Saturday, April 20, 2024

Азийн дива буюу тал нутгийн дуучин

Date:

Сэтгүүлч Г.Сонинбаяр

Германы нэгэн хөгжим судлаач “Түүний дуу хоолой надад исгэрч буй салхи, чулууны хүйтэн зориг, нарны шатам халууныг санагдуулдаг. Хоолой нь заримдаа хүрхрээний ус шиг цацарч, эсвэл эрвээхэйн далавч зөөлөн илбэх мэт мэдрэмж төрүүлдэг. Тийм болохоор шүүмжлэгчид, үзэгчид түүний хоолойг сонсоод томоохон найрал хөгжим адил дуугардаг гэж хэлдгийн учрыг ойлгох бизээ” хэмээн бичсэн байдаг. Энэ бол Өвөрмонголын Ордос нутгаас гаралтай дуучин бүсгүй Урнаагийн тухай барууны хөгжмийн ертөнцийнхний үнэлгээ. Үүний баталгаа болгож Германы хөгжмийн шагнал гардуулах томоохон ёслол дээр түүнийг “Дэлхийн шилдэг дуучин”-аар өргөмжилж “Рут” шагналыг гардуулж байв. Ийнхүү Урнаа гэдэг нэрийг дэлхийн хөгжмийн урлагт зарлан тунхагласан билээ. Тэрбээр БНХАУ-ын Шанхайн хөгжмийн консерваторыг төгсөөд Германы иргэн болжээ. Ийнхүү Европын тайзнаа хөл тавьснаар түүний гайхамшигт дуу хоолой дэлхий нийтэд танил болсон юм. Урнаа Германы иргэн болсныхоо дараа Ази, Европын хамгийн алдартай хөгжмийн зохиолчидтой хамтран ажиллаж, олон улсаар аялан тоглож эхэлсэн байна.

Буурал тивээр аялан тоглохдоо зөвхөн монгол хэл дээр дуулдаг нь Урнаагийн нэг онцлог. Өнөөдөр түүнийг Азийн хамгийн хүчтэй хоолойтой дуучин хэмээн дэлхийн хөгжим судлаачид үнэлж, Азийн дива хэмээн өргөмжлөх болжээ. Мөн дэлхийн этно хөгжмийн урсгалын хамгийн сод төлөөлөгч хэмээн нэрлэж байна. 

Шанхайг зорьсон бүсгүй

Урнаа Чахар Тугчи 1968 онд Өвөр Монголын Ордос нутагт төржээ. Тэдний өвөг дээдэс, дээд удмынхан нь Чингис хааны цагаан  тугийг хадгалж явсан Тугч гэдэг овог авсан ажээ. Урнаа хүүхэд наснаасаа монгол ардын дуу, морин хуурын эгшиг сонсч өссөн нь хожим түүнийг алдрын замд хөтөлсөн байна.

Урнаа Хөх хотод ирж шанз хөгжим тоглож сурах явцдаа хөгжмийн мэдрэмж, авьяасаа нээжээ. Тэр үед Шанхайн хөгжмийн дээд сургуулиас Хөх хотод ирсэн профессор түүний төрөлх авьяасыг олж таньсан байна. Ингээд тэрбээр 18 настайдаа Шанхай хотыг зорьж, хөгжмийн сургуульд сурах шийдвэр гаргав. Хятадаар ганц ч үг мэдэхгүй, тэр байтугай Шанхай гэдэг нэрийг ч цөөхөн дуулсан охин нь тэнд суралцах болсныг анх сонсоод гэрийнхэн нь дурамжхан байсан ч арга буюу зөвшөөрчээ. Мэдээж энэ шийдвэр түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн байна. Шанхайн хөгжмийн дээд сургуулийг төгссөний дараа Урнаа Хятадын тайзан шинэ өнгө аястай дуучин болон гарч иржээ. “Гаошан Лиашуй” гэдэг хөгжмийн чуулгатай хамтран Хятадад хэд хэдэн тоглолтод оролцож, уран бүтээлээ сонирхуулснаас гадна Бээжингийн жааз хөгжмийн ёслолд оролцсон байна. Оросын нэгэн хөгжим судлаач “Тувагийн Сайнхагаас гадна Азид бас нэг дива дуучин байдаг. Тэр бол Урнаа юм” гэж хэлсэн байдаг. Энэ мэтээр түүнийг дэлхий дахин Азийн шилдэг дуучдын нэгэнд зүй ёсоор үнэлж байна.

Тал нутгийн үнэр

Дуучин Урнаагийн уянгалаг хөг аялгуунд тал нутгийн үнэр шингээстэй байдаг. Түүний уран бүтээл бүрээс нь эх нутгаа сэтгэлдээ тээсэн амин холбоо мэдрэгддэг. Ялангуяа уртын дууны өнгө аясыг уран бүтээлдээ тусгахыг чухалчилдаг нь харагдана. Урнаа өөрийн уран бүтээлийн тухай “Би багаасаа дуулдаг байсан. Заримдаа ээжийнхээ хэвлийд ч дуулж байсан байх гэж боддог. Бага байхдаа хаа яваа газраа дуулна. Авиа мээм /авгайлан дуудах нэр бололтой/ маань “Энэ хүүхэд гаран орон гиншээд” гэж зэмлэх үе ч байлаа. 1997 онд би Ордос нутгаа тойрон явж 60-аас дээш настайчуудыг эрж уулзан, хуучны дуунууд цуглуулсан. Тэр дуунуудаа одоо дуулдаг. Ордос ардын дуу бүр үлгэртэй. Дууны үг, шүлгээр үлгэрийг нь таних боломж байхгүй. Нагай ээж маань дуу болон үлгэрийг сайн мэддэг. Би тэр үе бага хүүхэд байсан тул тэр үлгэр түүхүүдийг бичиж авсангүй. Цээжилснээ л авч үлдсэн” хэмээн нэгэнтээ өгүүлжээ.

Сүүлийн үед тэрбээр дэлхийн бусад орны соёл урлагийг уран бүтээлдээ давхар тусгах шинэ чиглэлийг баримталж байгаа гэнэ. Энэ хандлагын нөлөөгөөр сүүлийн үеийн уран бүтээл нь задгай өнгө аястай болж байгаа нь нэгэн талаар дэвшил болсон хэмээн шүүмжлэгчид дүгнэж байна. Урнаагийн 2005 оны сүүлчээр гаргасан цомог нь “Амилал” гэдэг нэртэй. Уг цомогтоо “Дэлхийн хүн” гэсэн шинэ тодотголтой болж буй монгол хүний зүрх сэтгэл, сүр хүчийг уудлан харуулахыг зорьжээ. Түүнчлэн дэлхий ертөнцийн талаархи түүний үзэл бодол, энх тайван амьдралыг сэтгэл зүрхнээсээ хүсч буй эрмэлзлээ энэ цомогтоо шингээсэн байна. Урнаа бол байгалиас заяасан давтагдашгүй, хүчтэй хоолойгоороо үндэс угсаа, хэл соёл үл харгалзан үзэгчидтэйгээ ойлголцдог дуучин. Түүний дууг сонсохоор Монголын уудам тал нутаг өөрийн эрхгүй нүдэнд харагдаж, ард түмнийх нь ахуй амьдрал сэтгэлд тодхон дүрслэгддэг. Уран бүтээлийг нь сонссон, тоглолтод нь нэг баг болж ажилласан хүмүүс түүний дуу хоолой ямар гайхалтайг биширдэг. Дууг нь сонссон зарим хүн шашны зан үйлтэй адилтган үзэх нь бий. Гэвч үнэн хэрэг дээрээ түүний хөгжим шашны ямар ч элементийг оруулдаггүй.

Тэрээр өөрийн ахан дүүс, ёс заншил гээд олон зүйл энэ нутгаас гаралтай болохоор Монгол орныг ариун догшин төрсөн газар ус минь хэмээн хүндэтгэн үздэг. Тиймдээ ч Монгол оронд хөл тавих нь түүний хувьд хамгийн их хүсэн хүлээдэг зүйл нь юм. Урнаа энэ хүсэлдээ хөтлөгдөж анх 2005 онд Монголд иржээ. Түүнээс хойш 2008, 2013 он гээд хэд хэдэн удаа Монголд хөл тавьсан. Эртний нийслэл Хархориныг зорин очиж үзсэн бөгөөд энэ тухайгаа “Хархорин бол очихгүй байхын аргагүй газар” хэмээн өгүүлсэн удаатай.

Хуураар холбогдсон хамтын уран бүтээл

Дуучин Урнаа “Ингэн  нулимс” киногоороо олонд танигдсан найруулагч Д.Бямбасүрэнгийн бүтээл “Чингисийн хоёр загал” баримтат кинонд гол дүр бүтээсэн юм. Мюнхенд дэлгүүр ажиллуулдаг монгол бүсгүй Урнаа, Бямбасүрэн нарыг танилцуулснаар тэдний хамтын уран бүтээлийн эхлэл тавигдаж, тун удалгүй “Чингисийн хоёр загал” баримтат кино амилжээ. Энэ тухайгаа Урнаа “Манай Ордост ээжийнхээ ээжийг нагай ээж гэдэг. Би нагай ээж, нагай аавындаа төрж өссөн. Аав, ээж болон нагай аав, ээжийнх гэсэн хоёр гэрийн хооронд явдаг хүүхэд байлаа. Миний нагай ээж их сайхан дуулдаг. Дуу дуулахаар нь ертөнц хувирах мэт болно. Үлгэр ярихад нь кино үзсэн мэт болдог. Тийм уран цэцэн хүн байсан. Би Бямбасүрэнд нагай ээжийнхээ тухай олон удаа ярьсан. Ордост “Эзэн богдын хоёр загал” гэж маш эртний дуу хоёр гурван янзаар дуулагддаг.  Би олон арван улсаар аялан тоглож явахдаа тоглолтоо дандаа “Эзэн богдын хоёр загал” дуугаар эхэлдэг. Тиймээс нэг өдөр Бямбаад хоёулаа урлагийн хүн юм чинь морин хуурын тухай үлгэр түүхээр кино хийе гэдэг санал тавьсан” хэмээн өгүүлсэн юм.  

Түүхийн нугачаанд морин хуур нь сүйтгэгдэж, хуурын их бие дээр бичиж үлдээсэн Монголын эртний дууны үгүүд ч тасран алга болсныг эргэн сэргээхээр өвөрмонгол бүсгүй Монгол нутгийг зорино. Хятадын соёлын довтолгооноор түүний эмээ нь хайртай морин хуур хөгжмөө хэмхчүүлж хоцорсон ажээ. Соёлын шуурганаас  үлдэж хоцорсон нь ердөө морин хуурын их бие болоод толгой байлаа. Хайртай хөгжмийг нь бүтэн болгоно гэж эмээдээ амласан бүсгүй амлалтаа биелүүлэх цаг нь иржээ. Үймээнээс үлдсэн морин хуурын их бие, толгойг бүсгүй Хичээнгүй хэмээх морин хуур урладаг дарханд бүтэн болгуулахаар өгнө. Урнаа цааш дууны тасарсан мөртүүдийг хайх эрэлд гарна. Гэтэл тэр хуучны аялгууг мэдэх хүнтэй тааралдалгүй урам хугардаг. Кино ийнхүү үргэлжилнэ. “The two horses of Genghis khan” нэрээр өрнө дахинд гарч, үзэгчид, судлаачдын анхаарлыг татсан энэ кино найруулагч, дуучин хоёр монгол бүсгүйн хамтын уран бүтээл болсон юм.

Тал нутгаас төрсөн дэлхийд данстай дива дуучны тухай товчхон танилцуулахад ийм байна. Алдрын оргил өөд улам бүр тэмүүлсээр байгаа түүний намтар, түүх зузаарсаар байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан ирэх долоо хоногийн турш “11-11” төвд ажиллана

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын боомийг тайлсан шиг эрчим хүчний реформыг эрчимжүүлнэ

-“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө- Монгол...

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлт өнөөдөр...

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгожээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн...