Хэдий сарын хугацаа дутуу байгаа ч гэсэн хичээлийн шинэ жил хугацаандаа эхлэх үү гэдэг асуулт эцэг, эхчүүдийн анхаарлын төвд байна. ОХУ-ын хувьд, энэ асуудлаар албан ёсны шийдвэр гараагүй байгаа ч иргэдийн хувьд хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулах санаа давамгайлж байгаа аж.
Тус улсын вирус судлаач эмч нарын үзэж байгаагаар, хичээлийн шинэ жилийг эхлүүлэх нь халдвар тархах, улмаар хяналтаас гарах эрсдлийг нэмэгдүүлэх гэнэ. Коронавирусийн халдвараар бага насны хүүхэд өвчлөх тохиолдол дэлхий даяар бага байгаа. Энэ нь одоо болтол эрдэмтдийн анхаарлыг татаж буй. Гэхдээ, бага насны хүүхдүүд хөнгөн хэлбэрээр тусдаг ч гэр бүлийнхэндээ халдвар тараах эрсдэл өндөр аж.
Хэрвээ танхимын сургалтыг эхлүүлсэн тохиолдолд дараах арга хэмжээг авах нь халдвар тархах эрсдлийг бууруулна гэж Мэргэжлийн хяналтын газраас гаргасан зөвлөмжид дурдсан байна. Эдгээр нь, сурагчид хоорондоо 1.5 метрийн зай барих, агаар сэлгэлт, халдваргүйтгэлийг тогтмол хийх, ангид гар ариутгагчийг байнга хэрэглэх явдал аж.