Хэнтий аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр болжээ. Уг уулзалтад бүх сумын ИТХ, Засаг дарга нар болон аймгийн удирдлагууд оролцжээ. Уулзалтын үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн байна.
Үүнээс онцолбол, тэрбээр Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 19 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллахыг онцолсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай аймгийн Засаг даргын 2020 оны 03 тоот албан даалгаврыг гаргуулаад байгаа юм байна. Энэ хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 900 тн өвс, 200 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 3600 тн өвс, 900 тн тэжээл, нийт аймгийн хэмжээнд 4500 тн өвс, 1100 тн тэжээл тус тус бэлтгэхээр шийдвэрлэснийг дуулгаж, хадлангийн нөөц гарцтай Биндэр, Дадал, Батширээт сумдын нийт 1900 га талбайг хадлан бэлтгэх гэрээгээр ашиглуулан хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг Засгийн газрын шийдвэрийн дагуу Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгуудад олгож байгаа бол, орон нутагтаа Галшар сум Баянхутаг сумаас, Дархан, Бор-Өндөр сумд Норовлин, Батноров сумаас, Баянмөнх сум Баян-Овоо сумаас тус тус 500 га, нийт 2000 га талбайд хадлангийн гэрээ байгуулж, хадлан бэлтгэх боломжийг хангажээ.
Ингэснээр сум орон нутагтаа зохион байгуулалтад орж хадлан бэлтгэх ажлыг зохион байгуулах, бүх малчин өрхийг хадлан бэлтгэх боломжоор хангаж буйг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат онцлов. Мөн хадлан бэлтгэх ажилд, малчид, аравт, хоршоодыг сайтар хамруулах үүргийг сумдын удирдлагуудад өглөө. Сумдын ИТХ-ын дарга нар, Засаг дарга нартай хийсэн уулзалтаар тэрбээр сумдын дотоод асуудал, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг шуурхай авахаар болсон байна.