Түүхэнд бичигдэж үлдэх том хэмжээний түймрийн гамшиг өнгөрсөн жил Австралийн эх газрыг нэрвэсэн билээ. Уг түймрийн тивийн амьтны аймагт үзүүлсэн нөлөөллийг судлах ажил дуусжээ. Дэлхийн байгаль хамгаалах сан уг судалгаагаар тайлан гаргасан байна. Түймрийн үеэр гурван тэрбум ан, амьтан үхэж үрэгдсэнээс гадна өөр тийш нүүн шилжсэн гэсэн тоо баримтыг уг тайланд тусгасан байна. “Энэ бол дэлхийн түүхэнд хамгийн том тооцогдох, байгаль орчинд хамгийн их хохирол учруулсан гамшиг байсныг энэ тоо баримт харуулж байна” гэж тайланг боловсруулсан эрдэмтэд онцлон тэмдэглэжээ.
Австралийн бүх мужийг хамарч, 33 хүний аминд хүрсэн уг гамшгийн үеэр олон тооны сүүн тэжээлтэн, хоёр нутагтан, ууттан амьтад галд шатах буюу амьдрах орчин нь доройтож хоол тэжээлийн дутагдалд орсны улмаас үхэж үрэгдсэн юм. Түймрийн оргил үе болох өнгөрсөн нэгдүгээр сард эрдэмтэд зөвхөн Шинэ Өмнөд Уэльс, Виктори мужид 1.25 тэрбум ан, амьтан үхсэн гэж тооцоолж байсан нь шинэ судалгаагаар ийнхүү илүү нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилийн түймэрт 11.46 сая га газар нутаг шатсан нь хэмжээгээрээ Англитай тэнцүү юм.