АНУ-ын NASA агентлаг хувийн хэвшлийн компанийн нисэгчтэй сансрын хөлгийн туршин нислэгийг амжилттай гүйцэтгэжээ. “Ассошэйтед Пресс” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын сансрын нисэгч Дуглас Херли болон Роберт Бенкен нар наймдугаар сарын 1-ний өдөр АНУ-ын сансрын хайгуулын технологийн компани “SpaceX” -ийн “Луу” сансрын хөлгөөр олон улсын сансрын станцаас эх дэлхийд буцан иржээ. Тэд сансрын станцаас гарснаас хойш 18 цагийн дараа сансрын хөлгийн нислэгийн хүч идэвхжүүлэгчээ ажиллуулж, тойрог замаас гарч, дэлхийн агаар мандалд орж ирсэн байна. Буцах бүхээг наймдугаар сарын 2-ны өдрийн 2:48 цагт Флоридагаас баруун тийш Мексикийн буланд газардсанаар АНУ-ын хоёр сансрын нисэгч эх дэлхийдээ аюулгүй буцаж ирсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сарын 30-нд тэд Флорида дахь “Кеннеди” сансрын төвийн 39А хөөргөх талбайгаас “Луу” сансрын хөлгөөр ниссэн бөгөөд сансрын хөлөг тавдугаар сарын 31-ний өдөр олон улсын сансрын станцтай холбогджээ. Сансрын нисэгчид олон улсын сансрын станц дээр 62 хоног ажилласан юм.
NASA-гийн дарга Жим Бриденстайн хэлэхдээ, NASA-гийн анхны сансрын нисэгчтэй хувийн компанийн сансрын хөлгийг туршин хөөргөсөн нь CPP төлөвлөгөөний чухал алхам юм гэжээ. “Нью Йорк Таймс” сонинд, ирээдүйд NAS сансрын аялал, судалгааны ажил, хиймэл дагуулын засвар үйлчилгээ зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэдгийг онцолсон байна.
АНУ-ын “The Verge” технологийн вэб сайтын мэдээлснээр, сансрын хөлөг эх дэлхий рүү буцан ирсэн нь тийм ч амаргүй юм. Дэлхийн агаар мандлын дундуур аялах явцад сансрын хөлөг хамгийн халуундаа 3500 градусын фаренгейтийн хэт өндөр температурыг даван туулж, хөлгийн гадна тусгаарлагч хавтангийн аюулгүй байдлыг туршин хянасан байна. Нэмж дурдахад “SpaceX” шүхрээ хоёр удаа амжилттай дэлгээд буцаж ирэх бүхээгийг нэг цагт 15 миль хурдтайгаар тэнгис дээр зөөлөн газардуулжээ.