Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу наймдугаар сарын 16-наас өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх юм. Хуулийн энэхүү хугацаа энэ долоо хоногийн ням гарагт дуусгавар болно. Тиймээс нам, эвслүүд орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ энэ долоо хоногт багтаан тухайн нутаг дэвсгэрийнхээ сонгуулийн хороонд хүргүүлэх учиртай.
Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаж, баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах ажээ.
2016 онд болсон орон нутгийн сонгуулийн ирц, дүнг эргэн сануулахад Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт тухайн оны аравдугаар сарын 19-ний өдөр улс орон даяар явагдаж өндөрлөсөн юм. Сонгогчдын ирц хүрээгүйн улмаас 1764 хэсгийн аймаг, нийслэлийн 135 тойрогт нэмэлт санал хураалт явуулж байв. Мөн 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн 19 аймгийн 58 хэсэгт дахин санал хураалт явагдсан юм. 15 мянган нэр дэвшигчтэй, 13 тэрбумын төсөвтэй гэгдэж байсан энэ удаагийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 60.1 хувьтай явагджээ. Зарим аймаг, сумдад зам даваа хаагдаж сонгогчдод бэрхшээлтэй асуудал үүсч байсан хэдий ч хөдөөгийн малчид сонгуульдаа хотын иргэдээс илүү идэвхтэй оролцсон байна. Тухайлбал, нийслэлийн дүүргүүдийн сонгогчийн ирц 56.3 хувьтай байсан бол аймаг, сумдын сонгогчийн ирц 63.2 хувьтай байв. 2016 оны орон нутгийн сонгуульд 723 бие даан нэр дэвшсэнээс 11 нь сонгогджээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн нэг сумын 9 суудлыг бие даагчид авсан байна. Мөн Хан-Уул дүүргийн 35 суудлаас хоёрт нь бие даагчид ялалт байгуулжээ.
Намуудын суудлын дүнг танилцуулбал:
- Архангай аймаг 19 сумтай. 12 суманд МАН, 7 суманд АН,
- Баян-Өлгий 13 сумтай. МАН бүх суманд ялалт байгуулжээ.
- Баянхонгор аймаг 20 сумтай. 14 сум МАН, 6 суманд АН
- Булган 16 сумаас 11 сум нь МАН, 3 суманд АН, 2 суманд дахин санал хураалт явагдана.
- Говь-Алтай аймгийн 13 суманд МАН, 2 суманд АН, 3 суманд дахин санал хураалт явуулахаар болжээ.
- Говьсүмбэр аймгийн 3 сумаас 2-т нь МАН, 1 тойрогт нь АН
- Дорноговь аймаг 14 сумаас 11-т нь МАН, 3-т нь АН.
- Дорнод аймаг 14 сумаас 8-д нь МАН, 2-т нь АН, 4 суманд дахин санал хураалт явуулна.
- Дундговь аймаг 15 сумтай. 9-т нь МАН, 5-т нь АН, 1 сумын 9 суудалд бие даагч ялалт байгуулжээ.
- Завхан 24 сумаас 1 суманд МАН, 20 сум АН ялалт байгуулж,3 суманд дахин саналт хураалт явагдана.
- Өвөрхангай аймгийн 19 сумын 14-т МАН, 5-т нь АН
- Өмнөговь аймгийн 15 сумаас 12 МАН, 3 суманд АН
- Сүхбаатар аймгийн 13 сумаас МАН 5, 8 АН ялалт байгуулжээ.
- Сэлэнгэ аймгийн 17 сумын 9 нь МАН, 6 нь АН бол 2 суманд дахин санал хураалт явагдана.
- Төв аймгийн 28 сумын 15 МАН нь, 11-т нь АН-МАХН-ын “Төв нутаг эвсэл”, 1 суманд дахин санал хураалт явуулахаар болжээ.
- Увс аймгийн 19 сумаас 18 МАН, 1 сум АН
- Ховд аймгийн 17 сумаас 13 сум нь МАН, 3 сум нь АН, 1 суманд дахин санал хураалт явуулахаар болжээ.
- Хөвсгөл аймгийн 23 сумаас 17 МАН, 6 АН
- Хэнтий аймгийн 18 сумтай бөгөөд 12 сум МАН, 6 суманд АН суудал авсан байна.
- Дархан-Уул 4 сумтай. Бүгдэд нь МАН ялалт байгуулжээ.
- Орхон аймаг 2 сумтай бөгөөд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан байна.
Дүүргүүдийн хувьд:
- Багануур дүүргийн 25 суудлын бүх мандатыг МАН-ын нэр дэвшигчид авчээ.
- Багахангай дүүргийн 17 МАН
- Баянгол дүүргийн 41 суудлаас 10-т нь МАН, 31-т нь АН ялалт байгуулжээ.
- Баянзүрх дүүргийн 41 суудлаас 19 нь МАН, 22 нь АН
- Налайх дүүргийн 25 суудлын 21 нь МАН, 4 нь АН
- Сонгинохайрхан дүүргийн 41 суудлаас 39 нь МАН, 2 нь АН
- Сүхбаатар дүүргийн 35 суудлаас 16 нь МАН, 19 АН
- Чингэлтэй дүүргийн 35 суудлын 30 МАН, 5 нь АН
- Хан-Уул дүүргийн 35 суудплаас 18 нь МАН, 15 нь Ан, бие даагч 2 ялалт тус тус байгуулсан байна