг бодвол хамгийн олон нэр дэвшигчтэй, олон тойрогтой, басхүү нэг нэр дэвшигч хоёр шатны сонгуульд давхар хүч үзэх боломжтой гээд орон нутгийн сонгууль нэлээд онцлогтой. Энэ жилийн орон нутгийн сонгуулийн сурталчилгаа, сунгааны эхэнд тодорсон нэр дэвшигчдийг нь харах юм бол гишүүд, сайд, дарга нарын туслах, зөвлөхүүд, эхнэр хүүхдүүд, УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон гомдогсод, горилогсод дийлэнх байгаа ажээ. Товчхондоо бол цүнх баригчдын арми “хоолондоо орох”-оор жагсаж байгаа ч гэж болно. Ийнхүү цүнх баригчид бөөн бөөнөөрөө нэр дэвшиж байгаа нь бүх шатны ИТХ-ын сонгуулийн ач холбогдол, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үүргийг хэт доогуур үнэлж байгаагийнх гэлтэй. Хэрвээ цүнх баригчид олноор сонгогдох юм бол орон нутгийн хурлууд памперстай улстөрчдийн ясли, сувилал болж хувирч мэдэх дүр зураг харагдаж байна.
Тухайлбал, НИТХ сонгуулийн Хан-Уул дүүрэг дэх 20-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Б.Одсүрэн бол тийм нэр дэвшигчдийн нэг, баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийн төлөөлөл. Тэрбээр 20 насандаа анхны компаниа байгуулж, агаарын тээвэр зуучлалын чиглэлээр Монголдоо анхны хувийн хэвшлийн нэгийг хөл дээр нь босгож байсан нэгэн. Мөн Үндэсний төв номын сангийн электрон номын сангийн системийг бүрдүүлж, соронзон туузат картыг зах зээлд анх нэвтрүүлж байжээ. Барилгын салбарт канад хаусын технологийг нэвтрүүлж, олон олон оффис, орон сууц, эмнэлэг, сургуулийн барилгыг ашиглалтад оруулсан бөгөөд эдгээрээс mall концепцийг улаанбаатарчуудад хамгийн түрүүнд танилцуулж, шинэ соёлд түүчээлсэн “MetroMall” их дэлгүүрийг үүсгэн байгуулсан нь Б.Одсүрэнгийн нэрийн хуудас болжээ. Ганзагын наймаанаас гараагаа эхэлсэн түүний бизнес орчин үеийн мэдээллийн технологид суурилсан барилга, уул уурхай, хайгуул шинжилгээ, боловсрол, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн түрээс зэрэг есөн том компанийг багтаасан, 400 гаруй ажилтан, ажиллагсадтай “Метро девелопмент” групп болон өргөжжээ.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг улстөрчдийн үг хоосон уриа, лоозон төдий сонсогдох болсон энэ цаг үед Б.Одсүрэн шиг жинхэнэ үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид чимээгүйхэн хийж бүтээсээр яваа. Тэд бол Монгол Улсын сүүлийн 30 жилийн бүтээн байгуулалтыг гардан хийж, улс орныхоо хөгжлийг урагш хөтөлж яваа хүмүүс. Тиймээс
олон нийт шат шатны ИТХ-д цүнх баригчдыг биш цүнх үйлдвэрлэгчдийг өөрөөр хэлбэл баялаг бүтээгчдийг сонгох нь тодорхой болжээ.