Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баярт 5 жил хорих ял оноожээ. Мөн “Петровис” компанийг үүсгэн байгуулагч Ч.Даваанямд 2 жил хорих ял оноосон байна.
Шүүгдэгч С.Баяр нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэтгэх зорилгоор найз Ч.Даваанямын байгуулсан “Петровис” компанид шатах тослох материал нийлүүлэх гэрээ байгуулах, 2013 оныг дуустал хүчинтэй байхаар 418 тэрбум 385 сая 173 мянга 982 төгрөгийн орлого олох боломж олгосон. Түүний үр дүнд “Петровис” компанид эдийн засгийн болон давуу байдал үүсгэсэн. Мөн С.Баярын том охин Б.Нандин, Ч.Давааням нар хамтран үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг нэрээр 2010-2014 оны хооронд АНУ-д 4 үл хөдлөх хөрөнгийг худалдан авч борлуулж, орлогыг нь АНУ дахь С.Баярын болон эхнэр Сувдын дансаар 5 тэрбум 580 сая 443 мянган төгрөг дамжуулсан мөнгө угаасан гэмт хэрэг зохион байгуулсан гэм хэрэгт буруутайд тооцжээ.
Шүүгдэгч Ч.Давааням нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж давуу байдлаас бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн бизнес үргэлжлүүлэн явуулж байгаа нэрээр 2010-2014 оны хооронд дөрвөн үл хөдлөх хөрөнгийг худалдан авч, АНУ-ын банкин дахь С.Баярын болон эхнэр Судвынх нь дансаар 2011-2017 оны хугацаанд 5 тэрбум 580 сая 444 мянган төгрөг авч мөнгө угаасан үйлдэлд гэм буруутайд тооцсон байна.
С.Баярт албан тушаал эрхлэх эрхийг хоёр жилээс хасч, таван жилийн хорих ялыг нээлттэй дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэв. Ч.Даваанямд хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Мөн Ерөнхий сайд асан С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 мянган төгрөгийн орлого хураах шийдвэр гаргасан бол Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 440 мянган төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг АНУ-аас хураах шийдвэр гаргажээ.