Их аварга Какүрюү лхагва гарагт Токиогийн Сүмида тойрогт байрлах Мичинокугийн дэвжээнд бэлтгэлээ базааж байгаа нь.
Японы мэргэжлийн сүмогийн намрын барилдаан Аки башё маргааш буюу есдүгээр сарын 13-ны ням гарагт Токио хотноо “Рёогоку Кокүгикан” ордонд эхэлнэ. Энэ сарын башё сүүлийн 37 жилийн түүхэнд анх удаа их аваргуудгүй башё эхлэх нь тодорхой болжээ. Учир нь сүмогийн ертөнцийн дээд цолыг эзэмшиж буй монгол бөхчүүд болох их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар Аки башёд зодоглохгүй гэдгээ өчигдөр буюу баасан гарагт мэдэгджээ.
Их аваргууд хоёулаа бэртлийн улмаас өнгөрсөн долоодугаар сарын башёг дуусгалгүй өнжсөн. Тэдний бэртгэл бүрэн эдгэрээгүй учир ийнхүү есдүгээр сарын башёг өнжих хүндхэн шийдвэр гаргасан байна. Их аварга Какүрюү М.Анандын хувьд тохойндоо авсан хүнд бэртлийн улсаас сүүлийн нэг жилийн дотор тав дахь башёгоо өнжиж байгаа нь энэ юм. Тэрбээр 2019 оны есдүгээр сарын башёгийн найм дахь өдөр, арваннэгдүгээр сарын башёгийн эхний өдөр, энэ оны нэгдүгээр сарын башёгийн тав дахь өдөр, долоодугаар сарын башёгийн хоёр дахь өдөр тус тус бэртлийн улмаас барилдаанаа цааш үргэлжлүүлж чадалгүй өнжих байсан юм. Хакүхо М.Даваажаргал их аваргын хувьд сүүлийн нэг жилийн дотор дөрөв дэх башёгоо өнжихөөр болоод байна. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сар, энэ оны нэг, долоодугаар сарын башёг өнжсөн бөгөөд өнгөрсөн оны арваннэг, энэ оны гуравдугаар сарын башёд тус тус түрүүлсэн билээ. Тэрбээр өвдгөндөө бэртэл авсан нь амжилттай барилдахад нь сөргөөр нөлөөлж буй аж.
Их аварга Хакүхо М.Даваажаргал 44 удаа, их аварга Какүрюү М.Ананд зургаан удаа мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлж Японы эзэн хааны цомыг гардаад буй хүчтэнүүд юм. Энэ жил хоёулаа 35 настай их аваргууд ийнхүү хүнд бэртлийн улмаас өнжих болсноор озэки Асанояма, Такакейшо нар башёг тэргүүлэн барилдах нь.
Их аварга Хакүхо М.Даваажаргал наймдугаар сарын 13-нд баруун өвдгөндөө дурангийн мэс засал хийлгэсэн боловч есдүгээр сарын башёд барилдах хэмжээнд хангалттай эдгэрч, тэнхрээгүй байгаа хэмээн “Миягино” дэвжээний эзэн Чикүбаяма онцолсон байна. Тэрбээр “Хакүхо их аварга есдүгээр сарын тэмцээнд оролцохыг хүссэн боловч хангалттай эдгээгүй байна. Тэрбээр башёг өнжих болсондоо сэтгэл дундуур байгаа” гэжээ.