Бэлтгэсэн Б.Дэлгэрмаа
Амралт, зугаалгын улирал ид үргэлжилж байна. Долоодугаар сарын энэ өдрүүдэд сүүдрэвчинд эсвэл холгүй орших модны сүүдэрт, аль эсвэл бүр түргэн урсгалт голын хөвөөнд, тасралтгүй бороо орсон уйтгартай саарал үдшээр амтархан унших номоо бариад суух нь танд яах аргагүй шинэ мэдрэмж өгч, бие. сэтгэлийн хувьд сайхан амралт болох нь дамжиггүй ээ. Иймд “Интерном” номын их дэлгүүрээс энэ сард уншихыг санал болгож буй дараах долоон номыг танилцуулж байна.
Пэтер Вензирски- ХОРИОТОЙ АЯЛАЛ (Адал явдалт орголтын түүх)
Ямар нэгэн зүйлд хоригдолгүй, хил хязгааргүй аялахыг хүсэгчид цөөнгүй. Гэхдээ зориг хатуужил, өөртөө итгэх итгэлтэй, шийдмэг цөөн хэд нь л ийм гайхалтай аялалыг хийдэг юмсанж.
1987оны Зүүн Берлиний оюутнууд болох Иенс, Мари нар Зүүн Герман дахь амьдралаа хэтэрхий давчуу баригдмал гэж үзэн гайхалтай адал явдал эрэлхийлэхээр зоригложээ. Тэд Монгол Улсад зочлох урилгыг хуурамчаар үйлдэн Улаанбаатар руу аялах виз пасспорттой болж чаддаг. Монголын үзэсгэлэнт байгалиар хэдэн долоо хоногийн турш аялсныхаа дараа тэд Хятад улсыг зорьцгооно. Тэндээс тэд Баруун Герман руу явж болох билээ. Харин одоо тэд шийдвэрээ гаргах ёстой… Гайхалтай адал явдалт орголтын түүх. Мөн гэрэл зургаа хөгжилтэй тайлбартайгаар хавсаргаж өгсөн учир танд уйдах зав өгөхгүй. Зоригтой, зоримог, хил хязгааргүй
Кэтрин Менсфилд- ГАДАА ҮДЭШЛЭГ
Долоодугаар сар бол эрх чөлөөг мэдэрч тунхаглах сар. Тиймдээ ч энэ сард хэтийдсэн гэмээр эрх чөлөөт зохиолч эмэгтэй Кэтрин Мэнсфилдийн хамгийн алдартай “Гадаа үдэшлэг ба бусад өгүүллэгүүд”-ийг уншиж өөрийгөө баригдмал давчуу үзэл бодол, үйл явдалын дарааллыг ойлгох гэж хичээх зузаан романаас чөлөөлөөд бусдын эрх чөлөөт орон зайд задгай аялал хийн эрх дураараа жингүйдэхийн сацуу танд бодрол үлдээх тийм л 12 өгүүллэгээс бүрдэх уг авсаархан номыг энэ сард санал болгох нь зүйн хэрэг биз ээ.
Батсуурийн Баясгалан- ЭДГЭРЭЛ
Олон сар ихийг бодож алжаасан биеэ тайтгаруулахаар энэ сард л бид уужуу тайвуу хөдөөг зорьдог шиг. Бодол сэтгэлийнхээ алжаалыг тайлж, оршихуйгаа эдгээх гэж яруу найрагт шимтдэг юм шиг ээ.
Яг л энэ сар энэ шүлгүүд төгс зохицох шиг. Яагаад юм бол оо? Зохиолч нь өөрөө Долоон сарын хүн болоод шүлгүүдэд нь энэ сар тэгтлээ гүн шингэчихсэн юм болов уу даа. Аль эсвэл бороотой шүлгүүд нь тийм мэдрэмжийг өгсөн ч байж болох юм.
Жон П.Стрелеки- БУЙД ГАЗРЫН КАФЕ “ЯАГААД”
Энэ ном 100 гаруйхан хуудастай гарын алганд багтахаар жижигхэн хэдий ч ганцаарчлан цаг гаргаад бодож эргэцүүлэнгээ, бичиж тэмдэглэн удаан гэгч нь унших гойд анхаарал шаардсан ном. Тэр чинээгээрээ таны амьдралыг өөрчилж ч мэднэ.
Нийгмийн бужигнаан дундаас гарч амгалан тайван газар очиж, сэтгэлээ жаахан ч болов амрааж, эрч хүчээ нөхөж авахыг хүссэн эр, амьдралд төөрсөн шигээ замдаа ч мөн төөрч явсаар ямар ч хүнгүй зэлүүд газар байх нэгэн кафег олж очих болно. Энд тэрбээр амьдралын хамгийн чухал мөн хамгийн чанадын асуулт болдог “Би яагаад энд ирсэн бэ?” хэмээх тун ярвигтай, утга учир бүхий асуултын хариултыг, мөн түүнд хүрэх арга замыг жигтэй сонирхол татам байдлаар олж чаддаг. Хүн энэ дэлхий дээр ямар зорилготой, юу хийж бүтээхээр ирсэн бэ гэдгээ олж гэмээ нь амьдрал нь утга учиртай болно. Гагцхүү чин зүрхний дуудлагаа сонсож, тэр зүйлээ олно гэдэг нь амаргүй даваа аж. Тэрээр уг кафены зөөгч, тогоочтой сонирхол татам яриа өрнүүлснээр мөнөөх асуултынхаа хариуг олж чаддаг. Уншигч та ч мөн ажил амьдралын завгүй хэмнэлээсээ бага ч болов чөлөөлөгдөн эзгүй, буйд газар очин амьдралын зорилго, утга учрыг хайж олсон эр шиг өдөр тутмын амьдралаасаа түр ч атугай завсарлан сэтгэлийнхээ мухарт хадаатай явдаг чухаг хэдэн асуултынхаа хариуг олж, хүн болж төрснийхөө учрыг тунгаах буй за.
Франсуа Лелорд –ХЕКТОР АЗ ЖАРГАЛЫН ЭРЭЛД
Аялал бол нэг талаараа эрэл шүү дээ. Аяллаас бид ямар нэг зүйлийг эрж хайдаг тайвшрал, аз жаргал, нөхөрлөл, ганцаар аялах үедээ “Би”-гээ хайдаг бас олж ч чаддаг.
Хектор сэтгэл мэдрэлийн эмч. Өндөр шилэн барилгууд сүндэрлэсэн их хотын төвд байрлах сэтгэл зүйн төв нь энгийн эмнэлэгээс ялгаатай. Учир нь зовлон үзээгүй ч аз жаргалгүй хүмүүс зөвлөгөө авахаар түүн дээр ирдэг. Тэд жинхэнээсээ өвдөөгүй бөгөөд Хекторын сургуульд заалгасан эмчилгээний аргад ийм өвчнийг эмчлэх арга байдаггүй. Тэгээд зөвлөгөөний төвөө хаагаад аялалд гарахаар шийднэ. Түүний аялалын турш хөтөлсөн тэмдэглэлд аз жаргалын жор бий.
Европ даяар хамгийн их уншигдсан уг ном танд аз жаргалыг мэдрэх талаар сургааль айлдалгүй зүгээр л сонирхолтой аялалд гараад аз жаргалын жороо олсон мэт мэдрэмжийг төрүүлнэ.
Нил Гейман- КОРАЛАЙН
Хэдхэн хоногийн өмнө хэвлэгдэн худалдаанд гарсан уг сонирхолтой шинэхэн ном энэ жагсаалтад нэрлэгдэхгүйгээр өнгөрөх боломжгүй шалтгаан олон бий. Энэ бол өөр ертөнцийн бас нэгэн түгшээсэн шидэт аялал.
Английн зохиолч Нил Гейманы орчин цагийн хамгийн алдартай туужуудийн нэг “Коралайн” 2002 онд анх хэвлэгдсэн даруйдаа уран сэтгэмжит зохиолд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал болох “Hugo Award”-ийг туужийн төрөлд хүртэж байв. “The Guardiаn” сэтгүүлээс “Коралайн” туужийг XXI зууны 100 шилдэг зохиолын 82 дугаарт нэрлэж байлаа.
Хүүхдийн зохиолыг орчин цагт өгүүлэмж, цар хүрээ, агуулга, дүрийн хувьд шинэ шатанд гаргасан эл уран сэтгэмжит туурийг өнөө цагийн “Алиса гайхамшгийн оронд”-той зүйрлэн, хэдийн сонгодогт тооцох болсон билээ.
“Коралайн” туужаас сэдэвлэн 2009 онд ижил нэртэй анимэйшн кино бүтээгдсэн нь хүүхдүүд төдийгүй томчуудын талархлыг хүлээж, тухайн ондоо шилдэг анимэйшн бүрэн хэмжээний кино төрөлд Оскарын шагналд нэр дэвшиж байв.
Түгжээтэй хаалга нээгээд л Нарниагийн гайхамшигт аялал эхэлдэг шиг, Алиса туулайн нүх рүү унаад цочирдом жигтэй аяллын эргүүлэгт татагдан ордог шиг Коралайнтай хамт нууцлаг хаалгаар нэвтрэн ормогцоо та хайр, ид шид, саарыг ялан дийлэх сайн сайхны хүчинд эрхгүй итгэх болно.
Андрэ Асиман- НАМАЙГ НЭРЭЭРЭЭ ДУУДААЧ
“Нью-Йорк таймс”-ын бестселлер бүтээл, Оскарт нэр дэвшсэн уран сайхны киноны эх зохиол “Намайг нэрээрээ дуудаач” роман орчин тойрноо хүлэн зөвшөөрөх, бусдыгаа хайрлах сэтгэлээр дүүргэх урам зоригийг танд өгөх болов уу?
“Намайг нэрээрээ дуудаач” зохиол бол Италийн далайн эрэг дээр цэцэглэсэн гайхалтай хайрын түүх юм. Гэртээ ном уншиж, хөгжим тоглон суух дуртай өсвөр насны ер бусын хүү Элио, эцэг эхийнх нь урилгат зуны зочин Оливертой уулзсанаар бүх зүйл эхэлнэ. Энэхүү дотносол яаж дуусах бол?
“Бид тэр үед оддыг олсон. Чи бид хоёр. Харин энэ амьдралд ганцхан удаа л олддог.” Нэгэн ер бусын хөвгүүний дотоод сэтгэл, зүй бус хэдий санагдах ч тогтоож үл болох хайрын орон зайгаар аялах таны бас нэгэн гайхшрам аялалд амжилт хүсье.
Долоодугаар сард та эдгээр номоор дамжуулан олон өөр ертөнц, орон зай, бие, оюун санаанд хувиран гайхалтай аяллыг хийгээрэй.