Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-аас олон тооны ажилчид оруулж ирж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян: -Гадаад байгаа иргэдээ эх орондоо авч ирэхээс гадна томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцох гадаад ажилчид, олон улсын тендер шалгаруулалтын журмаар шалгарсан гадаадын аж ахуйн нэгжүүдийн мэргэжилтнүүдийг тусгай төлөвлөгөөний дагуу татан авч байгаа. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, Засгийн газраас гаргасан шийдвэр, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гэх мэт баримт бичгүүдийг үндэслэж байгаа. БНХАУ-аас ирж байгаа ажилчдыг Замын-Үүдийн боомтоор нэвтэрмэгц цагдаагийн хамгаалалт дор тусгаарлах байр руу тээвэрлэж байгаа. Тусгаарлагдах хугацаа нь манай иргэдтэй адилхан 21 хоног. Тусгаарлагдах хугацаа нь дуусахад коронавирусийн шинжилгээ авч бүтээн байгуулалтын ажилд нь оролцуулж байгаа.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн: -Улсын хилээр зорчигчдийг зөвхөн Засгийн газрынэ шийдвэрийн дагуу бүрэн хянаж нэвтрүүлж байгаа. Хил хамгаалах байгууллага хяналт шалгалтгүйгээр олон хүнийг хил нэвтрүүлж оруулж ирлээ гэсэн мэдээлэл сүүлийн үед гарах боллоо. Хил хамгаалах байгууллага цар тахлын энэ үед үүргээ бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Хил хамгаалах байгууллагын үйл ажиллагааг гүтгэсэн энэхүү үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандаж байгаа. Манай улсын хилээр олон улсын тээврийн жолооч, дипломат ажилчид, тэдний гэр бүл, улс орны бүтээн байгуулалтад оролцох гадаадад ажилчид л өндөр хяналтан дор нэвтэрч байгаа. Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэргүйгээр нэг ч хүнийг хил нэвтрүүлсэн тохиолдол байхгүй.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр: -Цар тахлын улмаас манай улсад зорчих хүсэлтэй гадаад иргэдийн тоо эрс багассан. Тэр тусмаа хүмүүсийн ярьж байгаа шиг гадаадын иргэд хууль бусаар хил нэвтэрч орж ирсэн тохиолдол байхгүй. Одоо бол Засгийн газрын шийдвэрээр Улсын онцгой комисс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын шаардлагыг хангасан хүмүүст л виз олгож байгаа. Монгол Улсын хилээр нэвтэрч байгаа болон энд хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэд манай байгууллагын бүрэн хяналтад байгаа.
Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд: -Цагдаагийн байгууллагад Улсын онцгой комиссын шийдвэрээр хараал хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд ямар нэгэн хууль зөрчигдсөн асуудал гараагүй. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа буруу ташаа мэдээлэлтэй холбогдуулан манай байгууллага хяналт шалгалт явуулна.