Монголын их говийн гайхамшиг болсон мазаалайн тухай Их Британийн хэвлэлд онцолжээ. Дэлхийн хамгийн эрс тэс уур амьсгалтай нутагт амьдардаг говийн баавгай тэсэж үлдэхийн төлөө тэмцэж байна. Их говийн дархан цаазат газарт ойролцоогоор 40 орчим мазаалай амьдардаг. Цөлийн амьдралд дасан зохицсон цорын ганц баавгайн төрөл зүйл болох мазаалайнууд уураг ихтэй булцууны үндсээр хооллодог. “Ursus arctos gobiensis” гэх шинжлэх ухааны нэршилтэй мазаалайг хамгаалах аяныг Монголд олон нийтийн болон Засгийн газрын дэмжлэгтэйгээр өрнүүлж байна. Дэлхийд ховор энэ амьтны тоо толгой 2014 онд ердөө 29 байсан юм. Хэдхэн жилийн хугацаанд өсөж үржсэн нь эрдэмтэн судлаачдын гавьяа ажээ. “Говийн баавгай” төслийн биологич Харри Рейнолдс “Мазаалайн амьдрах орчныг хамгаалахад Засгийн газраас анхаарч байгаа. Манай төсөлд 40 гаруй хүн ажилладаг. Одоо жилд нэг эсвэл хоёр бамбарууш төрдөг. Мазаалай баавгай амьдралын өвөрмөц хэв маягтай. Манай гаргийн хамгийн эрс тэс уур амьсгалтай орчинд дасан зохицох чадварынхаа ачаар тэсэж үлдсэн мазаалайг аварцгаая. Говийн баавгайн тоо толгойг 100-д хүргэхийг хүсэж байна. Энэ амьтан бол говийн экосистемийн чухал хэсэг. Хэрвээ устаж үгүй болбол Монголын төдийгүй дэлхийн байгаль орчинд хохирол учирна” гэжээ. Тэрбээр төслөө 2004 онд эхлүүлсэн байна. “Говийн баавгай” төслийн санхүүжилтийг олон нийтийн хандивт түшиглэн босгожээ. Түүний санаачилгын ачаар Монгол Улс 2013 оныг “Мазаалай баавгайг хамгаалах жил” болгон зарлаж, байгаль хамгаалах ажлыг идэвхжүүлжээ. Улмаар монголчууд мазаалай гэх ичимхий баавгайг үндэсний баялаг болгосон юм. Доктор Рейнолдс Монгол Улсын Шинжлэх ухааны академийн биологичид, байгаль хамгаалагчдын багтай хамтран 2005 оноос говийн баавгайг барьж GPS радио хүзүүвч зүүсэн байна. Эрдэмтэд амьтдын амьдрах орчны зураглалыг тогтоохдоо хүзүүвч ашиглах нь нийтлэг. Хүзүүвчний мэдээлэлд үндэслэн мазаалайнууд Алтайн нурууны гурван уулыг хэрэн амьдардгийг тогтоосон. Тэдгээр өндөрлөг газар нь 40-60 миль эзгүй цөл шороогоор тусгаарлагдсан ба хэд хэдэн баянбүрдтэй аж. Зарим газраа тунгалаг булаг шанд учир цангасан мазаалайнууд очиж ус уудаг. Дэлхийн байгаль хамгаалах сангаас говийн бүсийн нэн ховордсон амьтдыг хамгаалах зорилгоор “Их говийн 6” буюу GG6 санаачилгыг гаргасан. Доктор Рейнолдс цар тахлын улмаас Монголын говьд хийдэг судалгааны ажлаа энэ зун хойшлуулсан юм.
Цаг агаарын өөрчлөлт болон хүний буруу үйл ажиллагаанаас болж мазаалайн тоо толгой цөөрчээ. Мөн ХХ зууны дунд үед Монголын өмнөд нутагт мал аж ахуйг тэлэх гэсэн улсын бодлого нөлөөлсөн. Мазаалайг агнахыг хориглосон ч бэлчээрийн даац хэтэрсэн 1980-аад оноос тоо толгой нь цөөрчээ. Гэхдээ социализмын үед буюу 1976 онд Их говийн дархан цаазат газрыг байгуулсан нь мазаалай хамгааллын түүхэн дэх эерэг бодлого болсон юм. Өнөөдөр энэ дархан цаазат газар говийн баавгайн цорын ганц хоргодох газар болжээ. Харамсалтай нь, хууль бус алт олборлогчид дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч ховор ан амьтдын амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх болсныг доктор Рейнолдс дурдсан байна.
Мазаалайг Британийн хэвлэлд онцолжээ
Date: