-Улсын мэргэн 17 төрсөн өөр сум байтугай аймаг байхгүй-
Бөх, морь хоёр удам дагадаг гэдэг. Үүн лүгээ адил эрхий мэргэн харваачид ч гэсэн удам угсаа, нутаг усаа дагадаг ажээ. Ийн хэлэхийн учир нь Дорнодын харваачдаас үүдэлтэй. Увс, Хөвсгөл, Архангайн бөхчүүд хүчтэй, Галшар, Орлой, Тэсийн голын унага хурдан гэдэг шиг Дорнодын харваачид эрхийдээ эрдэмтэй гэдгээ улсын наадмын сурын зурхайд олонтаа нотолжээ. Тэр тусмаа Дорнодын Баян-Уул сумын мэргэчүүлийг онцлохоос өөр аргагүй. Баян-Уул сумын харваач Ц.Пүрэв 1961 онд улсын наадмын зурхай дээр цахиур хагалан, Монгол Улсын мэргэн болсноор хавтгай цагаан Улзын хавтгай харваачдын нэр алдар цуурайтаж эхэлсэн байна. Гурван жилийн дараа буюу 1964 онд мөн л Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат харваач С.Долгормаа үндэсний их баяр наадмын харваанд түрүүлж улсын мэргэн болжээ. Түүнээс хойш 1972 онд Г.Дуламханд, 1973 онд А.Цэвээн, 1974 онд Д.Базаргүр нар жил дараалан улсын мэргэн цол хүртэж байв. Баян-Уулын харваачдын энэ буухиа тасралтгүй үргэжлэн, хагас зуун жилийн дотор тус сумаас улсын мэргэн 14 тодроод байна. Үүнд дээр Үндэсний сурын холбооны хүндэт мэргэн, Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул гурван ахмад харваачийг нэмж тус сумын улсын мэргэчүүлийг 17 хэмээн тоолдог байна. Энэхүү мэргэчүүлийн дотор Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан мэргэн А.Цэвээн, түүний хүү дархан мэргэн Ц. Хүдэрчулуун, дархан мэргэн Х.Даваажаргал нар багтаж буй гээд бодохоор Дорнодын Баян-Уул сумын харваачдаар бахархахаас өөр аргагүй.
Нутаг уснаасаа анх түрүүлэн Монгол Улсын мэргэн цолыг хүртсэн Ц.Пүрэв харваач Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадын аварга болж байжээ. Тэрбээр Монголд анх удаа үйлдвэрийн аргаар нум сум хийсэн хүн гэдэг. Нутаг усандаа Мухардаантан хэмээн нэршсэн удмынхнаас олон харваач төрсний нэг нь Ц.Пүрэв баавай байв. Түүний хүү П.Гарамдорж нь улсын мэргэн, спортын мастер, охин С.Долгормаа нь хошой мэргэн, хүү П.Гарамсүрэн, П.Гарамболд нар нь сурын спортын мастерууд. Ач, зээ нараас нь ч улсын мэргэн, спортын мастерууд олон төрөн гарчээ. Улзын мэргэн харваачид, тэр дундаас Баян-Уулынхны цэц мэргэ гойд ялгаран тодорсны уг үндэс нь 1950-1960-аад оны үед тус сумынхан жигдхэн сур харваагаар хичээллэж байсных ажээ. Тухайн үед Баян-Уулын Эрээний тэрэгний үйлдвэр байгуулагдан бүтээн байгуулалт ид өрнөж байв. Баян-Уулын харваачид сумын төвийнхөө хойхно, Улз голын ширэг ногоон зүлгэн дээр зураахайгаа / буриадууд сурын зурхайг ийн нэрлэнэ/ өрж, Эрээний тэрэгний үйлдвэрийнхнийг урьж авчран цэц мэргээ сорьдог байсан гэдэг. Эндээс л улсын наадмын зурхайд эвэр нумаа эвшээлгэх эрхий мэргэчүүл төрсөн нь дамжиггүй. Дэлхийн мэргэчүүлийг байт сурын зурхайд буулгаж авсан параолимпын аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав Баян-Уул, Эрээний харваачдын сумыг зөөн гүйж явсан хүүхдүүдийн нэг. “Намайг арваад настай хүүхэд сум буцааж явах үед Баян-Уулынхан сумаараа, багаараа, ах дүүс, омог омгоороо нийлэн хоёр, гурав хоногоор сур харвадаг байлаа. Барлах /буриадууд сурын уухайг ингэж нэрлэдэг/ дуу хэд хоног чихэнд хоногшдог байлаа” хэмээн улсын мэргэн П.Гарамдорж дурсч байна.
1978 оны улсын баяр наадмын сурын харваанд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул харваач Ц.Гэнин түрүүлж, А.Цэвээн, Г.Ломбодорж нар удаалжээ. Ийнхүү Баян-Уул сумын гурван харваач төрийнхөө наадамд магнайлсан нь урьд өмнө байгаагүй тохиолдол юм. Гэтэл хойтон жил нь уг амжилт давтагдан Ц.Гэнин мэргэн түрүүлж, А.Цэвээн, Д.Базаргүр нар удаалснаар мөн л Баян-Уулынхны наадам болжээ.
2002 оны улсын наадмын харваанд эрэгтэйчүүдээс Ц.Хүдэрчулуун, эмэгтэйчүүдээс Х.Даваажаргал, хүүхдүүдээс Ц.Энхчулуун нар түрүүлсэн нь бүгд Дорнодын Баян-Уулын харваачид байв. Нэг сум байтугай нэг аймгийн харваачид хоёр жил дараалан сурын харвааны эхний байрыг эзэлсэн тохиолдол байхгүй. Мөн нэг аймгийн харваачид нэг жилийн наадмын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдийн харваанд түрүүлж байсангүй. Тиймээс Баян-Уул сумынхны дээрх амжилтууд тийм ч амархан эвдэгдэхгүй болов уу.
Ер нь энэ сумын харваач, мэргэчүүлийн амжилтыг тоочих аваас багагүй тоо бодохоос өөр аргагүйд хүрнэ. 1921 оноос хойш Дорнод аймгаас 29 мэргэн төржээ. Тэдний тэн хагас нь буюу 14 нь Баян-Уул сумынх. Өдий тооны улсын мэргэнтэй, дээр нь 28 спортын мастер, найман дэд мастертай сум байтугай аймаг ховор бизээ. 1961 онд Баян-Уулын Ц.Пүрэв харваач түрүүлж улсын мэргэн цол хүртсэнээс хойш тоолбол улсын наадмын сурын харвааны 23 удаагийн түрүүг тус сумынхан авчээ. Үүнээс гадна улсын баяр наадмын хүүхдийн сурын харвааны түрүүг Баян-Уулын өсвөрийн харваачид 17 удаа авсан байна. Үүнийг нэмбэл улсын наадмын 40 түрүүг Баян-Уулынхан авсан гэсэн үг. Улсын наадмаас гадна аймгуудын наадамд Баян-Уулын харваачид цэц мэргэнээ сорьж түрүүлсэн нь олон. Дорнод аймгийн наадамд 33 удаа, Сүхбаатар аймгийн наадамд 11 удаа, Завхан аймгийн наадамд 12 удаа, Орхон аймагт долоо, Хэнтийд гурав, Төв, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгийд тус бүр нэг удаа Баян-Уулын харваачид түрүүлжээ.
Улсын наадмын зурхайд тус сумын харваачид олон түрүү авснаас гадна цөөнгүй дээд амжилтуудыг тогтоож байв. Улсын мэргэн Г.Дуламханд Монгол Улсын анхны спортын мастер цол хүртсэн харваач. Тэрээр улсын мэргэн, спортын мастер цолыг нэг өдөр авч байсан нь ховор тохиолдлын нэг бөгөөд анх удаа 20 сумнаас 19 оносон амжилт үзүүлж байв. Мөн даяар дархан мэргэн Х. Даваажаргал анх удаа 36 сумнаас 35, 40 сумнаас 39 онож дээд амжилт тогтоож байжээ.