Яармагийн бяцхан Пикассонууд
Авьяасын галерейгаас буцаж явна. Идэр есийн жавар хацар чимчигнүүүлж, гэр хорооллын гашуун утаа хоолой хорсговч сэтгэл цаанаа л нэг өег, дулаахан оргино. Бяцхан хүүхдүүдийн өхөөрдөм гараар зурсан, амьдралын баяр баясгалан, өнгө, гэрэл дүүрэн зургууд нүдэнд харагдсаар… Ерөөсөө тэр зургуудыг урлагийн тэнгэр хүүхдийн дүрд хувилан бууж ирээд зурсан байх гэмээр. Сэтгэлийн зотон дээр авьяасын гэрлээр таталгасан олон сайхан зургуудыг бүгдийг нь уншигч танд толилуулж чадахгүйдээ харамсах сэтгэл төрнөм. Гэвч бийрээр зурснийг үгээр дүрслэх гэж хичээсүү.
Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” хэмээх алдарт дуулийг есдүгээр ангийн сурагч хүү Данзандагва зурагт буулгажээ. Хүүшийн өвөлжөөнд чандмалж буусан гурван гэр, үүлэнд умбасан ян халилд ганцаар зогсоо хөгшин тэх, тэртээ дээр олзоо хүлээн эргэлдэх өлөн бүргэд… Явуу найрагчийн дууль шүлгийн зураглал яг мөн дөө. Гэхдээ үүнийг олон л зураач зурсан байх. Харин Данзандагвын зургийн ялгарах зүйл нь дээр өгүүлсэн бодит дүрслэлийн зэрэгцээ хийсвэрлэл байгаад оршино. Өөрөөр хэлбэл тэрээр амьдралынхаа сүүлчийн оргил дээр зогсоо хөгшин тэхийн бодол, дурсамжийг зурж чаджээ. Хөгшин тэхийн ард хөх тэнгэрийн дэвсгэр дээр бодлыг нь зурсан нь анхаарал татна. Эхээсээ дөнгөж төрсөн жаахан ишиг байсан үеэсээ эхлээд ижил олон нөхөдтэйгөө эрхэлж тоглож явсан идэр нас, араатан чононд хөөгдсөн ч эр чадлаараа амьд үлдэж чадсан агшин, тэр ч байтугай анчны бууны овоо хараанд өртөж явсан тухайгаа харлаг тэх бодож байх ажээ. Жирийн сонирхогчийн нүдээр харахад сурагч хүү энэ бүтээлдээ монгол зургийн нэг хавтгай дээрх дэлгэмэл зургийн аргыг өрнө дахины урлагт түгээмэл тохиолдох хийсвэрлэлтэй чадмаг хослуулсан гэмээр. Энэ мэтчилэн хүүхдүүдийн зурсан зургуудыг “унших” аваас ёстой л нүд баясч, сэтгэл сэргэх ажээ.
Пүрэвдулам охины зурсан “Амралтын нэг өдөр” зураг л гэхэд Марзан Шаравын “Монголын нэг өдөр” зургийг санагдуулам атлаа цаанаа л нэг шинэлэг, өвөрмөц. Тэр нь чухам юундаа гэдгийг ч онож хэлэхэд хэцүү. Үүгээрээ урлаг үнэ цэнтэй байдаг. Тэгвэл наймдугаар ангийн сурагч Урангоогийн зурсан “Бүжигчид” зураг Эдгар Дегагийн цэнхэр бүжигчдээс тэс өөр. Ер нь энэхүү галерейг үзэж байхад Яармагийн бор жаалууд дунд ирээдүйн Пикассо, Дали, Ван Гог, Матисс, Цэвэгжав, Одон, Цүлтэм, Соосой, Саранцацралт бүгд байх шиг санагдсан билээ. Миний анзаарсан юм гэвэл хүүхдүүдийн зураг бүхэн өөр өөр зохиомж, өгүүлэмжтэй, өөр өөр хэлтэй, өөр өөр өнгө аястай ажээ. Аливаа багшийн шавь нар, эсвэл нэг дугуйлан, урлангийнхан ерөнхийдөө адилавтар байх нь бий. Тэгвэл П.Энхбаяр багшийн шавь нар тийм биш ажээ. Тэс ондоо мэдрэмжтэй, эрс өөр сэтгэлгээтэй нь олзуурхмаар. Энэ олзуурхал маань П.Энхбаяр багштай уулзан ярилцах мөчид илүү гүнзгийрч, эрхэм багшаар, түүний шавь нараар бахархах сэтгэл төрсөн юм. Хан-Уул дүүргийн “Цэцээ гүн” цогцолбор сургууль буюу олны нэрлэж заншсанаар Яармагийн 60 дугаар сургуульд ийм нэгэн эгэл жирийн багш, тийм л олон авьяаслаг шавь нараараа хүрээлүүлэн, урлахуйн урам бадраан, сэтгэхүйн царааг тэлж, урлагийн ертөнц, хүүхдийн ертөнцөд гэрэл гэгээтэй амьдарч суудаг ажээ.
Авьяасын эрэлчин
П.Энхбаяр багш 31 дэх жилдээ самбарын өмнө зогсч байгаагийн 17 жилийг нь Яармагт, 60 дугаар сургуульдаа хүүхэд багачуудын шуугиан, бийр, будгийн цалгиан дунд үджээ. Чухам л Яармагийн гэрэл гэгээг тэрээр олж харсан гэлтэй. Тэр гэрэл гэгээ нь мэдээж хүүхдүүд.
Эгэл боргилхон амьдрал дундаас эгэлгүй нандин зүйлийг олж харж чадсанаараа өнөөдөр П.Энхбаяр багш өөрийн гэсэн түүхийг бүтээжээ. “Авьяастай хүүхэд маш ховор байдаг. Хэрвээ авьяасын гялбаатай хүүхэд олдож гэмээнэ түүнийг маш нандигнах хэрэгтэй” хэмээн тэрээр хэлсэн нь учиртай. П.Энхбаяр багш 30 гаруй жил зураг-хөдөлмөр, дүрслэх урлаг-зураг зүйн багшаар ажиллахдаа ийм л ховор эрдэнийн эрэлд хатаж яваа ажээ. Түүний эрэл хоосон байсангүй. Яармагийн 60 дугаар сургуулиас олон арав, хэдэн зуугаар тоологдох авьяаслаг хүүхэд багачууд төрөн гарчээ. Яармагт багшилсан 17 жилийн дотор 600 гаруй хүүхдэд зураг, дүрслэх урлагийн хичээл зааснаас 150 нь түүний гарын шавь. Энэ тооны цаана дүрслэх урлагаар хүмүүжиж, гоо зүйн боловсрол олж авсан хүүхэд, багачуудын ирээдүйн сонголт, амьдралд хандах хандлагын төлөвшилд П.Энхбаяр багшийн үлдээсэн тод ул мөр, нөлөөлөл байгаа. Товчхондоо бол тэрээр нэг талаар хүүхэд бүхнийг зураач болгохыг нэгдүгээрт тавьдаггүй. Харин хүүхэд бүрийг зөв хүн болгон хүмүүжүүлэхэд л хичээлийнхээ агуулга, зорилгыг чиглүүлдэг ажээ. Гэхдээ дүрслэх урлагийн жинхэнэ авьяастай хүүхдийг олж, нээж, түүнийг хөгжүүлнэ гэдэг П.Энхбаяр багшийн хувьд багш мэргэжил эзэмшсэнийх нь нэг утга учир, зорилго нь. Түүний нэг онцлог нь хүүхэд бүрт тохирсон аргаар хичээлээ явуулдаг байна. П.Энхбаяр багшийн хичээлээс нэг ч сурагч хоцордоггүй, түүнийг хичээлээ зааж байхад ямар ч багш, тэр байтугай захирал, хичээлийн эрхлэгч нь ч гаднаас орж очиж зүрхэлдэггүй гэсэн. Тийм л эрхэмсэг, тийм нандин эмзэг орчинг тэрээр бүрдүүлж чаддаг байна. Хичээлийг тэгж хүүхдийн сэтгэлд хоногштол, тархи оюунд нь гэгээ таттал зааж, урлагийн гоо сайхнаар бяцхан зүрхийг нь догдлуулна гэдэг багш хүний авьяас бизээ.
Дүрслэх урлаг-зураг зүйн багшийн хувьд П.Энхбаяр багш шавь нараа юуны өмнө түвшингээр нь ангилж, түүндээ тулгуурлан заах аргаа тодорхойлдог байна. Тухайлбал хүүхдүүдийг туршиж, судалж үзсэний үндсэн дээр авьяастай, хөгжүүлэх шаардлагатай, жирийн гэж гурав ангилна.
Ингээд авьяастай хүүхдийг цаашид хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор гүнзгийрүүлсэн сургалтаар хичээллүүлдэг гэнэ. Харин хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн хүүхдүүдийг бол зурах, бичих ур чадварыг нь улам сайжруулж, хөгжүүлэхэд анхаарна. Жирийн гэдэг ангилалд багтах хүүхдүүд бол огт авьяасгүй гэсэн үг биш. Харин тэд математик, уран зохиол, хими, физик зэрэг өөр хичээлд авьяастай хүүхдүүд байж болно. Тийм хүүхдүүдийн хувьд заавал зураач бол гэхгүй ч гоо сайхны мэдрэмж олгох, аливаад уран бүтээлчээр ханддаг болгох, уран зургийг амьдралдаа хэрэглээ талаас нь ашигладаг болоход нь туслахыг зорьдог байна.
П.Энхбаяр багш дээрх ангилалдаа тулгуурлан, боловсролын стандарт түвшинд тохируулан өөрийн гэсэн нэмэлт хөтөлбөрийг боловсруулжээ. Авьяастай хүүхдүүдээр хар болон өнгөт зургийн натюрморт зуруулахаас эхлээд зохиомжийн хуулиудыг заах, байгальд аялуулж, уран бүтээл туурвиулахад нь анхаардаг ажээ. Хөгжүүлэх шаардлагатай хүүхдүүдэд мэдрэхүйн дасгал, харааны дасгал хийлгэж, өнгө ялгуулж сургах гэх мэтээр шат дараатай уйгагүй ажиллана. Жирийн хүүхдүүдээр бусдынх нь бүтээлд үнэлэлт дүгнэлт өгүүлэх, тухайн бүтээлээс төрсөн сэтгэгдлээр зохион бичлэг, шүлэг бичүүлэх зэргээр урлагийн мэдрэмжийг нь хөгжүүлэхэд түлхүү анхаардаг байна. П.Энхбаяр багш дээрх аргаараа шавь нараа судалж үзэхэд өнгөрсөн 2011-2012 оны хичээлийн жилд 60 дугаар сургуулийн 7-8-р ангийн 225 хүүхдээс авьяастай 5, хөгжүүлэх шаардлагатай 35, бусад нь жирийн гэсэн ангилалд багтахаар байжээ. Тэгвэл 2012-2013 оны хичээлийн жилд 7-8-р ангийн 231 хүүхдийн 10 нь авьяастай, 39 нь хөгжүүлэх шаардлагатай гэсэн ангилалд багтсан байна. Эндээс харахад авьяастай болон хөгжүүлэх шаардлагатай хүүхдийн тоо өссөн ахицтай дүн байгаа ажээ. П.Энхбаяр багш ийнхүү авьяасын эрэлд уйгагүй хатаж, эрснээ олохын баярт сэтгэл дүүрэн яваа нэгэн билээ.
“Улаан алим” хазахуй
П.Энхбаяр багш 2011-2012 оны хичээлийн жилд 60 дугаар сургууль дээрээ “Улаан алим” уран зургийн клуб байгуулан хичээллүүлж эхэлжээ. Алим бол дүрслэх урлагт хамгийн өргөн хэрэглэгддэг дүрслэгдэхүүн. Нөгөө талаар час улаан, шүүслэг алимыг хазахын адилаар хүүхдүүд урлагийн амтанд ороосой гэсэн бэлгэдлээр клубтээ ийм нэр өгчээ.
Одоо “Улаан алим” клубт 7-8-р ангийн 54 хүүхэд хичээллэж, хичээлээс гадуурх ажлын хүрээнд уран зураг, дүрслэх урлагийн мэдэгдэхүүн эзэмшиж байна. Клубээ нээснээс хойш жил гаруйн хугацаанд П.Энхбаяр багш шавь нарынхаа зургийн үзэсгэлэнг сургууль дээрээ хоёр ч удаа гаргажээ. Тэр бүхэнд хүүхдүүд асар их урам авдаг байна. Зурсан зургийнхаа дор “Зураач тэр” гээд нэрээ бичихдээ хүүхдүүд тун сэтгэл хангалуун, урам зоригтой байдаг хэмээн П.Энхбаяр багш ярьсан юм. Хүүхдүүдийнх нь ур чадвар сайжирч, хийсвэрлэх сэтгэлгээ хөгжиж байгааг зурсан зургуудаас нь харах бүртээ тэрээр юутай ч зүйрлэшгүй баярладаг гэнэ. Саяхан гурван шавь нь техник, технологийн дүүргийн олимпиадад амжилттай оролцож мөнгө, хүрэл медаль хүртэн, улсын олимпиадад оролцох эрх өвөртөлсөн нь багшдаа барьсан том бэлэг гэнэ.
“Улаан алим” клубийнхэн жилд 1-4 бүтээл хийж түүнийгээ үзэсгэлэнд тавьдаг. П.Энхбаяр багшийн хувьд шавь нартаа “Улаан алим” клубын гишүүн гэсэн батламж үнэмлэх олгодог бөгөөд хүүхэд бүрийн нэрээр каталоги нээн бүх бүтээлийг нь бүртгэлжүүлэн хадгалдаг байна. Сургуулиа төгссөнөөс хойш олон жилийн дараа шавь нар нь ирээд өөрийн бага ангид байхдаа зурсан зургаа үзэж ихэд баяр хөөр болдог гэсэн. Мөн хүүхдүүдийнхээ зурсан зургаар ил захидал хэвлэх санаа төрж, түүнийгээ ажил хэрэг болгожээ. Сургуулийнхаа хэвлэх төхөөрөмжөөр сурагчдынхаа зурсан зургийг ил захидал болгон хэвлэж, гадна дотны зочид, төлөөлөгчид, хамтран ажилладаг байгууллагууддаа бэлэглэдэг гэнэ. Энэ бүхэн нь зураач багачуудад мөн л том урам болдог байна.
Уран зурагт урам бадраасан “Улаан алим” клуб П.Энхбаяр багшийн хувьд энэ чиглэлээр санаачилж хэрэгжүүлсэн ажлын анхных нь биш. Тэрээр 1994 онд улсын хэмжээнд анх удаа зураг урлал-дизайны гүнзгийрүүлсэн сургалттай ангийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг санаачлан боловсруулж байжээ. Ингээд энэ хөтөлбөрийнхөө дагуу 60 дугаар сургууль дээр 1994 онд зураг урлал-дизайны гүнзгийрүүлсэн сургалттай анхны нэгдүгээр ангийг нээн хичээллүүлж, 2004 онд төгсгөсөн байна. Энэ ангийн сурагчдын дүрслэх урлагийн чиглэлээр гаргасан амжилт тун өндөр.
Олон улсын хүүхдийн зургийн уралдаанд П.Энхбаяр багшийн шавь нар амжилттай оролцон гранпри шагналаас эхлээд 10 гаруй алт, 35 мөнгө, 60 орчим хүрэл медаль хүртэж байжээ. Энэхүү гүнзгийрүүлсэн сургалттай ангийн сурагчид бүгд зураг, урлал, дизайн, инженерийн чиглэлээр их дээд сургуульд амжилттай суралцаж төгссөн байна. Даяарчлалын эринд хүний заяагдмал чанар алдагдаж, мэдээллийн технологийн хэт их хурд дунд байгаллаг сэтгэлгээ, мэдрэмж гээгдэн, хатуу хахир болж байгааг халаглахаас өөрийг бид хийж чадахгүй л суугаа. Гэтэл Яармагийн жирийн нэгэн сургуулийг уран зургийн галерей болгох чин хүсэлд хөтлөгдсөн эгэлхэн багш авьяасын эрэлд хатаж, эрснээ олж, хүүхэд хэмээх гэгээн ертөнцийн хиргүй тунгалаг бүхнийг нээн тольдож, урлагийн гоо сайхнаар ирээдүйг замчилж явна. Утаатай, хүйтэн, хоцрогдсон гэдэг ч Яармагт гэрэл гэгээ байгааг П.Энхбаяр багш өөрийн олон жилийн хөдөлмөрөөрөө харуулжээ. Яармаг очсон хүн бүхнийг П.Энхбаяр багшийн хүүхдүүдийн урлангаар зочилж, “Улаан алим” амталж, авьяасын галерейд тухлан саатаарай гэж урья. Тэнд ирээдүйн олон олон Пикассо бэхэнд халтартсан гараараа бийр барин хүсэл мөрөөдлөө зурж суугаа.
Сэтгүүлч Г.Сонинбаяр. 2013 он.
Холбоотой мэдээллийг эндээс: Сэтгүүлзүйн шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа https://news.mn/r/622695/