Зуны улирал эхэлснээс хойш Ховд, Говь-Алтай, Завхан аймгуудад тарваган тахлын тохиолдол гарч, нэг хүн амь насаа алдаад буй. Гэвч иргэд тарваганы түүхий махыг нийслэл хот руу оруулж ирэх тохиолдол гарсаар байгаа аж. Тухайлбал, “Эмээлт” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор долоодугаар сарын 13-ны өдөр Архангай-Улаанбаатар чиглэлийн 85-88 АРА улсын дугаартай “KIA Granbird” маркийн зорчигч тээврийн автобусанд үзлэг шалгалт хийхэд 5 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зооноз өвчин судлалын төвд хүргүүлжээ. Уг хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аж. Мөн өнгөрсөн баасан гарарт “Эмээлт” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор иргэн С.Х нь “47-93 убн” улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотоос 3 ширхэг нойтон тарваганы тулам тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүлж Зооноз өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа ажээ.