Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын ээлжит хуралдаанаар Олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа, Махны худалдааны түрээсийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны дүнг тус тус хэлэлцжээ. Хуралдааны явцад Захиргааны ерөнхий хуульд заасан журмын хүрээнд сонсох ажиллагаа явуулж, хэлэлцсэн асуудал тус бүрт эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан тайлбар, саналыг нь сонссон байна. Тухайлбал, “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК болон “Хүчит шонхор” ХХК-ийн төлөөлөл хуралд оролцжээ.
Уг хурлаас нийслэл Улаанбаатар хотын махны худалдааны түрээсийн зах зээлд “Хүчит шонхор” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох, Олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд “Нью Улаанбаатар интенэйшнл эйрпорт” ХХК-ийг зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох шийдвэр гаргасан байна.