Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт улсын хэмжээнд маргааш буюу 2020 оны долоодугаар сарын 02-ны өдөр эхэлж, 2020 оны долоодугаар сарын 05-ныг дуустал үргэлжилнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь
Огноо | Цаг | Шалгалт |
07 дугаар сарын 02-ны өдөр | 10:00-11:20 | Монгол улсын түүх |
14:00-15:20 | Англи хэл | |
07 дугаар сарын 03-ны өдөр | 10:00-11:40 | Хими |
13:00-14:20 | Газар зүй | |
16:30-17:50 | Нийгмийн тухай мэдлэг | |
07 дугаар сарын 04-ний өдөр | 10:00-11:20 | Биологи |
14:00-15:40 | Математик | |
07 дугаар сарын 05-ны өдөр | 10:00-11:40 | Физик |
13:00-14:20 | Орос хэл | |
16:00-17:20 | Монгол хэл |
2020 онд Улсын хэмжээнд 30902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 27999 нь энэ онд ЕБС төгсөж буй, 2903 нь өмнөх онуудад Ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид байна.
Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтын нэг ангид 1.5-2.0 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ, сандалд суудлын хуваарилалт хийсэн бөгөөд нэг ангид 12 шалгуулагч шалгалт өгнө. Элсэлтийн ерөнхий шалгалтыг нийслэлд 43, орон нутагт 42 нийт 85 шалгалтын байранд зохион байгуулна. УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс суудлын хуваарь дээр тухайн шалгалтыг өгөх шалгалтын байр, шалгалтын байранд ирэх цагийн тов, нэвтрэх хэсгийн дугаарыг тусгайлан зааж өгсөн байгаа. Шалгуулагч заасан цагт, заасан нэвтрэх хэсгийн шалгах цэгүүдээр дамжин шалгуулж, шалгалтын байранд нэвтэрнэ. Шалгуулагчдыг шалгалтын байрны заал тус бүрээр оруулах, шалгалт дууссаны дараа анги танхимаас гаргах хуваарийг боловсруулан мөрдөж, шуурхай байдлаар зохион байгуулан ажиллана.
Шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, гарын ариутгал хийх, 1 удаагийн бээлий өгөх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагаа явагдана. Шалгуулагчдыг оруулж эхлэхээс өмнө шалгалтын анги танхимд халдваргүйжүүлэх уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо гаргах, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс http://www.live.eec.mn цахим хаягаар ”LIVE”-аар анхны оноог шууд мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой. Боловсролын үнэлгээний төв нь Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог http://www.eec.mn цахим хуудсанд байршуулах юм байна. 2020 оны 07 дугаар сарын 06-нд шалгалтын жагсаалт, дүн оноог нийтэд зарлан мэдээлэх ба “Батламж хуудас”-ыг 07 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд:
- 2020 онд төгсөж буй шалгуулагчдад аймаг/дүүргийн БСУГ/хэлтсээр,
- өмнөх оны төгсөгчдөд Боловсролын үнэлгээний төвөөр тус тус дамжуулан тараана.