Маэгашира Аби гуравдугаар сарын башёд Хакүхотой тааран барилдаж буй нь.
Японы сүмогийн холбоо бямба гарагт мэдэгдэл гаргаж, макүүчи буюу дээд зиндаанд маэгаширагийн тавдугаарт эрэмбэлэгдэн барилдаж буй 26 настай бөх Абиг шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх удирдамжийг зөрчин дэмжигчидтэйгээ хамт хоол идсэн гэж буруутган хатуу донгоджээ. Энэ үйлдлээсээ болж Аби энэ сарын башёд цааш барилдах боломжгүй болсон байна. Түүнийг коронавирусийн халдвар авсан эсэхийг нь тогтоохоор өнөөдөр шинжилгээнд оруулжээ.
Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү “Холбооны гишүүн бүр нэгдмэл байр суурьтай байна” гэж мэдэгдсэн бөгөөд онцгой нөхцөл байдалд энэ сарын башёг зохион байгуулж байгааг мөн дурджээ. Сүмогийн долоодугаар сарын башёг уламжлал ёсоор Нагоя хотод зохион байгуулдаг бол энэ удаа бөхчүүд ийнхүү аялан барилдах үед халдвар авах эрсдэлтэй гэж үзэн Токио хотын “Рёококү Кокүгикан” ордонд зохион байгуулж байгаа юм. Тиймээс тэмцээний үеэр бөхчүүдийг гадуур гарахгүй байхыг Сүмогийн холбооноос анхааруулж журамласан байна. Сүмогийн гуравдугаар сарын башёг Осака хотод үзэгчгүйгээр зохион байгуулж, тавдугаар сарын башёг цуцалсны дараа ийнхүү хатуу чанга дэгэм, журмын дор долоодугаар сарын башёг зохион байгуулж буй билээ.
Сүмогийн холбооны эх сурвалжийн мэдээлж буйгаар маэгашира Абитай хамт түүнээс доогуур цолтой сүмочид хамт хоол идсэн гэнэ. Сүмогийн холбооны олон нийттэй харилцах албаны тэргүүн Шибатаяма энэ талаар “Тэрбээр гадны хүмүүстэй хамт байснаа хүлээн зөвшөөрсөн” гэжээ.