Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунчимэг нар өнөөдөр иргэдийн өргөдөл гомдол, газрын зөрчил болон цахим дуудлага худалдааны талаар мэдээлэл хийв.
Мэдээллийн эхэнд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга М.Шижирбаяр хэлэхдээ “Энэ сарын 16-ны өдрийн байдлаар Газар зохион байгуулалтын албанд иргэн, аж ахуйн нэгжээс нийт 35193 албан бичиг, өргөдөл гомдол ирсэн. Үүнээс 32191 албан бичгийг шийдвэрлэж, 299 өргөдлийг судлах ажлыг хийж байна. Иргэдээс ирсэн нийт өргөдөл гомдлын 98.6 хувь нь шийдвэрлэгдсэн” хэмээлээ.
Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Энэ оны эхний хагас жилд газар чөлөөлөх, газрын зөрчил арилгах, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр 151 байршилд, 437 объект чөлөөлөх төлөвлөгөөтэйгээр ажилласан. Энэ ажил 92 хувьтай явж байна. Өнөөдрийн байдлаар 139 байршилд, 400 гаруй объектыг чөлөөлсөн. 30 байршилд явган хүний замын орц, гарцыг нээсэн. 55 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж, ногоон байгууламж хийх боломжтой талбайн газрыг чөлөөлөв. Ийнхүү газар чөлөөлснөөр 20 байршилд автомашин, явган хүний зам болон зогсоол байгуулах боломжтой сул талбайтай болж байна. 10 мянга орчим метр.кв талбай нийтийн эзэмшилд шилжиж, 4100 орчим метр.кв явган хүний замын газар чөлөөлөгдлөө. Мөн бид 82 байршилд 439 объектыг чөлөөлөх нэмэлт төлөвлөгөө гаргаад ажиллаж байна” гэв.
Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунчимэг “Нийт 90 байршилд дуудлага худалдаа хийхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар 71 байршилд дуудлага худалдаа явуулж, үүний 29 байршилд ялагч тодорсон юм. Энэ сарын 19-ний өглөөний 09 цагаас 17 цагийн хооронд 24 байршилд цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулсан. 16 байршилд 92 иргэн, аж ахуйн нэгжээс дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг ирүүлж, 14 байршилд ялагч тодорсон. Ирэх сарын 16-ны өдөр 10 байршилд дуудлага худалдаа зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна” хэмээсэн юм.
Дашрамд дурьдахад, газрын дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэд http://www.mle.mn гэсэн сайтаас газрын байршлыг сонирхох боломжтой юм. Ирэх сарын 16-ны өдөр дуудлага худалдаанд орох газруудаас дурьдвал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд хөдөө аж ахуйн зориулалтаар 1 га газар, Ар шижирийн аманд 0.5 га газар, Хан-Уул дүүрэгт Төв аймаг явах замд шатахуун түгээх станцын зориулалтаар 0.7 га газар, 21 дүгээр хороо, Морингийн давааны гэр хорооллын урд 0.9 га, Багануур дүүргийн мянганы зам дагуу худалдаа, үйлчилгээний зориулалтаар 2 га газар, мөн хэсэгт 1 га газар, Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд хөдөө аж ахуйн зориулалтаар 1.5 га газар, Налайх дүүрэгт Гандан уулын урд хэсэгт үйлдвэрлэлийн зориулалтаар 0.5 га газар зэргийг дуудлага худалдаагаар нээлттэй зохион байгуулна.