Saturday, November 23, 2024

Тахилч А.Алтан-Очир: ЦАГ ҮЕДЭЭ ЗОХИРЧ АРГА БАРИЛ ӨӨРЧЛӨГДЛӨӨ Ч СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ЧИГИЙГ ЯМАГТ БАРИМТАЛНА

Date:

“Данзанравжаа” музейн захирал, Ноён хутагтын наймдугаар үеийн тахилч А.Алтан-Очирыг “ХӨӨРӨЛДӨӨН” булангийнхаа анхны зочноор урилаа.

-Яриагаа таны бага наснаас эхэлье?
-За миний бага нас бол бусад хүүхдүүдийн адил цэцэрлэгээр хүмүүжээд Сайншандын 1 дүгээр 10 жилд 1-8 дугаар анги хүртлээ суралцсан. Наймдугаар ангиа төгсөөд ӨМӨЗО-ы Их сургуульд хоёр жил хэлний бэлтгэл дүүргэсэн. Хэлний бэлтгэл дүүргэснийхээ дараа Монголдоо ирж БНХАУ-ын ЭСЯ-нд шалгалт өгөөд, Хятадын “B” тэтгэлэг гэж байдаг. Тэр тэтгэлэгт хамрагдаад Хятадын зүүн хойд мужийн Багшийн их сургуульд бас хоёр жил сурсан. Энэ хугацаандаа “B” тэтгэлэгтэй байсан учраас ахиад тэтгэлэг хайж эхэлсэн. Тэгээд Шанхай хотын Техникийн их сургуульд “A”тэтгэлэгээр орсон.
-“A” тэтгэлэг гэдэг нь?
-100 хувийн тэтгэлэг гэсэн үг. Шанхайн Техникийн их сургуулийг 2013 онд Аялал жуулчлалын менежмент гэсэн мэргэжлээр төгсч Монголдоо ирсэн.
-Аялал жуулчлалын мэргэжлийг Хятадад эзэмшсэн гэсэн үг үү?
-Тийм. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд нь эх орондоо ирээд сургуулиа онлайнаар суралцаж төгссөн. Энэ хугацаанд 2012 онд АНУ-ын визэнд орсон. Тухайн үед эхнэртэйгээ танилцчихсан, эхнэр маань жирэмсэн байсан. Яг тэр үеэр тухайн өдөр визэнд орсон бүх хүмүүсийг 10 жилээр дар гэсэн Америкийн захирамж маягийн юм гарсан үе таарсан. Энэ ямар учиртай юм гэхээр 2012 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Обама дөнгөж ялчихсан. Бүх элчин сайдууд руугаа тухайн өдөр визэнд орж байгаа бүх хүнд 10 жилийн виз олго гэж. Би тэр үед эхнэртэйгээ визэнд орж таарч. Тэгээд бид хоёр 10 жилийн виз даруулчихаад тэр ондоо Америк руу явж байлаа. Том охиноо тэнд төрүүлсэн.
-Америкт төрсөн гэхээр иргэншил нь ямар байх вэ?
-Манайд давхар иргэншлийн хууль байхгүй учраас одоо Америкийн иргэн гэж явдаг. Хуультай бол 16 нас хүрэхээрээ аль улсын иргэн болохоо өөрөө шийднэ гэсэн үг л дээ.
-Америкт байхдаа ямар ажил хийж байв?

-Америкийн Виржинияд байсан. Анх нэг япон ресторанд сушины бэлтгэгчээр ажилласан. Жил хүрэхгүй хугацаанд хоёр ажил сольсон байдаг юм. Обама ерөнхийлөгчөөр сонгогдоод цагийн есөн доллар байсан ажлыг 12 болгож нэмсэн байсан. Миний хувьд аяллын визээр очсон болохоор ажил хийх хориотой. Хуучин үнэлгээгээр нь буюу цагийн есөн доллараар ажилладаг байлаа. Өдөрт найман цаг ажиллана. Том охин Энэрэл маань тэнд төрж эхнэр бид хоёр аав ээж болохын баяр догдлолыг анх тэнд л мэдэрсэн дээ. 2013 онд Монголдоо эргэж ирээд ерөнхийдөө аавынхаа ойр орчноор Улаанбаатар, Шанд гэх маягаар ингэж хоёр тийшээ явж өөрийн ажил хөдөлмөрийг эрхэлсэн.
-Сушины бэлтгэгч байсан гэхээр бусад хоолыг бол нэлээн сайн хийнэ биз?

-Хоол айхавтар сайн хийж чадахгүй ээ. Гэхдээ урд арваад жил болсон болохоор тиймэрхүү хоолонд дуртай. Ерөнхийдөө тиймэрхүү хоол ундыг бол хийгээд байдаг. Мэдээж бас монгол хоолондоо дуртай байлгүй яахав. Одоо бол шөлтэй устай хоол л идэх гээд байх болж. Ядардаг гэх юмуу.
-Ядардаг гэснээс өдөрт хэчнээн цаг ажиллаж байна. Ажил ч их байгаа даа?

-Ажил авснаас хойш мэдээж энэ явуулж байгаа ажлуудтайгаа танилцана. Энэ бүх ажилд заавал өөрөө гар бие оролцохгүй бол болохгүй. Дараа нь ямарваа нэг хүнтэй яг тэр ажлын талаар ярилаа гэхэд би өөрөө бүгдийг мэдсэн байх хэрэгтэй. Тийм болохоор ханцуйгаа шамлаад л орж байна. Ийш тийшээ явах ажил байнга гарна, Хамарын хийд рүү өдөрт хоёр удаа явчихдаг ч байх жишээний. Орой бол 12 цаг хүртэл сууна, зарим үед шөнө дунд хүргэнэ дээ. Тэгээд гэр бүлтэй болохоор болж өгвөл эрт харихыг боддог.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Эхнэр гурван хүүхэдтэй. Манай эхнэрийг Үржинбадам гэдэг.
-Америкаас ирээд ямар ажил эрхэлж байв?
-Янз янзын л юм хийх гэж оролдсон. Залуу хүмүүс тэгээд нэг хэсэгтээ өөрөөсөө хэтийдсэн агаарын юмнууд ярьж гүйцгээдэг. Тэгж гүйсэн үе ч надад байж л байна. Тэгээд ердөөсөө л юмыг багаас нь эхлэх нь зөв юм байна. Аливаа үе шат дарааллыг алгаслаа гэхэд эргээд алгассан шатан дээрээ буудаг юм байна гэдгийг ойлгож байгаа юм. Тэгээд 2016 онд интернэт тоглоомын газар ажиллуулж эхэлсэн.
-Улаанбаатарт уу?

-Тийм Улаанбаатарт. Өмнө нь бол зөндөө л санаа орж ирж байсан л даа. Хүнээс мөнгө зээлээд бар паб ажиллуулах гээд санаанууд бусад залуусын л адилаар орж ирж байсан. Тэгээд энэ маань архи дарс гээд бид нарт харш юм болохоор нэгд зохимжгүй, хоёрт хүний цагаан хэл ам гэж юм байдаг. Бид нарын хамгийн их айдаг юм бол цагаан хэл ам. Тахилч хүмүүсийн гэсэн үг. Тахилч хүмүүс ер нь 25 насандаа тахилч болох ёстой байдаг.
-25 насандаа тахилчийн ажлыг авах эрхтэй болдог гэсэн үг үү?

-Өмнөх тахилч шинэ тахилчид шилжүүлж өгдөг гэсэн үг. Цаг хугацааны эрхээр тахилчийн суудлыг шилжүүлж өгсөн мөртөө шинэ тахилчаа боловсруулж л байдаг. Гучин нас хүртэл нь. Дэргэдээс нь үг хэлэх, заах барих гэх мэтчилэн. Ингэж зааж өгдгийн үндэс нь нөгөө хүнээ л боловсруулаад байна гэсэн үг л дээ. Тэгээд тахилч нараас маань удаан насалсан хүн байна. Удаан наслаагүй бүүр богинохон насалсан хүмүүс бас байна. Балчиртаа хоёр ихэр төрчихөөд нэг нь хүнээр хорлогдоод нөгөөдөхийг нь хүмүүс авч зугтаагаад тахилчийн удмыг таслахгүй авч үлдэж байсан түүх ч бид нарт байдаг. Тийм учраас тахилчийн удмаа таслахгүй л гээд одоо хичээгээд явна даа. Дараачийн тахилч маань гараад ирчихсэн хажууд дэргэд гүйж байна.
-Ер нь анх хэдий үед өөрөө би тахилч болох юм байна. Энэ их өв соёлыг сахин хамгаалж хүмүүст түгээж дэлгэрүүлж явах юм байна гэдгээ мэдэв. Мэдээд яг юу бодогдож байв?
-Яг төдий өдийд мэдсэн гэсэн юм бол алга. Тэртэй тэргүй л мэдээ орохоосоо аавынхаа хажуу дэргэд суугаад л би энэ ажлыг хийнэ гээд бүр багаасаа ойлгож ухаарсан байсан. Тийм хэдий ч өмнөх тахилчийн цаг үеэс арай өөр болчихож байгаа болохоор мэдээж суралцах шаардлага байсан. Мөн шинэ соргог юманд хошуурч тухайн үеийг, одоо аавтайгаа өнгөрөөх үеийг ч юмуу тийм цаг хугацааг бол алдаж байсан нь ойлгомжтой. Тэгэхээр цаанаасаа өгөгдөл нь хажуудаа суулгаад заагаад явж байсан учраас. 1990 онд дөнгөж Хамарын хийд байгуулагдчихсан тав зургаан наснаасаа ухаан орлоо гэж бодоход тэр үеэс л аавын хажууд гүйж эхэлсэн байгаа юм. Хийд байгуулагдаад тав зургаан жил болчихсон үед жаахан хүүхэд л нэг бор машин дотор аавынхаа хажууд суучихсан явж байдаг байсан байх гээд байгаа юм. Ийм учиртай.
-Тахилчийн үүднээс одоо хийж байгаа болон цаашид хийхээр төлөвлөөд байгаа ажлууд юу байна?
-Одоо хийж байгаа ажлуудаас гэвэл Дорноговь аймгийн тусгай хамгаалалттай газрыг улсын тусгай хамгаалалттай газар болгох гээд хичээж явна. Үүгээр юу өөрчлөгдөх юм гэхээр Дорноговь аймаг маань өөрөө улсад итгэж байна гэсэн үг л дээ. Аймаг маань өөрөө маш хөдөлгөөнтэй аймаг учраас энэ хөдөлгөөн дундаас зарим нэг юмнууд өөрчлөгдөж магадгүй гэсэн айдастайгаар өөрчилж байгаа гэсэн үг. Хамгаалах зорилгоор. Саяхан хүртэл нэг лиценз олгогдоод ухна төнхөнө гээд ийм явдал боллоо шүү дээ. Тэгэхээр энэ маань дохио гэж үзээд тэгээд сэрэмжилж байна гэсэн үг. Хуучин цагт Хамарын хийд маань сумын хэмжээтэй том суурин газар байсан. Одоо энэ баригдсан байгаа хийдүүд бол хэдхэн тооны юм. Хүүхдийн дацан, ламиран гээд өшөө зөндөө хийдүүд гарч ирнэ л дээ. Цаашаагаа Одончимэд гуай анх суурь тавьж байсан Бүтээлийн цагаан өргөө гээд л зохиолчдын орж очиж өөрсдийнхөө бүтээл шүлгийг туурвидаг тийм өргөө хүртэл байдаг байсан. Хуучин ямар зан заншлаар байдаг байсан, яг тэрүүгээр нь дахиж үргэлжлүүлж хуучин байсан бүгдийг нь босгох зорилготой тахилч нар явж байгаа. Улаанбаатар хотод Цэцгэн эрхит ловон Бадамжунай бурханы цогцолбор бүтээж байгаа. Энэ цогцолборыг бас босгох гээд “Хүрээ тоонот”-ын хамт олонтойгоо чармайгаад явж байна даа.


-Энэ цогцолборынхоо тухай тодруулахгүй юу? Хэдий үеэс эхэлсэн ажил хэдэн хувьтай явна вэ?
-Тэр цогцолборын талаар яривал Говийн догшин ноён хутагт Богдын хүрээ рүү очоод Туул голоос цаашаа гарч чадаагүй буцсан. Тийм учраас Туул голын урд талд нэг чулуу тэмдэглэж орхисон байдаг. Манай тавдугаар ноён хутагтын тэмдэгтэй чулуу гэсэн үг. Ер нь хаа явсан газраа дандаа тийм тэмдэгтэй чулуу үлдээж байдаг. Тэр тэмдэгтэй чулуугаар нь бид хойч үед нь таньж мэдэж энд явж байжээ энд ийм үйл хэрэг хийжээ гэж хуучин домгуудыг бататгадаг. Тэгээд энэ ямар домогтой юм гэхээр яг тэр суурин дээр Цэцгэн эрхит ловон Бадамжунай гээд манайхны мэддэгээр түмэн мэсний бурханыг Хийморийн овооны энгэрт босоо хэлбэрээр Улаанбаатар хот руу харуулж барьсан цогцолбор хийж байна. Энэ цогцолбор маань 2014 онд анх үйл ажиллагаа нь эхлээд тэрнээс хойш дэд бүтцийн ажил болон хөрөнгө оруулагч хайх ажил явагдаж ирсэн. Хөрөнгө оруулагчийг бид нар жандаг гэж ярьдаг шашны хэллэг л дээ. Жандагуудыг хайх гээд ийм ажлуудыг хийгээд өдий хүртэл явсан байна. Ирэх жилээс бүтээн байгуулалт нь эхэлнэ. Энэ маань дээшээ доошоо урсдаг агаарын дүүжин шаттай мөн бурханыхаа доод талын цогцолбор руу орж зан үйл хийдэг газар болох юм. Ерөнхийдөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг хүмүүсийн амарч зугаалах талбайтай газар байна.
-Алтан-Очир гэдэг хувь хүнийг тодорхойлвол?

-Өөрийгөө тодорхойлвол одоо аавыгаа л дуурайх гэж явдаг хүүхэд байхгүй юу. Энэ залуу аавыгаа л дуурайх гэж явдаг. Олон үг ярих гээд байвал аавыгаа бодчихоод тэрийгээ залгидаг. Залгисныхаа дараа хэлэх ёстой байж гэж амаа барихгүйгээ бас мэддэг. Ийм л хүн. Аав бол амьдралын нэвтэрхий толь.
-Ер нь хүн байхын тухайд?
-Хүн байхын тухайд ярих юм бол маш гүн гүнзгий юм ярина л даа. Хүн гэдэг чинь өөрөө махан биетэй, оюун ухаантай хөдөлдөг зүйл. Хүн байхын тухайд аавын үлдээсэн тэмдэглэлийн дэвтэр дээр хүртэл хүн зургаан дуу авианаас бүрддэг. Зургаан дуу авиа нь хүний биеийг эргэж тойрч гардаг. Гарахдаа жишээлвэл зургаан дуу авианы нэг нь нэг талаас сүнс болж ирээд нөгөө тийш гарахдаа лагшин болж гардаг. Дахиад дээрээс доошоо орж ирлээ гэхэд оюуны дээд талын хэмжээнд очлоо гэхэд энэ зургаан дуу авиа л хүнийг удирддаг зүйл. Өнөөгийн энэ нийгэмд Алтан-Очир гэдэг хувь хүн бол бусдын адил амьдрах гээд л явж байгаа хүн. Үр хүүхдээ яах вэ. Ажилтайгаа хольчихгүйхэн шиг яаж тэжээж авч явах вэ. Ажилтайгаа холивол ажил гэр бүл минь яаж замхардаг билээ гэдгийг мэддэг учраас ялгаж салгаад авч явахыг хичээдэг. Үндсэндээ бол амьдрах гээд явж байгаа бусдын л адил хувь хүн атал зорилго бол өөр…
-Аавынхаа тухай дурсахгүй юу?
-Манай аав бол маш төлөв даруу хүн, бодь хүн гэж ярьдаг даа яг л тийм хүн. Бага байхад хэрвээ энэ нэг юмыг зарсан бол хэд болох болоо гэсэн бодол төрж болох байтал үргэлж мөнхөд музей руу орж ирээд хажууд нь тоглоод л өсөхөд гучин жилийн хооронд ийм бодол огтоосоо байхгүй болж байгаа юм. Шал өөр үнэлгээ байдаг гэдгийг ойлгочихдог. Далд үнэлгээ гэсэн үг. Ийм юмыг ойлгоход яалт ч үгүй манай аав өөрөө гардаж тусалж байгаа юм л даа.
-Үүнийг ойлгуулна аа гэдэг дараа үеийн тахилчаа энэ цаг үед нь тааруулж л бэлдэж байжээ дээ?
-Яг тийм. Энэ цаг үед нь тааруулаад бэлдчихэж байгаа юм. Ер нь зарим эцэг эхчүүд хүүхэддээ гар хүрээд л цохиж жанчаад л байгаа байдаг. Надад бол ийм юм байгаагүй. Зүгээр хоорондоо сайхан ярилцдаг. Ярилцах ярилцахдаа энд байгаа шимтэй юм болгоныг чи өөртөө шингээгээд бусдад илүү их шимтэй юм болгож өгөх ёстой гэдэг ийм ухааныг суулгасан. Шимтэй юм гэдэг маань хүмүүсийн оюуныг цэнэглэж соён гэгээрүүлэх тал руу нь хандуулах ёстой хүн шүү гэдгийг л ухааруулж өгч байгаа юм. Хоорондоо ярилцдаг. Гаргалгааг нь өөрөө яг гардаж хэлж өгөхгүй мөртөө хүүхдээрээ ухаж бодуулдаг байсан байгаа юм. Ухаж бодсоны үндсэн дээр хариуг нь заавал сонсдог. Хариуг нь хэллээ гэхэд зөв ч бай буруу ч бай хэлэхгүй бас. Огт хэлэхгүй. Тэгээд хажууд нь байгаад байхаар үйлдлээрээ илэрхийлдэг. Үйлдлээс нь буруу байжээ зөв байжээ гэдгийг хүүхэд өөрөө ухаж тунгааж ойлгож байна гэсэн үг. Иймэрхүү байдлаар л хүмүүжсэн. Аавууд ч тэгээд янз янзын л хүмүүс байдаг. Би өөрийнхөө аавыг бол бодь хүн гэж хэлнэ. Ямарч юманд уурлахгүй яг чин сэтгэлээсээ ханддаг. Юмыг хойш нь тавихгүй яг сууж байгаад хийж дуусгадаг. Ийм зан чанарууд нь одоо нүдэнд харагдаж л байна даа. Одоо шууд бууж байна гэсэн үг. Магадгүй энэ цаг үеийн байдлаас шалтгаалж би бас арай өөр арга барилтай гэж хэлж болно.
Өөр арга барилаар ажиллана гэсэн үг үү?
-Цаг үедээ тохируулж өөр арга барилаар ажиллана гэсэн үг. Гэхдээ энэ маань нөгөө нэг бидний гол тавьдаг соён гэгээрүүлэх гэсэн бодлогоос бол гажихгүй л дээ. Яагаад соён гэгээрүүлэх гэж яриад байгаа учир нь өмнөх бүх тахилчуудын намтар нь одоо манайд байдаг. Манай ургийн бичиг байдаг. Энэ ургийн бичиг дээр өмнөх төддүгээр үеийн тахилч тийм тийм ажилтай байсан. Ажлынхаа хажуугаар тахилчийн үүргийг ингэж гүйцэтгэдэг байсан гээд бичээтэй бий. Ер нь Хутагтын тухай гарсан номууд дээр тахилч нарын тухайд ажаа өвөө, аав хоёрыг л голцуу бичсэн байдаг. Онгоо, Наряа гээд өөр тахилч нарыг ярихад төдийлэн номон дээр дөвийлгөж гарч ирээгүй байдаг. Тэр хүмүүсийн цаг үе нь маш нууц бөгөөд тайван цаг үе байсан. Далд байх ёстой байсан. Гарч ирэх боломжгүй. Аавын үед л яг цаг нь ирээд гаргаж дэлгэж тавьсан учраас энэ цаг үеийг хүмүүс дөвийлгөж товойлгож ярьдаг. Би бол тэгэх дургүй. Мэдээж аавыгаа магтаж л таарна. Тэгэхдээ бусдыг нь үгүйсгэхгүйгээр өмнөх үеийн тахилч нар яг адилхан хэргэм зэрэгтэй яг адилхан үүргийг гүйцэтгэж ийм хатуу үйлийг хийж явцгаасан гэдгийг мартаж болохгүй.
-Бүгдийнх нь хичээл зүтгэл, үйл хэргийг адилтгаж үздэг гэж ойлговол болох уу?

-Тийм тийм.
-Аавын тань захиж үлдээсэн захиас сургамж юу байв?

-Одоо болтол надад сургаад явж байна л даа. Би түрүүнд хэлсэн аавын үлдээсэн тэмдэглэлийн дэвтэр гэж. Одоо надад 13 ширхэг тэмдэглэлийн дэвтэр байдаг. Тэмдэглэлийн дэвтрүүд юуг хэлдэг вэ гэхээр нөгөө л ажаа өвөө аавд захиас бичиж байсантай адил надад одоо 13 тэмдэглэлийн дэвтэр захиас байна. За миний хүү олон дунд явахад хурц үйлдэл хийж болохгүй гэх мэтээр янз янзаар л захисан зүйлүүд байгаа. Олонтой ингэж харьцана. Одоо цаг үе чинь ийм юм руу хөтөлж байна. Ингээрэй тэгээрэй гээд бичсэн тэмдэглэлийн дэвтрүүд. Одоо бол өвлөх гэрчилгээ гээд албан ёсоор тийм зүйлүүд байгаа шүү дээ. Ийм юмнуудыг хүртэл бэлдэж үлдээсэн байдаг. Өөрийнхөө бие муудаж байгааг мэдэж байсан. Одоо энэ үүдэнд байгааг харсан бол гурван морьтой хүний зураг байгаа. Нэг нь аав, нэг нь ажаа өвөө, нөгөө нь тавдугаар ноён хутагт Хан Баянзүрх хайрхны урд гурвуулаа морьтой явж байгаа зураг. Одоо ингээд эргүүлээд морийг нь хүртэл ажихад тухайн хүний хийсэн, ядсан ядарсан зүдэрсэн тухайн үеийн байдлыг нь илтгэж байдаг юм байна лээ. Л.Халзан гэж манай аймгийн зураач зурсан байдаг. Энэ хүн бүр хоёр жил гаруйн өмнөөс энэ зургаа зурчихаад фэйсбүүк дээр тавьсан байгаа юм. Түүнийг нь аав олж үзээд за энэ миний дохио болж байгаа юм байнаа гэж. Би захиасаа л яриад байна шүү дээ. Дэвтрүүдийн тухай. За энэ бол ноён хутагтаас надад илгээж байгаа дохио юм байнаа гэж бодсон байгаа юм. Тэр нь үнэхээр дохио байсан л даа. Тэгээд үүнийг бодсоны дараагаас өөрөө надад зориулж бэлтгэж эхэлсэн байгаа юм. Тэмдэглэлийн дэвтэр, ийм ийм гээд л, холбогдолтой бичиг баримтыг хүртэл сейфэнд ангилаад хийгээд үлдээчихсэн. Ийм байдалтай. Тэгэхээр одоо би өөрийн гэсэн бодол үйлдэл дээрээ аавынхаа захиастай уялдуулж сэтгэж ажиллах нь ээ дээ. Ийм учиртай зураг байгаа юмаа.
-Тэгэхээр аавтайгаа хамтраад үйл хэргээ үргэлжлүүлж явна аа л гэсэн үг байх нь ээ дээ?
-Тийм. Одоо болтол бид нар чинь тасраагүй явж байгаагийн учир нь бид нарт өөрсдөд нь сахиус шүтээн гэж байдаг учраас тэрэндээ итгэалтэй явцгаадаг.
-Үе үеийн тахилчид яг ингэж дараагийн тахилчдаа үлдээдэг байх нь. Тийм үү?
-Тийм. Ерөөсөө бүх үеийн тахилчид ингэж үлдээсэн байгаа. Аавын үед бол газар нуудаг байж. Газар нуусан юмаа ажаа өвөө аавд үзүүлээд л бүгдийг нь тайлбарлаад эргүүлээд хийснийх нь дараа аав цээжлээгүй байх юм бол тэр юу билээ энэ юу билээ гэж асуудаг байсан. Одоо бол энэнээс тэс өөр музей гэдэг зүйл байгуулчихсан олныг соён гэгээрүүлээд явж байгаа. Яг соён гэгээрүүлээд явж байхад нь би мөнхийн хажууд нь байж өссөн. Тийм учраас тэр хүн тэгж цээжилж байсан бол би чихэндээ хоногштол сонсч музейд өссөн хүн. Ялгаа нь энэ. Дараагийн тахилчийн үед ямар болж хувирахыг би хараахан мэдэхгүй байгаа учраас мэдээж тахилч хүний ур ухаан сийлэх асуудал.

Долоо дахь үеийн тахилч, МУСГЗ З.Алтангэрэл агсан АНУ-ын Элчин сайд Майк Клеческийн хамт.


-Өмнөх үеийн тахилчид хутагтуудтайгаа хэр холбоотой ажиллаж байсан бэ?

-Өмнөх хутагтуудтай ер нь байнгын холбоотой тэгэхдээ маш нууц байдалтай холбогддог байсан. Зарим нь нууцын юм ч гэж ярьдаг, зарим нь ил болгосон нь дээрээ ч гэж ярьдаг байсан байгаа юм. Саяхан гэхэд л наймдугаар ноён хутагтыг Өвөрмонголд ирэхэд нь ажаа өвөө очиж уулзсан байдаг. Хил түрхэн зуур нээгдэх үе таарч. Дэргэд нь бүх зан үйлээ хийж өөрсдийгөө таниулах үүх түүх өмнөх юмнуудыг нь хэлж ярьж таниулчихаад эргэж ирсэн гэдэг. Ийм өнгөн маягаар хэлж болохоор маш далд нууцууд зөндөө байгаа.
-Есдүгээр дүрийн хутагттай хэрхэн холбогдож ажиллаж байна?

-Хутагтууд бол бас л яг адил соён гэгээрүүлэх үүрэгтэй. Хуучин цагт бол хошуу нутагтаа маш нөлөө бүхий, хүмүүсийг байлдан дагуулж чаддаг тийм увидас бүхий хүмүүсийг гэгээнтнүүд гэж байгаа юм. Одоогийн байдалд бол гэгээнтнүүд маш ихээр төрөх болсон. Хуучин бол өөрийн төрөгдөлтэй өгөгдөлтэй гэгээнтнүүд төрдөг байсан. Хоёр янз байдаг. Нэг нь төрмөл төрсөн хүн. Бага таван наснаасаа шүлэг бичээд л явчихдаг төрмөл гэсэн үг. Нөгөөх нь савтай төрсөн хүн. Төрмөл хүний хэмжээний савтай төрсөн хүн гэсэн үг. Энэ савыг багш нар нь эрдэм номоор дүүргээд боловсруулдаг байгаа юм. Боловсруулсны дараа энэ хүн өөрөө үйл хэргээ цаашаа хийгээд явна гэсэн үг л дээ. Тавдугаар догшин ноён хутагт бол өмнөх дүрүүдийнхээ ид шидийг өөр дээрээ бүрэн хуримтлуулж чадсан ганц гэгээнтэн байхгүй юу. Тавдугаар дүрийн онцлох зүйл бол энэ байгаа юм. Орчин үеийн залуучуудад л хандаж ийм ид шид гэсэн нэршил оруулж ярилаа. Хуучны нэршилээр нь ярих юм бол өнөөгийн залуус энэ сонинг аваад уншлаа гэхэд маш төвөгтэй санагдана байх. Тэгэхээр тахилч гэдэг хүн маань одоо энэ цаг үетэйгээ тааруулаад явж байна аа гэсэн үг. Бусад ноён хутагтууд нь бол өөр өөрийн гэсэн онцлох юмтай.
-Захидлын талаар тодруулахгүй юу?

-Тахилч нарын захиа бол үндсэндээ өөрөө хэлж амжаагүй бөгөөд цааш сахиж дагаж явбал болохоор ийм зүйлийг хэлдэг. Энэ нь ямар зүйл байдаг вэ гэхээр жишээ нь ажаа өвөө аавд захиа бичээд энгийн хүн уншихад зүгээр нутаг нуга уул ус яриад өнгөрч байгаа мэт боловч яг тахилч хүн тэрийг өөрөө уншихад өөр утга агуулгатай ойлгож авдаг. Энэ маань хоёрдмол утгатай гаргаж ирдэг гэсэн үг. Ажаа өвөөгийн аавд бичсэн захидлуудаас бас нэгийг сонирхуулъя гэж бодож байна.

…Сайн байна уу?
Ойрноос бие муухан байна. Чи нэг ирвэл сайн байна. Насны хэр ойртож байгаа юм байлгүй. Ажаа нь чамд хэлж ярих юм байна. Их айлын юмс эзэнгүйдэж тун болохгүй. Иймээс чи хэд хоног хөдөө ирж хоёулаа жаал ярилцъя. Уг нь ингэж юмсын учир жанцанг багаас чинь чамд хэлж өгч байсан. Дахиад нэг давтан хэлэхэд юу нь муу байх буй. Одоо хөдөө нам тайван. Хүмүүс ноосоо хяргаж тушаах гээд дор дороо ажилтай байгаа үе, дээр нь нэгдлээс ноос тушаахыг шахан байгаа үе, ийм болохоор хоёулаа салхинд гарч ихсийн тухай үг хэлэлцэхэд яг болох үе. Ажлаасаа сарын чөлөө аваарай. Ажаа нь чамд мөнгө өгнө. Ар гэрээ зохицуулаад ирнэ биз дээ. Засаг овоог чи мэднэ дээ. Түүгээр орох хэрэг байна. Бас дөрөвдүгээрийн нас болсон газрыг зааж өгөхөө хойшлуулсаар өдий хүрлээ. Ирэхдээ амралтаар ирж байгаа дүр гаргана биз. Эмсүүд л хойно цаадуул чинь биднийг сэм харах байх. Чи ахиухан чихэр боов авчираад өгчихвөл болох нь тэр. Ирээд чи зээр харъя гэдэг ч юмуу, газар орон зугаална гэдэг ч юмуу, нэг арга зохионо биз. Харин чи хоёр хоёрын жангийн хэмжээтэй берзээнт, бас шифр олж ир. Өөр юмны хэрэггүй. Нөгөө тосноосоо байвал авчирч болно. Өөр зүйлгүй.
Ажаа чинь.
Аргын 1981 оны 07 дугаар сарын 04-ний сайн өдөр

-Ил үгээр бол бичдэггүй байх нь ээ?
-Ил үгээр бичдэггүй. Маш далд байсан гэсэн үг. Энэнтэй адилхан аавын үлдээсэн 13 тэмдэглэлийн дэвтэр дээрхийг уншихад, унших болгондоо нэг юм ойлгож авдаг. Нэг өгүүлбэрийг хоёр удаа уншихад хоёр ойлгодогоо л гэсэн үг. Маш далд агуулгатай бичдэг. Ер нь өмнөх үеийн тахилч нар залуу тахилчтайгаа хамт байх хугацаандаа бүх ойлголтыг өгчихдөг байсан. Миний хувьд цаг орчин өөр үе, зайлшгүй суралцах өөрийгөө хөгжүүлэх шаардлага байсан тул хятад улс руу явж хятад хэлийг эзэмшиж тэндэхийн уур амьсгалыг мэдэрчихээд ирэх нь зөв байсан. Ингээд яваад ирэхэд би хугацаа алдаж байгаа юм. Юунд хугацаа алдаж байна вэ гэхээр далд ертөнцийг надад ойлгуулах гэж зөвхөн зургаар энэ нь ийм байдаг тэр нь тийм байдаг гэж. Араас нь бичгээр давхар ингэж илэрхийлж миний алдсан цаг хугацааг, хажуудаа байх цаг хугацааг ингэж нөхөж бичсэн тэмдэглэлийн дэвтэр хүртэл байгаа. Тэгээд тэрнээсээ нэг юмуу хоёр зургийг сонинд тавьж бас болох юм. Ердөө жишээ болгож л үзүүлж байгаа юм. Ард нь маш их юм байгаа гэсэн үг.
-Ажаа өвөөгийнхөө талаар хэр мэдэх вэ?

-1994 онд өөд болсон хүн. Намайг дөрвөн настай байхад. Би бол яг амьд ахуйг нь сайн мэддэггүй. Тэгээд мэдээж аавтай хамт явж байхад ажаа өвөө ингэдэг байсан ажаа өвөө тэгдэг байсан. Энэ газрыг ажаа өвөө тэгж нэрлэдэг байсан би болохоор ингэж нэрлэдэг байсан гэж ярина. Тэгээд яагаад хоёр өөрөөр нэрлэж байгаа юм гэхээр чи залуу хүн энэ шинэ нэрээр нь нэрлээ би хуучны хүн хуучин нэрээр нь нэрлэе. Энэ нь чи бид хоёрт өлзийтэй гэж хүртэл ярьдаг. Уг үгнийхээ утга агуулгаар далд бус утга агуулж нэгэндээ ярьдаг байсан байгаа юм. Тийм учраас хуучны юм ярилаа гэхэд би хуучны нэршлээр нь ярина. Шинэ хүмүүстэй шинэ цагийн нэршлээр нь ярина. Яагаад ингэж байгаа гэвэл тэр газар одоогоор бол ордтой газар байдаг. Ийм газруудыг хүнд мэдэгдэхгүйн тулд шинэ хуучин нэршилээр нь ялгаж ярьдаг. Яг жинхэнэ нэршил нь бол өөр байдаг. Шинэ хүмүүсийн мэдэх ёстой нэршил нь бас өөр байдаг. Ийм ийм талаар аавын ярьж хэлдэг байсан зүйлсээр л ажаа өвөөг мэднэ үү гэхээс балчир байсан учраас илүүг мэдэхгүй.
-Одоо манайхны Хүслийн уул гээд байгаа Хан Баянзүрх хайрхны нэрийг сүүлд өгсөн гэж ярих юм билээ. Энэ үүнтэй холбоотой юу?

-Энэ нэлээн сүүл үед хошуу ноёноос хан болгож өргөмжилсөн нэршил байгаа юм. Сүхбаатарт Алтан овоог эм овоо гэж ярьдаг. Дорноговьд Хан Баянзүрх уулаа эр овоо гэж ярьдаг. Энэ хоёр ууландаа байнга мөргөж сүсэглэж байгаарай гэдэг. Энэ уулууд маань цаагуураа холбоотой байдаг. Одоо Чойрын Богд ийм байдаг. Дээр үеийн гэгээнтнүүд алс газар зорихдоо заавал сор болсон тод тэмдэгтэй газруудаар явдаг. Эд нар нь дандаа голдуу хан өргөмжлөлтэй уулнууд байдаг. Тэдгээрийг тахиж шүтээд аргадчихаад гардаг. Аргадаад гарахгүй бол нөгөө уулнууд нь бас хоргоож морь туших ч юмуу нэг иймэрхүү юм болдог. Тэгээд аргадаж ном уншчихаад цаашаа явдаг. Тэгэхээр уул гэдэг амьтай зүйл гэдгийг л бидэнд илэрхийлж байгаа юм. Гуравдугаар ноён хутагт ард олны хүслийг биелүүлнэ хэмээн ууландаа шингэсэн домог байдаг. Энэ домгийн нэршлээр хүсэл биелүүлэгч уул гэх болсон. Зарим нь Хар уул гэж ярьдаг. Яагаад ийм нэршилтэй болсон юм бэ гэхээр яг очоод харахаар цээжнээсээ дээшээ цул хар өнгөтэй болоод явчихдаг. Энэ маань шинжлэх ухаанаар яривал далайн төвшнөөс дээшээ байсан гэдгийг илэрхийлж байгаа зүйл. Доошоо болохоор далайн төвшнөөс доошоо байсан байгаа юм. Тэгэхээр далайн төвшин ийм хэмжээнд байхад хүртэл энэ уул байж байсаан гэсэн үг. Маш урт настай уул.
-Саяхан Хамарын хийд орчмын газрыг ухаж төнхөх гээд нэг юм болсон. Иргэд бол намжсан, нэг тийш шийдэгдсэн л гэсэн ойлголттой байгаа. Энэ асуудал шийдэгдсэн үү?
-Тэр хараахан бүрэн шийдэгдэж амжаагүй байгаа. Улаанбаатар хотод шүүх дээр одоо болтол очиж уулзаж байгаа. Ямар утга учиртай уулзаж байгаа юм бэ гэхээр биднийг заргалдаж байгаад тэнд байсан лицензийг цуцлуулсан. Тийм болохоор тэнд суурьшсан ажлын хөлс, зам тээвэр гээд нөхөн төлбөр авах маягтайгаар бид нарыг эргээд шүүхдэж байгаа юм. Тэгэхээр зүгээр өөрийн нутгийг очиж хамгаалсны төлөө эргээд юманд унаж байна гэсэн үг л дээ. Хараахан шийдэгдээгүй шүүх дээр хэлцэгдэж байна.
-Аавынхаа улс төрийн сонголтыг хэр дэмждэг байв?

-1990 онд ардчилал маш хүчтэй түрж гарч ирсэн. Энийг дэмжсэнээрээ Хутагтын музей болон Хамарын хийдийг тууриар нь сэргээн босгож ирэх шалтгаан болсон. Энэ нам маань өөрчлөгдөөд улс төрийн чиг хандлага нь цаашаа өөр юм руу туйлаад явчихаар нь биеэ татаж эхэлсэн. Гэвч яалт ч үгүй энэ их өв соёлыг хамгаалах олон түмэнд хүргэхийн тулд тэрнийхээ төлөө оролцож эхэлсэн байдаг юм. Энийг л хийх гэж, энэ үгийг л хэлэх гэж улс төрд орж ирсэн болохоос хувийн ямар нэгэн ашиг сонирхол бол огтоос байгаагүй. Тэгж ойлгож байдаг.
-Хутагтын өв соёлыг сахин хамгаалах, түгээн дэлгэрүүлэх их үйлийг зөвхөн ааваар тань төлөөлүүлж боддог хүмүүс олон байдаг. Тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?
-Ер нь тодорхой хугацаанаас хойш хүмүүс асууж байгаа л даа. Чи одоо яг юу хийж байна. Аавын чинь үргэлжлүүлж байсан ажил хэр явж байна. Тахилчийг маань байхгүй болчихоор яана даа гэх мэтээр. Энэ дээр бол би нэг л юмыг хэлье. Хүүхэд төрөнгүүтээ намайг тэр гэдэг гээд гүйхгүй. Хөлд ороод хэлд ордог. Одоо би хөлд ороод хэлд орох гээд л явж байгаа хүн байхгүй юу. Тахилчийн үйл хэрэг зогсоогүй үргэлжилж байгаа. Хойшид ч үргэлжлэх юмаа гээд л тайлбарлачихад болно байх.

Хөөрөлдөөний хөтөч Б.Лхагвадорж, гэрэл зургийг Э.Эрдэнэдалай

Дорноговь аймгийн ууган хэвлэл “Өнөөдрийн ялалт” сонины албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...