Сэтгүүлч Г.Хангарди
Ингэж хэлэхээр олон хүний нүд орой дээрээ гарна. Гэхдээ л үнэн. Ойрын жишээ нь манай Улаанбаатар шүү дээ. Бидний байнга шүүмжилдэг сэдвийн нэг. Хотын ерөнхий төлөвлөгөө гэж байх ёстой атал хамаагүй газар олголоо, эмх замбараагүй олон барилга байгууламж баригдлаа гээд л эхэлнэ. Тийм, бас үгүй. Газрын наймааг зөвтгөх гэсэнгүй. Харин хот төлөвлөлт гэдэг хэзээ ч хэрэгждэггүй гэдэг санааг дэлхий нийт хүлээн зөвшөөрөөд байгаа нь л анхаарал татна.
Орчин үеийн хот төлөвлөлтийн үндэс суурь 1960-1970 оны хооронд дэлхийн олон улс оронд хэрэгжсэн гэж үздэг юм байна. Гэвч дэлхийн томоохон хотууд бүгд төлөвлөгөө ёсоор хөгжиж чадаагүй ажээ. Эндээс хот төлөвлөлт гэдэг хэчнээн хэцүү зүйл болохыг харж болно. Хотууд төлөвлөгөөнийхөө дагуу хөгжөөгүйг алдаа гэж бас болохгүй юм. Яагаад гэвэл хот төлөвлөлт гэдэг хатуу чанд хууль, журам биш. Хотын хөгжил өөрөө амьд үйл явц. Өөрөөр хэлбэл амьдрал баян. Тиймээс төлөвлөгөөний дагуу яв цав бүтээн байгуулалт нь өрнөдөг хот гэж энэ дэлхий дээр байхгүй ажээ.
Монголчууд бидэнд хамгийн ойрын жишээ. Өнгөрсөн зууны 60, 70-аад он. Дайны дараахь бүтээн байгуулалт өрнөсөн Токио хот. Япончууд нийслэл хотоо хэрхэн хөгжүүлэх талаар энэ үед хамгийн их анхаарч, хот төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, төр засгийн бодлого, дэмжлэгтэйгээр боловсруулах оролдлогууд хийж эхэлсэн юм байна. Тухайн үед Кикутакэ Киёнари, Күрокава Кишёо, Оотака Масато, Макифүи Хико, Кавазоэ Ноборү нарын архитекторчдын хот төлөвлөлтийн метаболизм чиглэл, Исозаки Аратагийн “Агаарын хот” гэсэн хотжилтын зоримог төлөвлөлтүүд гарч иржээ. Эдгээр төлөвлөлтүүд ойрхон хугацаанд гарч ирсэн үзэл баримтлалууд бөгөөд хотыг хэрхэн тэлж, хөгжүүлэх вэ гэдэг үзэл баримтлалын хувьд төстэй, харин агуулгын хувьд ялгаатай байв. Эдгээр хот төлөвлөлтийн санаанууд тухайн үед дэлхийн бусад хотуудын төлөвлөлтөөс нэг алхам урагш гишгэж чадсан ажээ.
Токиогийн төлөвлөлтөөс эх авсан шийдэмгий санаанууд дэлхийн бусад хотуудад ч гарсан байдаг. Тиймээс Токиогийн хот төлөвлөлтийн түүхэн хөгжлийг харахад олон улсын хотуудад өнөө ч тулгарч буй асуудлуудын хариулт бий юм. Хамгийн сонирхолтой нь япончууд 1960-аад онд Токио хотынхоо төлөвлөлтийг хийж чадсан боловч энэ төлөвлөгөөнийхөө дагуу хөгжөөгүй гэнэ. Тухайн үед орчин цагийн алдарт архитекторчдын нэг Тангэ Кэнзо болон хот төлөвлөлтөд постмодернизмын онолыг баримтлагч Арата Исозаки нарын хүчтэй нөлөөн дор Японы хот суурингууд өнөөгийн өнгө төрхөө олон хөгжжээ.
Түүнчлэн хот төлөвлөлтийн олон үзэл баримтлалууд эрч хүчээ аван дэлгэрсэн байна. Тухайлбал, хот төлөвлөлтийн Voisin план нэлээд алдартай. Энэ нь тэгш хуваарилалтыг хот төлөвлөлтөд чухалчилдаг. Хотын төвд төвлөрлийг бий болгохгүйгээр тэгш хуваарилалт болон орчны ариун цэвэр, ашигтай тал, зохистой байдал зэргийг харгалзан үздэг Voisin планыг олон хотод хэрэгжүүлжээ. Энэхүү төлөвлөгөөнд хуучин хотыг нураан бүхнийг цоо шинээр, орчин үеийн шийдлээр барих үзэл санаа ч мөн агуулагдаж байв.
Мөн Cities in air буюу агаар дээрх хотын төлөвлөлтийг япон архитекторууд гаргаж иржээ. Энэ нь хотыг өргөжүүлэн тэлэхгүйгээр агаарт төлөвлөх, өндөр барилгууд олноор барихыг чухалчилдаг үзэл баримтлал. Энэ төлөвлөлтийн биелэл болж орчин үед томоохон хотууд агаарт сүндэрлэх болсон юм. Мөн үүний эсрэгээр газар доорхи хотууд ч цэцэглэн хөгжсөөр байгаа. Том хотын доор дахин нэг хот барьж байгуулах төлөвлөлт өнөөдөр мөн л хүчтэй дэлгэрсэн. Газар доорхи орон зайгаа ашиглан хотоо “тэлэх” энэхүү urban underground space төлөвлөлт хотжилт идэвхжиж байгаа орчин үед зайлшгүй шийдэл болжээ.
Улаанбаатарын тухай яриандаа эргэн ороход манай нийслэл 1954 онд орос ах нарын тусламжтайгаар анхны ерөнхий төлөвлөгөөгөө хийсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаагийн ерөнхий төлөвлөгөөг оросууд хийж байсан аж. Харин Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг монголчууд өөрсдөө хийжээ. Уг төлөвлөгөөнд 2013 онд тодотгол хийж, 2030 он хүртэлх Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг УИХ-аас баталсан. Улаанбаатар хот энэхүү ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу хөгжиж байгаа эсэх тусдаа асуудал. Ямартай ч агаарын хот болох, эсвэл газар доорхи орон зайдаа хот байгуулах шийдэл нийслэлд үгүйлэгдэж байгаагаас дөрвөн уулын дундаа багтахаа больтлоо хаяа тэлсээр байна.