Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Хэнтий аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж дараахь шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны долоодугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд сунгасан байна. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан зөвлөмж шаардлагыг хангасан хүүхдийн тоглоомын газар, баар /диско болон бүжгийн баарнаас бусад/, шашин, соёл урлаг, үйлчилгээний байгууллагуудын хэвийн ажиллуулахаар болжээ. Иргэн, хуулийн этгээдээс зохион байгуулах олон нийтийг хамарсан арга хэмжээ болон РС тоглоомын газар, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг явуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна.
Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг буулгаж, ажлын тусгай горимоор ажиллаж байгаа байгууллагуудыг энгийн горимд шилжүүлжээ. Түүнчлэн Хэрлэн суманд тохиолдсон үерийн аюулт үзэгдлийн дараах ариутгал халдваргүйжүүлэлтийн шатахууны зардалд зориулж 1.1 сая төгрөгийг иргэд ААН-ээс өгсөн хандивын мөнгөнөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.