Шанхайн олон улсын 23 дахь кино наадам өчигдөр буюу долоодугаар сарын 25-ний үдээс өмнө нээлтээ хийжээ. “COVID-19” халдварын эсрэг кино наадам нээгдэж байгаа нь уг салбар болон зах зээл сэргэж буй дохиог өглөө хэмээн өмнөд хөршийн хэвлэлд бичжээ.
Шанхайн олон улсын кино наадам нь БНХАУ-ын цорын ганц А зэрэглэлийн олон улсын кино наадам юм. Халдварын үеэр кино наадмыг зохион байгуулах ажлыг тус улсын болон гадаадын байгууллага, нийгмийн олон салбарын хүмүүс дэмжиж, талууд идэвхтэй оролцож байгаа гэнэ. БНХАУ-ын зарим кино театр долоодугаар сарын 20-ноос ажиллаж эхэлсэн бөгөөд, долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 2-ныг хүртэл зохиогдох Шанхайн олон улсын кино наадам олны анхаарлын төвд байгаа ажээ. Халдвараас урьдчилан сэргийлэх ажлын холбогдох дүрмийн дагуу кино наадмын тасалбарыг интернэтээр зарсан байна. Тогтоолын дагуу кино театруудын билетийг нийт хүчин чадлынх нь 30 хувьтай тэнцэх хэмжээгээр зарж, үзэгчид халуунаа хэмжүүлэх, “эрүүл мэндийн код”-оо шалгуулах, хувийн мэдээллээ бүртгүүлэх, амны хаалт байнга хэрэглэх арга хэмжээг олон нийт дэмжин уг журмыг ягштал баримтлан кино наадмын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.
Энэ жилийн Шанхайн олон улсын кино наадмыг онлайн болон оффлайн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд ингэснээр кино сонирхогчдын сэтгэл ханамжийг хангаж, кино салбар дахь ажил эрхлэлтийг дэмжих зорилготой гэж зохион байгуулагчид нь онцолжээ. Кино наадмаар БНХАУ болон бусад улс орнуудын 320 гаруй кино Шанхай хотын 29 кино театрт гарах аж. Цар тахлын улмаас энэ жил “Алтан даашинз”, Азийн шинэ авьяас чадварын шагнал гардуулахгүй бөгөөд зохион байгуулагчид уг шагналуудад нэр дэвшүүлсэн бүтээлүүдийг зарлаж, кино багийнхантай уулзах, мэндчилгээ дэвшүүлэх арга хэмжээг онлайнаар зохион байгуулах юм байна. Шанхайн олон улсын кино наадам 1993 онд анх зохион байгуулагдсан бөгөөд Шанхай хотыг олон улсын соёлын төв болгох хүчин чармайлтаас үүдэлтэй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц арга хэмжээ юм.