Сэтгүүлч Г.Сонинбаяр
Монголын их хурдны өлгий нутгийн нэг бол Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум. Хэнтийн Галшар, Дорноговийн Дэлгэрэх, Сүхбаатарын Түвшинширээ гээд гурван аймгийн хил залгаа сумд эртнээс хурдан адууны угшил сайтай. Түвшинширээ сум 300 гаруй жилийн өмнөөөс Халхын Сэцэн хан аймгийн Эрх гүн Хардэл бэйсийн хошуунд харьяалагдаж байсан түүхтэй. Ардын хувьсгалын эхэн үеийн Хан Хэнтий уулын аймгийн Хардэл жанжин гүний хошуу гэдэг бол эдүгээгийн Галшар адуу хэмээн Монгол даяар алдаршсан хурдан хүлгийн өлгий нутаг билээ. Энэ л хошуунаас тасран байгуулагдсан Өлзийт буюу эдүгээгийн Түвшинширээ сумаас улсын наадмын түрүү, айрагт хурдалсан олон арван алтан туурт ажнайд тодорчээ. Сайн хүлэг төрөх нь ховор тохиол, сайн хүлгийг олж таньж, уяж хурдлуулан, “гайхамшгийг нь гадна нь гаргана” гэдэг уяачийн ухаан, авьяас, мэдрэмж, нөр их хөдөлмөр байдаг. Тийм эрдэмт уяач Түвшинширээ нутагт олон байсны нэг нь өнөө цагийн Өвгөн ноён хэмээн нутаг усандаа алдаршсан алдарт уяач Гэндэнгийн Бадиа агсан байв. Тэрбээр уяачийн эрдмийг нутгийнхаа эрдэмт уяач хөх Цэрэнгээс өвлөн авчээ. Энэхүү хөх Цэрэн бол өнгөрсөн зууны эхэн үед аж төрж байсан Дэндэв тайж гэгч хүний адуучин нь байсан, хожмоо хүргэн нь болсон хүн аж. Дэндэв тайжийн адуу хурдан хурцаараа Халх даяар алдартай. Тэр их буяныг адуулж маллан, уяж сойж явсан хөх Цэрэн хуучны өвгөдийн эрдмийг өвлөн тээсэн нэгэн байсан гэдэг. Хар багаасаа адуу малд ойр өсч, хурдан моринд хорхойссон залуу хүү Бадиа Цэрэн уяачийг даган хулан, тахь шиг ороо догшин унагадыг нь ногтолж, онцгой хурдан хүлгүүдийнх нь цулбуурыг атгаж явжээ.
Энэ тухайгаа буурал уяач МҮОНТ-ийн “Эрийн хийморь”нэвтрүүлэгт уригдан оролцох үеэрээ “Цэрэн уяачийнх, манайхан ойролцоо нутагладаг, би адууг нь оторт авч гарч, уях морьдыг нь унаж цагаашруулдаг, холын наадамд нэг гал болж явдаг байлаа. Хөгшин хүрэн азаргандаа тавих гүүний тал дээр Цэрэн гуайтай зөвлөж байгаад л шийдсэн хэрэг. Адууг ч бол бас л мэддэг хүн байсан шүү” хэмээн дурссан байдаг юм.
Дурсамж-1
1954 оны Галшарын наадамд хөх Цэрэн гуай хөгшин хээрээ, манай аав Гэндэн шарга халзангаа уяж, би дагаж явсан юм. Тэр жил Галшарын Дашдаваагийн хүрэн их хурдан байлаа. Наадмын өдөр их халуун, азарга ирээд морь мордох болоход Цэрэн гуай надад “Өнөөдөр танай шарга халзан түрүүлнэ ээ” гэлээ. Би яагаад гэж лавлахад “Ийм бүгчим халуунд залуу морь зоригтой учир сайн давхидаг юм” гэж байна. Гэтэл Галшарынхан хүрэн мориндоо тааруулж тавилангаа наашлуулах гээд, морь мордохгүй байсаар их оройтсон. Тэгэхэд Цэрэн гуай тавилангаа наашлуулсан ч, цаашлуулсан ч адилхан, Гэндэнгийн шарга түрүүлнэ гэхээр нь би “Таных яах вэ?” гэхэд “Миний муу хөгшин хээр олон уралдаж зүрх нь үхсэн морь, шаргыг барахгүй ээ” гэж байна.
Тэгсээр байгаад морь их оройтож мордсон. Би морь тавьж өгчихөөд буцах замдаа морио амдаж байгаа уяачдаас “Хэний морь түрүүлэх вэ?” гэхэд хүмүүс ’’Мэдэхгүй ээ. Хөх Цэрэн л “Хөх Цэрэнгийн хөгшин хээр түрүүлж, Гэндэнгийн шарга аман хүзүүднэ. Танай Дашдаваагийн хүрэн гуравт л ирнэ дээ” гэж хашгирч байсан гэж хэллээ. Харуй бүрий болж байсан болохоор арай гэж майхнаа олж очтол яг л Цэрэн гуайн хэлснээр болсон байв. Би Цэрэн гуайгаас “Та чинь өглөө манай шаргыг түрүүлж, хөгшин хээрээ дараа нь ирнэ гээгүй билүү гэхэд “Цагтаа мордсон бол тэгэх байсаан. Харин оройтуулж мордуулсан болохоор хөгшин морь сэрүүнд, тавагныхаа чимээнд сайжирдаг юм. Тэгэхээр миний хээр ирэх нь баттай байсан юм аа” гэж байсан юм даа. Цэрэн гуайн хөгшин хээр 17 насандаа манай сумын наадамд түрүүлэн осголж байлаа. Бөхөөр бол зодог тайлсан гэх юм уу даа…
Сүхбаатар төдийгүй зүүн гурван аймаг бүр цаашилбал улс даяар Бадиа адуу гэхээр андахгүй. Эрдэмт буурал уяачийн унаган адуу ийн хурдны угшил болон бүрдэж, Монгол наадмын дэнжид алтан тоосоо өргөсөөр байгаа ажээ. Бадиа уяачийн хурдны эх нь түүний ууган халтар азарга байв. Өлзийт сумынхаа наадамд нэг түрүүлж, хоёр аман хүзүүдэж, нэг айрагдаж, хөрш зэргэлдээ Галшар сумын наадамд мөн айрагдаж байсан энэ хурдан ажнай 1950 оны унага. Бадиа гуай 1955 онд хавчиг зургаан настай азаргаа уяж, Буянт, Галшар, Мөнххаан, Уулбаян, Өлзийт таван сумын нийлсэн хаврын уралдаанд аман хүзүүдүүлж байсан гэдэг. Өвгөн уяачийн хувьд энэхүү алдарт ууган халтараас гадна дунд халтар, бага халтар гэж гурван халтар азарга болон тэднийхээ төлийг уяж хурдлуулж олон наадмаас айраг амсаж явжээ. Гурван халтар азарганых нь удмыг эдүгээ Бадиа адуу гэх болжээ.
Бадиа адууг уяж хурдлуулан Монгол Улсын тод манлай, манлай, алдарт уяач цолд хүрсэн Т.Болдбаатар, Ц.Онгуу, А.Ухна, Ч.Гансүх, П.Монхцой, Б.Лхамсүрэн, Г.Сэргэлэнбаатар, У.Эрдэнэбилэг, Р.Ооёо, Ж.Мөнхсүрэн, Р.Мөнхтөр зэрэг өнөө цагийн алдартай хүлэгч 10-аад уяач бий гэдгийг Бадиа уяач сэрүүн тунгалагтаа хэлж байжээ.
Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд аман хүзүү, 94 жилийн ойн наадамд айргийн дөрөв, 95, 96 жилийн ойн их баяр наадамд түрүүлж байсан домогт хурдан хүлэг Монгол Улсын манлай уяач Т.Болдбаатарын магнай халзан яах аргагүй Бадиа адууны угшилтай. Түүнчлэн Б.Наранхүүгийн “Монгол хээр”, “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн морь гээд улс даяар зартай хурдан хүлгүүд Бадиа адууны унагад юм. Егүзэр хээр, Дэлгэрдалайн халтар, Гэрэлтийн хул, Баатарын цахиур хул, Онгуугийн шарга, Баттулгын хүрэн, Лхамсүрэнгийн хар, Ухнын хээр, Мөнгөөлэйн буган халтар, Ууганаагийн халтар, Будын хар, Эрдэнэдалайн “Алтан азарга” гээд нэрлэж Бадиа адууны угшилтай хурдан ажнайдыг олныг дурдаж болно. Ийнхүү Бадиа адуу Монгол даяар алдаршин түгж байгаа нь өнөө цагийн Өвгөн ноён хэмээн хүндлэгдсэн эрдэмт буурал уяачийн өгөөмөр сэтгэл, холч ухааных. Бадиа гуай газар газрын олон уяачид өөрийн унаган адууны хурдан буяныг бэлэглэж байжээ. Энэ тухайгаа “Хурдан сайн хүлэг өөрт давхих сайхан, өрөөлд давхих бүүр ч сайхан байдаг юм, хүү минь. Тархахын хувьд бол хаа сайгүй тарж, тоолж тооцоолохын аргагүй болж дээ. Ер нь хурд баруун талдаа гарч, бөх зүүн талдаа гарна гэдэг нэг яриа бий дээ” хэмээн өгүүлж байжээ. Бадиа адууны дээд удам, угшил хаанаас эхтэй хийгээд онцлог шинжийнх нь талаар өвгөн уяач ийн дурсчээ.
Дурсамж-2
–Аав маань Өлзийтийн өндөр Гэндэн гэдэг сайхан буурал байлаа. Ээж Өлзийбаяр маань ажилсаг гялалзуур, морь сайн таньдаг, сэтгэлдээ таарсан морийг алтан ээмгээ тайлж өгөөд авчихаж байсан хүн байсан. Бид эхээс дөрвүүлээ. Том ах Гүржав маань морь уядаг, жаахан барилддаг, сайхан дуулдаг хүн байсан.
Нагац ах Гэлэг-Ёндон маань лам байсан хүн учраас хэлтэс, сэргийлэхийнхнээс оргож зугатдаг, байнга л нааш цааш явдаг байлаа. Харин би ахынхаа морийг нь барьж, юүлж өгч ихэвчлэн хамт явдаг хүүхэд байсан юм. Ингээд ах маань намайг моринд дуртайг мэдэх учир Дэндэв тайжийн хөгшин хүрэн азаргыг авч өгсөн. Би тэгээд аавыгаа шалж байж Банди угшлын халтар гүүг 1000 төгрөгөөр худалдан авч энэ азаргандаа тавьснаар манай адууны дээд удам болох анхны халтар азарга маань гарсан даа. Харин халтар азаргандаа Дагмид адууны цагаан гүүг тавьсан юмдаг. Дагмид адуу гэдэг маань Өвгөн ноён Пүрэвжав бэйсийн адуу шүү дээ. Манай адуу бол зэгзгэрдүү, хув ташаатай, мах багатай, хавирга матаастай, богиновтор, хөнгөн ясны, урт уруул, хандгай толгойгоороо бусад адуунаас ялгагддаг, нэлээд нарийсгаж эцээж уяулдаг адуу даа. Нэг гэм нь нэгийн удаа /аман хүзүүнд/ орох дуртай. Адуу, хүн хоёр удам татдаг гэдгийг манай адууны яг энэ шинжээр баталж болох талтай санагдаад байгаа юм.
“Ухаантай морь” сэтгүүлийн сэтгүүлч Б.Нанзаддорж алдарт уяач Гэндэнгийн Бадиа гуайтай уулзаж Бадиа адууны тухай хөөрөлдөж байжээ. “Хурдан морь уяхын сайхныг хэрхэн илэрхийлэх вэ?” гэсэн асуултад тэрбээр “Адуу гэдэг тэнгэртэй амьтан. Жавар тачигнасан өвлийн шөнө адуу манаж хоноход даарна гэж байхгүй шүү дээ. Хүүхэд хангинатал марзайлаад, уяа тойроход хийморь сэргэх шиг л болдог юм. За тэгээд уясан морь цээжинд гараад ирэхэд сэтгэл огшихгүй монгол хүн гэж байхгүй. Хоёр морь уралдахад хорин хүн цуглана гэж өвгөд ярьдаг байлаа даа” хэмээн өгүүлжээ. Адууны захад өссөн монгол хүн ингэж л хариулна. Г.Бадиа уяач хурдан сайн хүлгээ уяж сойж, наадамч олноо баясгахын зэрэгцээ монгол адууныхаа удмын санг хадгалж үлдэх, хурдан угшлын адууг бий болгох зэрэгт сэтгэл чилээж, зүтгэл гаргаж байжээ. Даяаршиж байгаа энэ цаг үед монгол адууныхаа цусыг цэврээр нь авч үлдэх, үндэсний дархлааны нэг болсон өвөг дээдсээс өвлөж ирсэн адууны соёлоо хадгалж, уламжлан хөгжүүлэхийн чухлыг буурал уяач шавь нар болон залууст захиж сургадаг байв.
“Алтан тууртын сав нь байхад сайн адуу төрөхдөө л төрнө. Харин уралдах хүлэг нь төрөөд байхад уях эзэн, унах хүүхэд нь ховордсон цаг юм уу даа. Миний багад бол хүүхэд болгон тав зургаатайгаасаа морь унана, сайн ч унана. Харин одоо багаасаа унаж, морьтойгоо сайн дасаагүй 10 гарчихсан хүүхэд унахаар унаж бэртэх нь их болоо юу даа. Уг нь морь сайн унадаг хүүхэд морины давхилд чухал нөлөөтэй. Морь айрагдана гэдэг уралдаж буй хүлгийн чадал, уяач эзний хөдөлмөр, уралдаанч хүүхдийн ухаан гурваас шалтгаалдаг эд. Сортоотойхон хүүхэд гэдэг ч анги шүү дээ” хэмээн өгүүлснээс нь харахад өнөө цагийн их хүлэгч тэрбээр адуун соёл, хүлэг сойх эрдмийг хойч үедээ өвлүүлж үлдээх, хадгалж хөгжүүлэх талаар сэтгэл чилээж, бодол бэлчээж байжээ. Адуу сайжруулахын тухайд Бадиа гуай өөрийн эрдэм мэдлэгээ бусадтай харамгүй хуваалцаж, зааж зөвлөдөг байсан нь дээр өгүүлсэнтэй нь холбоотой. Түүний хувь адууны угшил сайжруулах талаар хоёр арга буйг нэрлэсэн байдаг. Эхнийх нь цус холтгох арга. Үүний жишээ нь Бадиа гуайн өөрийнх нь адуу байна.
Тэрбээр Галсанбанди, Дэндэв тайжийн угшлын адууг Галшар адуугаар цус холдуулж, улмаар Хардал жанжин бэйс Пүрэвжав ноёны адуутай нийлүүлж адуугаа чангаруулсан ажээ.
Хоёрдахь арга болох цусанд нь оруулах аргыг ч тэрбээр туршиж үзсэн гэдэг. Энэ тухайгаа “Миний нэг саарал азарга л гэхэд халиун гүүний төлийн төлийн эр төл нь, эх нэгтэй охин төлөө хураах нь ээ, яах вэ? гэж хүүхэд асуухаар нь “Ер нь ямар янзын адуу гардаг юм бол үзье” гэж бодоод тэр чигт нь хураалгаад, 2007 онд гарсан унага байгаа юм. Даага, шүдлэн, хязааландаа мөн ч хурдан байсныг аймгийнхан андахгүй ээ. Би тэгээд дотроо гайхаад, цэвэр тохиолдол ч байж мэднэ гэж хаширлаад хүн амьтанд нэг их ярьж байгаагүй. Гэтэл манай адууны угшилтай Эрдэнэдалайн халтарын хоёр төлийн төл дундаас төрсөн Магнай халиун азарга миний мэдэх хоёр дахь тохиолдол нь болоод байна даа. Бас л цусандаа орсон адуу. Тэгэхээр залуу уяачид удмыг нь сайн мэдэх өөрийн унаган адуундаа энэ хоёр аргыг туршиж үзэж, адуугаа сайжруулж болох талтай. Гэхдээ хоёр дахь аргад тун болгоомжтой, тооцоо судалгаатай хандахгүй бол цус ойртолт гэж том аюул бий шүү” хэмээн Б.Нанзаддорж сэтгүүлчид ярьж байжээ.
Өвгөн уяачийн хүсэл биелж эртнээс хурдан хүлэгтэй Түвшинширээгийн тал нутагт Бадиа адуу хэмээх хулан шинжийн хурдан жижиг ажнайд угшил залган босоо төрсөөр байг ээ.