Saturday, November 23, 2024

Чингис хааны хөшөө дурсгалууд

Date:

БНХАУ-ын CCTV-ийн монгол хэл дээрх сайт Чингис хааны хөшөө дурсгалуудыг онцолжээ. Тус сайт “Дэлхийн олон газарт Чингис хааны хөшөөг бид олж харж болно. Түүний сүрлэг хөшөөний өмнө зогсоход үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж танд олон зүйлийг хүүрнэн өгүүлэх болно. Газар газрын урчуудийн бүтээсэн эдгээр хөшөөнөөс та их хааны цаг үе, үлгэр түүхийг мэдэрнэ” хэмээсэн өмнөтгөлтэйгөөр Чингис хааны хөшөө дурсгалуудаас тоймлон танилцуулжээ. Уг зурагт танилцуулгад Монгол Улс дахь Чингис хааны хөшөө дурсгалын зарим нь багтаагүй аж. Тиймээс Монголд төдийгүй дэлхийд хамгийн анх боссон Чингис хааны хөшөө болох их хааны төрсөн нутаг Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Гурван нуурын хөвөөнд сүндэрлэн буй гэрэлт хөшөө болон Чингис хот дахь морьт хөшөөг эхлээд танилцуулъя.

Гурван нуур дахь гэрэлт хөшөө

Хүн төрөлхтөний хоёр дахь мянганы хүн, их эзэн Чингис хаанд зориулсан хамгийн анхны гэрэлт хөшөө Гурван нуурын дунд нуурынх нь хойт дэнж дээр сүндэрлэн байдаг. Энэхүү хөшөөг 1962 онд их хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан нэрт эрдэмтэн, улстөрч Д.Төмөр-Очирын санаачилгаар МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны шийд­вэр гарч, уран барималч Л.Махбалын удирдлагаар барьж босгожээ. Хөшөө 12 метр өндөр, 10 метр суурийн өргөнтэй, дөрвөн метр зузаан. Монголчууд эрт­нээс нааш галыг бадран мандахын бэлэг тэмдэг гэж үздэгтэй холбон, бадам­лан асаж буй галыг бэлэгдэн дүр­сэлсэн байдаг. Хөшөөний урд талд Чингис хааны босоо хөргийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг төв шударгуу байдлаар ховилдуулан сийлж гаргасан буй. Чингис хааны бо­соо хөргийн баруун дээд хэсгээс тө­рийн цагаан сүлдийг цухуйж байгаа байд­лаар дүрслэн Чингис хааны зүүн талд Алд бие минь алжааваас алжаатугай Ахуй төр минь бүү алдартугай хэ­мээсэн алдарт сургаалыг нь монгол бичгээр бичсэн байдаг. Есүхэй баатрын гэрийн буурь Дунд нуурын дунд хэсэгт байсан гэж үздэг учраас энэхүү гэрэлт хөшөөг Гурван нуурын хөвөөнд босгосон түүхтэй. 

Чингис хотын төв дэх морьт хөшөө

Хэнтий аймгийн төв Чингис хотноо сүндэрлэн буй их хааны морьт хөшөө бол сүүлийн 30-аад жилд баригдсан Чингис хааны хөшөө дурсгалуудын нэг томоохон нь юм.

Ингээд БНХАУ-ын CCTV их эзэн Чингис хааны хөшөө дурсгалуудыг талаар хэрхэн тоймлосныг танилцуулъя.

Чингис хааны хөшөөт цогцолбор

Монгол Улс. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдог хэмээх газар орших Чингис хааны морьт хөшөө, цогцолборыг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн билэгдэл болгон бүтээжээ. Өдгөөгөөс олон зууны тэртээ морин дээрээс Их Монгол Улсыг байгуулж, Дэлхийн олон улс гүрнүүдийг нэгтгэн захирч байсан их хааны 40 метрийн өндөртэй морьт хөшөө салхи илбэсэн тэгш өндөрлөг тал газарт сүндэрлэн байх ба хөшөөг 250 тонн ган төмрөөр бүржээ.

Чингис хааны суудалдаа заларч буй хөшөө

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод орших тус хөшөө нь Засгийн газрын ордны өмнө байрладаг. Түүний хоёр талд шадар хөлөг баатруудын нь морьт хөшөө мөн бий. Аливаа баяр ёслол тэмдэглэлт өдрүүдэд ард иргэд хүндэтгэл илэрхийлдэг бол гадаадын өндөр дээд хэмжээний төлөөллөгчид тус хөшөөнд мэхийн ёслодог.

Чингис хааны хүрэл хөшөө

Англи улс. Лондон хотын төв. Хамгийн их хүн хөлхдөг хэсэгт Чингис хааны том хүрэл хөшөөг тодорхой хугацаанд байрлуулж байсан байна. 5метр өндөр их хааны тус хөшөөг ОХУ-ын Буриадын улсын уран барималч Даши Намдаков урлан бүтээсэн юм. Тэрээр энэ хөшөөг урлахдаа түүхэн, хувь хүн гэдэг талаас нь бүтээгээгүй. Тэнгэрээс бууж ирж буй бурхан мэтээр дүрсэлсэн. Түүний морийг үлгэр домгийн юм шигээр бүтээсэн. Баатар эр нь жирийн хүн биш бурхан гэж бодож урласан гэж хэлж байжээ. Тус хөшөөг өнгөрсөн онд Монгол Улс худалдан авсан байдаг бөгөөд одоогоор тодорхой газар байрлуулаагүй юм байна.

Шиньжяний Чингис хааны морьт хөшөө

Хятад улс. Шиньжяний Дөрвөлжин хотод байх Чингис хааны хүрэл хөшөө нь жаргах нарны туяанд буурал түүхийн улбаагаар гялалзана. Ази Европийг дамнасан Монгол эзэнт гүрний их цэрэг үүгээр өнгөрсөнийг илтгэж энэхүү хөшөө энд ихэмсэгээр сүндэрлэнэ.

Гирин мужид байх Чингис хааны босоо хөшөө

Хятад улсын Гирин мужид дэлхийд хамгийн өндөрт тооцогдох Чингис хааны босоо хөшөө байдаг. Тус газрын ажилтан энэхүү хөшөөний өндрийг 22 метр, өргөн нь 4 метр орчим гэж мэдээлж байжээ.

Турк улс дахь дурсгалын хөшөө

Турк улсын Анкара хотод Чингис хааны дурсгалын хөшөө бий. Энэ хөшөөг 2006 онд Чингис хааны мэндэлсэний 800 жилийн ойд зориулан босгожээ. Тус улсад очсон гадна дотны төлөөллөгчид хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг байна.

Нум харваж буй Чингис хааны хөшөө

Хятад улс. ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны музейн өмнө Чингис хааны морин дээрээс нум сум харваж буй хөшөө сүндэрлэж байдаг.

Хянган аймаг. Чингисийн хөшөө

Хятад улс ӨМӨЗО-ны Хянган аймгийн Улаан хотод Чингис хааны сүмийн төв дунд орших гантиг чулуун дээр суурилсан 2,8 метр өндөр 2,6 тонн хүнд хөшөө бий. Чингис хааны хөшөөний энэхүү хөшөөг хүрлээр цутгажээ.

Цасаар бүтээсэн Чингис хааны хөшөө

Хятад улс. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаарт болсон мөсны баяраар цасаар урласан Чингис хааны хөшөө олны сонирхолыг ихэд татжээ. Энэ нь Чингис хааны хөшөөг цасаар барьсан анхны тохиолдол гэж хэлж болно.

Уулын оргил дахь Их хааны хөшөө

Хятад улсын ӨМӨЗО-ны Жирэм аймаг. Хуйлын голд орших Чингис хааны хөшөөт цогцолбор. Хөшөөний өндөр 50 метр бөгөөд цогцолбор нь уулын ам, чонын зам, цэргийн жагсаал, монгол хаад гэх 4 хэсгээс бүрддэг.

Элсээр урласан Чингис хааны хөшөө

 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуурын Үүхайд элсээр бүтээсэн Чингис хааны хөшөө бий. Магадгүй элсээр урласан энэ бүтээл нь дахин давтагдашгүй байж мэднэ.

Чингис хааны хөшөөт музей

Хятад улс. Баяннуур аймгийн Үүхайд байх их хөшөө. Далайн түвшнээс дээш 1805 метрт орших Гандар уулын ноён оргилд Чингис хааны энэ хөшөө сүндэрлэдэг. Хөшөөний дотор түүхийн музей байрладаг бөгөөд газраас ил гарсан хэсэг бүхэлдээ Чингис хааны хөшөөнөөс бүтнэ.

Элсэн дундах Чингис хааны хөшөө

Хятад улс ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Баданжириньд элсэнд Чингис хааны хөшөө байдаг.

Ордос дахь Чингис хааны хөшөө

Хятад улс. Ордос хотын эзэн хороо хошуунд байх Их хааны онгон дахь Чингис хааны хөшөө

Морьт цэргүүдтэй Чингис хааны хөшөө

Хятад улс. ӨМӨЗО-ны Ордос хотын өндөр хөгжилтэй газар болох Хияа багш тойрогт орших уудам талбайд морьт цэргүүдийнх хамт бүтээсэн Чингис хааны хөшөө байдаг.

Туг сүлдтэйгээ Чингис хааны хөшөө

 Хятад улс. Өвөр Монголын их сургуулийн хүрээнд байх Чингис хааны морьт хөшөө.

Чингисийн морьт хөшөө

Хятад улс. ӨМӨЗО-ны Хөх хотын Чингисийн өргөн чөлөөнд орших Чингис хааны морьт хөшөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...