АНУ-ын Цагаан ордны ойролцоо буудалцаан болсон тухай CNN зэрэг хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлжээ. Энэ хэрэг явдал өчигдөр буюу энэ сарын 10-ны орой Ерөнхийлөгч Дональд Трампыг хэвлэлийн бага хурал хийж байх үед болсон байна. Буун дуу гарсны дараа Цагаан ордны хэвлэлийн алба болон хамгаалалтынхан мэдээлэл хийж байсан ерөнхийлөгч Д.Трампыг танхимаас түр авч явжээ. Ойролцоогоор есөн минутын дараа Д.Трамп танхим буцан ирж хэвлэлийн бага хурлаа үргэлжлүүлсэн байна.
Тэрбээр болсон хэрэг явдлын талаар сэтгүүлчдэд тайлбарлахдаа “Хэн нэгэн хүн хууль сахиулагчдад буудуулж эмнэлэгт хүргэгдсэн юм шиг байна. Түүний биеийн байдлыг сайн мэдэхгй байна. Сэжигтнийг зэвсэглэсэн байсан гэж ойлгосон. Байдлыг хяналтдаа маш сайн авсан юм байна” гэжээ. Д.Трамп нэмж хэлэхдээ “Энэ бол азгүй хэрэг. Гэхдээ дэлхий үргэлж аюултай газар байсаар ирсэн. Энэ бол онцгой зүйл биш юм” гэсэн байна.
АНУ-ын тусгай албаныхан нийгмийн сүлжээгээр дамжуулж хийсэн мэдэгдэлдээ, буудлагын хэрэг даваа гарагт 17-р гудамж, Пенсильваны өргөн чөлөө буланд Цагаан ордны гадна талд болсон гэж мэдэгджээ. Тухайн үед 51 настай эрэгтэй тусгай албаны офицер дээр очиж өөрийгөө зэвсэгтэй болохыг хэлсэн гэнэ. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, сэжигтэй этгээдийн цээж хэсэг нь суманд оногдсон байна. Холбогдох албаныхан сэжигтнийг сэтгэцийн өвчтэй эсэхийг судалж байгаа ажээ.