Хилийн 0257 дугаар анги, уран бүтээлийн “Этик” продакшнтай хамтран бүтээсэн “Хэлгүй жим” уран сайхны кино энэ сарын 28-нд нээлтээ хийх гэж байна. Уг кинонд 1990-ээд оны үйл явдлыг өгүүлэх аж. Монгол Улс социалист нийгмийн байгууллаас ардчилсан тогтолцоонд шилжиж улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрсэн тухайн цаг үед эх орныхоо хил хязгаарыг хамгаалж асан хилчдийн баатарлаг үйлсийг энэхүү кинонд мөнхжүүлжээ. Тодруулбал, 1990-ээд оны эхэн үед хилийн 0257 дугаар ангийн … дугаар салбарт алба хааж байсан ахлах дэслэгч Д.Цоодол, ахлагч Я.Баяраа, Х.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй манаа улсын хил хамгаалах тушаал авч, үүрэг гүйцэтгэж байх үедээ хил зөрчигчдийг саатуулах арга хэмжээ авсан боловч хүч давуу этгээдүүдтэй таарч амь насаа алдсан бодит үйл явдлаас сэдэвлэн уг киног бүтээсэн байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэсэн хилчдийн гэгээн дурсгалд зориулсан энэ кино ийнхүү удахгүй болох Хил хамгаалах байгууллагын 87 жилийн ойн босгон дээр үзэгчдийн хүртээл болох нь.
“Хэлгүй жим”-д баатарлаг хилчдийн гавьяаг мөнхөлжээ
Date: