Friday, November 22, 2024

Д.Чулуунцэцэг: Уламжлалт анагаах ухаанаа ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх ёстой

Date:

Монголын уламжлалт анагаах ухааныг хилийн чанадад сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлж яваа нэгэн эрхэмтэй уншигч таныг эчнээ танилцуулах гэж байна. Тэрээр уламжлалт анагаах ухааны 160 гаруй эмийн фармакопи клиникийн судалгааг хийж Монголдоо баталгаажуулсан төдийгүй арав гаруй нэр төрлийн уламжлалт эм танг Европод хүлээн зөвшөөрүүлж стандартыг нь батлуулж чадсан нэгэн. 

Монголын уламжлалт анагаах ухаан, уламжлалт эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бол монголчуудын оюуны өв төдийгүй экспортын асар том салбар гэдгийг олж харж, тэр бүхнээ төр засгийн бодлогод тусган ажил хэрэг болгохсон хэмээн хичээн зүтгэж яваа ажлынх нь зах зухаас бид хөндөн ярилцсан юм. Энэ хүн бол Монголын Синергетик анагаах ухаан судлалын төвийн тэргүүн Д.Чулуунцэцэг. 

Тэрээр Уламжлалт анагаах ухааны хүрээлэнд ажиллаж байхдаа 1989 онд өвчтөнийхөө урилгаар анх Германд очжээ. Тийн явахдаа Монголын уламжлалт анагаах ухаан Европт түгэн дэлгэрэх боломжтой юм байна, монголчууд юу чаддагаа энд л харуулж болох юм байна гэсэн бодол түүнд төрсөн аж. Ингээд зориглон хөөцөлдсөнөөр уламжлалт анагаах ухааны эмч нарын түүчээ болон Европыг зорьжээ. 

Түүний араас Польшид монгол эмч нар олноор очсон аж. Анх зургаа, долоон эмч Европт ажиллахаар очиж байсан бол хэдхэн жилийн дотор мянга гаруй эмч тэдний араас гарчээ. Бүхэл бүтэн хэд хэдэн эмнэлэг тэр чигээрээ нүүгээд оччихсон гэсэн үг. Тухайн үед АНУ иргэн польш гаралтай нэгэн эрхэм Монголын уламжлалт анагаах ухаан үнэхээр гайхамшигтай, эмч нар нь чадвартай гэдгийг олж харж. Ингээд тэрээр монгол эмч нарыг Польш руу зуучилж өгчээ. Анх манай эмч нарыг Польшид зургаан сар, АНУ-д мөн зургаан сар, жил зургаан сарын хугацаатайгаар ажиллуулахаар аваачиж байсан гэнэ.

Познан Чука буюу Пани доктор  

-Уламжлалтын эмч нэр тийм олноороо Европ руу гарсан нь тэнд зах зээл, боломж байсных биз?

-Манай уламжлалтынхан шиг бүхэл бүтэн салбараараа шахуу гадагшаа гадаадын зах зээлд гараад явчихсан салбар байдаггүй байх. Монголд гаднаас хөрөнгө оруулалтыг хамгийн анх маш ихээр оруулж ирсэн улс бол уламжлал анагаах ухааныхан юм шүү дээ. Эндээс эмийн бүтээгдэхүүн, түүхий эд бүх юмаа авна. Үүгээрээ экспортыг жинхэнэ утгаар нь хийж байгаа. Тэгээд л бүтэн жил гүрийж ажиллачихаад олсон мөнгөө барьж ирээд энд нэг байшин барина, тэнд нэг хүүхэд сургуульд оруулна. Би л лав ерөөсөө л ийм ажил хийж яваа хүн. Сэтгэл зүрх хаашаа, Монгол руу. Олж байгаа хөрөнгө мөнгө цалин урамшуулал Монгол руу. Гадаадад ажиллаж байгаа тэр  олон мэргэжилтнүүдээс асар их хөрөнгө оруулалт орж ирж байсан. Би ах дүү олуулаа хүн. Бүгдийг нь хоолонд нь хүргэсэн. Сүүлдээ алба юм шиг хэн нэгний хүүхэд сургуульд орно төлбөрийг нь даана. За одоо манай хүүхэд сургуульд орох гэж байгаа шүү гэнэ. Өнгөрсөн 27 жилд Монголдоо олон сайхан боловсон хүчин бэлтгэж өглөө. Ажилтай ажилгүй олон хүнд тус дэм болж явна даа.

-Хүний газар очиж бүхнийг шинээр эхлэхэд хэцүү байсан уу?

-Анх очиход хэцүү байгаагүй ээ. Би монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Монгол ухаан, монголын уламжлалт анагаах ухаан гэдэг агуу. Монгол Улс, Монголын төр үүнийг дэмжээд хөгжүүлээд явбал шавхагдашгүй баялаг юм. Одоо дэлхий тэр аяараа натур, био, эко болчихоод байна шүү дээ. Монголд л тэр бүхэн чинь жинхэнээрээ байна. Эх орондоо ирэх болгондоо би үүгээрээ бахархдаг. 

Сая би нэг польш үйлчлүүлэгчээ дагуулж ирлээ. 20 жил надаар эмчлүүлсэн 70 настай хөгшин Монголд ирээд үнэхээр гайхаж, бахархсан. Тэгээд надад Монгол орон чинь бурхны үнэртэй юм байна аа гэж хэлсэн. Яагаад гэсэн чинь нөгөө таны өгдөг эм чинь үнэртээд байна шүү дээ гэнэ. Хөдөө очоод бүр бишрэн шүтсэн. Ийм сайхан хангайгаас та нарын ууж байгаа эмийг бэлддэг юм гэж би түүнд хэлсэн. Тэр хүн “Би нисчихсэн юм шиг боллоо” гээд л маш сэтгэл дүүрэн буцсан. Намайг анх Монголын тухай ярихад үнэмшдэггүй гэдэг ч юм уу, яг ийм гэж төсөөлж чаддаггүй л байсан юм байна л даа. Тэгээд биеэр ирж үзээд их өндөр сэтгэгдэлтэй буцсан. 

-Та олон үйлчлүүлэгчээ Монголд авчирч байсан уу?

-Тийм ч олон биш ээ. 

-Европынхон, тухайлбал польшууд монгол уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаанаас илүүд үзэх болсны шалтгаан юунд байна вэ?

-Өвөг дээдсийн үлдээсэн өв их ухааны л гайхамшиг гэж хэлнэ дээ. Ёс заншил, уламжлал гэдэг агуу. Би Монгол эх оронд төрсөн монгол хүн гэдгээрээ бахархаж явдаг. Монгол хүний ухаан дэлхийд ноёлох хаан ухаан гэж би бардам хэлнэ.  

Монголын уламжлалт анагаах ухаан дэлхийд тэргүүлж байгааг баруунд 27 жил ажиллахдаа алхам тутамдаа мэдэрч явсан. Европынхон кофе их ууна. Тиймээс эхлээд бид “Та ийм их стрэсс, дефрэсстэй байж кофе битгий уу” гээд л тайлбарлана. Кофеныхоо оронд манай танг хэрэглэ гэнэ. Хоол идэхээс хэдэн минутын өмнө уух, хэдэн сар уух тан өгөөд л. Ингэж л уламжлалт монгол анагаах ухаанаа таниулж эхэлж байлаа Одоо би үйлчлүүлэгчдийнхээ дөрвөн үеийг үзчихээд байна.

Анх очиход 1991 онд над дээр ирж байсан өвчтөнүүдийн хүүхэд, ач, зээ, гуч нар нь одоо ирж үйлчлүүлж байгаа. Ингээд бөөнөөрөө надад ирж эрүүл мэндээ даатгаад, би гэр бүлийнх нь эмч болчихсон байна. Польшууд гэр бүлээрээ монгол эм, эмчийг шүтээд явж байна. Тэгэхээр монгол эмнэлэг агуу байгаа биз. Энэ их өв эрдмийг хайрлахаас өөр аргагүй. Бахархаж хүндлэхээс өөр арга байхгүй. Үүнийгээ өвлүүлэх юм сан, сургах юм сан гэдэг сэтгэл төрөхөөс өөр аргагүй.

-Монголын уламжлалт анагаах ухаан орчин үеийн анагаах ухаанаас дутахгүй, зарим талаар илүү гэдгийг мэдрүүлсэн болоод л гэр бүлээрээ, хэдэн үеэрээ эрүүл мэндээ даатгаж байгаа байх даа? 

-Би анх Польшид очоод удаагүй байхдаа нэг хавдартай эмэгтэйд гурван жилийн турш эмчилгээ хийсэн. Хачин турчихсан, химийн эмчилгээ хийлгээд найдваргүй гэсэн онош тавьсан гээд над дээр ирсэн юм. Тэр хүн эмчлэгдээд эдгэрсэн. Одоо намайг миний охин гэдэг. Би ингэж нэг сайхан польш ээжтэй болсон. 

Одоо Польшид уламжлалтын 150-иад монгол эмч байна. Манайхан мундаг чадалтай. Тэнд очоод европ анагаах ухаанд суралцаад хос мэргэжилтэй болчихсон, доктор хамгаалчихсан, эмчлэх эрхээ авцгаачихсан. Бүгдээрээ уламжлалт анагаах ухаанаараа өчнөөн жил ажиллачихлаа шүү дээ. Европт байгаа Эмч судлаачдын нийгэмлэгт 150-иад хүн бүртгэлтэй байдаг. 48 сая хүн амтай Польш улс монгол эмнэлгийг шүтэж байна. Төр засгаасаа эхлээд бүх л түвшиндээ монгол эмнэлгийг мэддэг, монгол эмч нараар үйлчлүүлж байна. Бид ЭМЯ-тай хамтран Европт ажиллаж байгаа уламжлалт анагаах ухааны 90 гаруй эмчийг аттестатчилалд хамруулж, мэргэжлийн зэрэг, цол олгосон.  

-Европын бусад улс орнуудад хэр олон үйлчлүүлэгчтэй вэ?

-Би Польшоос гадна Германаас ч өвчтөн авч эмчилдэг. Миний хамтран ажиллагч Энхбат гэж мундаг судлаач залуу намайг Берлиний хүмүүстэй анх холбож өгсөн. Берлинд бид очиж Монголын уламжлалт анагаах ухаанаар оношлогдож байгаа өвчнийг Европын орчин үеийн анагаах ухаан хэрхэн оношилж байна вэ гэдгийг харьцуулж судалж байсан. Германд намайг ирж ажиллаач гэж урьж байсан. Гэхдээ Польшид өөрийн босгосон амьдралаа орхиод явах хэцүү байсан тул татгалзсан. Би Польшийн Познан гэж хотод амьдардаг. Познан Чука гэхээр андахгүй. Үйлчлүүлэгчид маань бол Пани доктор л гэдэг. Тэнд би уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн гэж явдаг. Энэ чиглэлээрээ өөрийн “Оточ Манал” хувийн компанийг байгуулсан. Анх 1998 оноос хойш “Эрдэнэ” гэж компани байгуулж ажилласан юм. 

Ямар ч байсан тэнд Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн суурийг тавьсан. Түүнийг үргэлжлүүлэх хүн хэрэгтэй байсан тул ах дүү нараасаа гурван эмч бэлдсэн дээ. Тэд Пани докторын уламжлалыг үргэлжлүүлэх ёстой. 

5000 жилийн дараа баталгаажсан оюуны брэнд

-Та Монголд ирж уламжлалт анагаах ухааны чиглэлээр чамгүй ажил хийсэн гэсэн. Хэзээ завандаа амжуулсан хэрэг вэ?

-Монголынхоо уламжлалтын эмч нарыг сургаад, мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлье гэж бодсон. Гэтэл зарим нь ойлгоогүй л дээ. Би ч гэсэн өөрөө айж байсан. Яахав надад өөрийн судалсан зүйл нэлээд байсан. 2000 оноос хойш л Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, салбарын сайд нар гээд мэддэг чаддаг бүхэнд нь монгол уламжлалт анагаах ухааныг үйлдвэрлэл болгоё, брэнд болгоё гэж ярьсан. Ёстой нөгөө олон төрийн нүүр үзлээ гэдэг шиг юм болсон. Уламжлалт анагаах ухааны энэ гайхамшгийг Монголынхоо төр засагт ойлгуулъя гэж л зүтгэсэн юм. 

-Ямар ч байсан тэр хичээл зүтгэл тань талаар болоогүй байх нь?

-2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европт очлоо. Би ирсэн хүн бүрт л хуруу зузаан танилцуулга өгдөг байлаа. Ийм сайхан юм байна. Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй юм байгаа юм гээд өгдөг байв. Тэгээд Ерөнхийлөгчид бас тэрийгээ л хэллээ. Монголын уламжлалт анагаах ухааны боломж их өндөр гэдгийг ойлгуулах гэж хичээсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж миний танилцуулгыг хүлээж аваад тухайн үеийн БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярт энэ ажлыг судла гэсэн чиглэл өгсөн юм билээ. Тэгсэн 2013 оны хоёрдугаар сард намайг дуудсан. Ингээд дуудагдаад Монголд ирсэн. Миний төсөлтэй холбогдох хүмүүс танилцаад БОАЖЯ-ны чиглэлийн ажил бас байгаа юм байна. Гэхдээ БСШУЯ дээр судалгааг нь хий гэжээ. Ингээд тэр дороо БСШУЯ-нд ажлын хэсэг  байгуулагдаж, сайдын зөвлөх Цагаанхүү ахлагчаар нь томилогдсон. Бичиг цаасны ажил ч эхэлсэн. Миний санаачилсан ажлыг таван төсөл болгон хуваахаар болж тэр дагуу бид жилийн турш ажилласан. 

Тухайн үеийн БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр дарга “Энэ бол төрийн бодлого болж хэрэгжих ёстой ажлууд байна. Тиймээс төслүүдээ шууд Ерөнхий сайдад танилцуулъя” гэж санал гаргаад тэр дагуу танилцуулсан. Тэгсэн чинь тэр долоо хоногтоо Засгийн газрын хурлаар оруулж хэлэлцсэн. Тэр хуралдаанаар оруулсан асуудлуудаас манай төсөл хамгийн сайн нь болж байсан.

-Төслийн хүрээнд ямар ямар ажлууд хийсэн бэ?

-Монголын анагаах ухаан хөгжлийн стратеги бодлого, менежмент, хууль эрх зүйн орчинтой болох ёстой. Юм гэдэг чинь ингэж цэгцэрч байж л цаашаа явна шүү дээ. Монголын уламжлалт анагаах ухаан ямар ч бодлогогүй байлаа. Үнэндээ хэлэхэд ичмээр байсан. Ардын эмнэлгийн хүрээлэнг маань корпорац болгочихсон байсан. Тиймээс юуны өмнө уг корпорацыг буцаагаад хүрээлэн болгоё, эрдэм шинжилгээ, судалгаатай байж энэ салбарыг хөгжүүлнэ гэдгийг бид төсөлдөө тусгасан. Хоёрдугаарт, хүний нөөц дээр анхааръя гэсэн. Боловсон хүчний сургалтыг чанаржуулъя, төгсөгчдийн квотыг нэмэгдүүлж, сургуултай болъё гэх мэтээр бүх менежмент, бодлогыг боловсруулж гаргаад тэр бүхэн маань дэмжигдсэнээр бидний төсөл, бодлогууд хэрэгжээд эхэлсэн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг маш хурдтай хүн. Бидний төслийг хоёр яаманд хариуцуулж өгөөд ажлыг нь эхлүүлсэн. 

Ингээд л бидний төслийг ажил болгоно гээд Н.Удвал сайд захирамж гаргасан. Түүний өмнө Ерөнхий сайд захирамж гаргасан байсан. Монголын бүх эрдэмтэд, докторууд, академичдыг цуглуулаад энэ ажлыг эхлүүлсэн. 

-Үнэхээр том төсөл эхлүүлжээ?

-Хамгийн гол нь уламжлалт анагаах ухааны эмүүдээ Монголдоо бүртгүүлэх ажлыг хийсэн. Монголын анагаах ухааны уламжлалт эмүүд Монголдоо бүртгэлгүй байсан гээд бод доо. Тэгсэн хэрнээ манайхан гаднаас орж ирж байгаа яг юу юм гэдгийг мэдэхгүй эмийг хоол шиг л хэрэглээд байдаг. Бөөрөнд уух эм байна уу гээд аваад ууж л байдаг. Тариа аваад л хийж байдаг. Тэрэнд орохноо өвөг дээдсээс уламжлаад ирсэн эм тангаа уувал хэчнээн сайхан. Монгол хүнд хэрэгтэй еэ дээ. Бид ингэж бодож хичээж зүтгэж уламжлалтын эмүүдээ батлуулсан даа. Олон жил баруунд гайхуулж, олон хүнийг эрүүлжүүлсэн эмүүдээ хараад бахархсан. 160 эмийн нэр жагсаагаад л фармакопи клиникийн судалгаанд оруулсан. Тэр судалгаанд оруулахад бүхэл бүтэн том үйлдвэр хэрэгтэй болно, эрдэмтэн докторууд хэрэгтэй болно. ЭМЯ-наас тушаал шийдвэр гарна гээд ажил  их. Н.Удвал сайд дээр барьж ороод л ийм ийм асуудал байна. Энэ төслийг танай дээр хийнэ гээд л монгол эмийн фармако клиникийн судалгааг ардын эмнэлгийн хүрээлэнд хийлгэсэн. Эмийн үйлдвэрлэлийг, эмийн баталгааг ч гэсэн хүрээлэндээ хийсэн. Хүрээлэнд дандаа мундаг эрдэмтэн докторууд байдаг. Дагвацэрэн, Болдсайхан, Болд академич, Чимидрагчаа захирал гээд л. Ямар мундаг хүмүүс байдаг гэж бодно. Энэ хүмүүс дээрээ тулгуурлаад ажлаа явуулж, судалгаагаа хийсэн. Ингээд 2016 онд “Уламжлалт 80 эмийн фармакопи клиникийн судалгаа” гэж номоо гаргасан. Одоо 80 эм нь үлдээд байгаа. Бас л төр засгаас хэдэн төгрөг хараад л, хүлээгээд сууж байна. 

Ямар ч байсан бид Монголдоо ийм баталгаатай гээд  хүнд харуулах юмтай болсон. Баталгаатай, судалгаатай уламжлалт анагаах ухаан шүү гэж хэлэх боломжтой. Төрөөс энэ салбарыг хөгжүүлэх бодлого, менежмент бэлэн болоод ирж байгаа юм. Энэ таван төсөлт ажил хийгдсэнээр Монголын уламжлалт анагаах ухаан монгол хүний оюуны брэнд болно. Брэнд болж байж хөгжих ёстой. Монголд оюуны брэнд байж зах зээл нь өргөжиж явна. Тиймээс энэ ажлыг монгол хүний оюуны брэнд гэдэг утгаар нь БСШУЯ дэмжээд 2013 оны намар гэхэд ажлууд сайхан цэгцэрчихсэн. 2016 онд энэ ажлууд монгол хүний оюуны брэнд болсон гэсэн батламжаа БСШУЯ-наас гардаж авсан. Төрийн бодлого болгоод, эмээ батлуулаад ажлууд сайхан яваад эхэлсэн. Судалгааны ном нь энэ, батламж нь энэ гээд хүнд харуулах юмтай болчихсон доо.

Монголын уламжлалт анагаах ухаан таван мянган жилийн түүхтэй. Гэтэл өдий хүрэхэд нэг ч эм нь баталгаагүй байлаа. Н.Удвал сайдад ажлаа танилцуулахаар ороход “Нэг ширхэг ч эм баталгаагүй гэж үү” гээд гайхаж байсан. ЭМЯ уламжлалт анагаах ухаанаа жаахан тоодоггүй байсан л даа. Энэ ажил орж ирснээр уламжлалт ангагаах ухааны нэр хүнд Монголдоо өссөн. Олон нийтэд танигдсан. Энэ салбар маш хэрэгтэй юм байна гэж ойлгоцгоосон. Миний бодлоор Монголын уламжлалт анагаах ухаан бол гадагшаа экспорт хийх хамгийн гол том зах зээл яах аргагүй мөн. Уул уурхайг бид бүхний өмнө  тавьж л байна. Монгол хүн монгол нутгийнхаа энэ сайхан баялгийг ухаад нэг өдөр л дуусна. Монгол хүний оюуны баялаг уурхайг ухах юм бол хэзээ ч шавхагдахгүй. Монгол хүн байсан цагт оюуны уурхай дуусахгүй шүү дээ.

Уламжлалт анагаах ухаан бол экспортын тулгуур, шүхэр брэнд

-Уламжлалт анагаах ухаанаа экспортод гаргана гэдэг тань сонирхолтой санаа байна?

-Монгол уламжлалт анагаах ухааныг гадаад зах зээлд гаргах ёстой. Монгол анагаах ухаан дэлхийн анагаах ухаан дотор монгол гэдгээрээ нэрлэгдэж явдаггүй. Тиймээс бид дээр дурдсан ажлуудаа бүртгүүлчих юм сан, ядаж л монгол хүний оюуны өв соёл гэдгээр нь батламж авчих юм сан. ЮНЕСКО-д монгол хүний оюуны үнэт өв соёл гэдгээр бүртгүүлчих юм сан гэж бодож байна. Манайх маш их өв соёл, уламжлалтай. Тэр бүхнээ бүртгүүлээд л байх ёстой.

Бидний уламжлалт анагаах ухааны хануур, төөнүүр гээд өвөг дээдсээс уламжилсан эрдмүүдийг хятадууд бүртгүүлчихсэн. Манай төр, засаг энд, дотооддоо ажиллаж байгаа хүмүүсээ дэмждэггүй юм байна. Энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг үнэндээ мэдэж л байгаа штээ. Биднийг анх европууд цагаачид гэдэг байлаа. Би хэзээ ч Монголын уламжлалт анагаах ухааны эмч нарыг цагаач гэж хэлэхгүй. 

Би энд ирээд байхдаа нэг удаа сувилалд амраад тэндэхийн уламжлалтын эмчид үзүүллээ. Тэр эмч манай уламжлалт анагаах ухаан мундаг, бүх юмыг чинь эмчилнэ гэнэ. Тэгээд тэр хүүхэд Монголдоо ч бид онгироод л байдаг. Гэхдээ Монголд биднийг тоодоггүй Монголын уламжлалт анагаах ухаан гэхээр бариач нар уу л гэдэг. Гэтэл хилийн дээс алхаад л Улаан-Үд ороход бид улаан хивсэн дээр явдаг штээ гэсэн. Тэнд очиход нь буриадууд манай уламжлалын эмч нарыг шүтсэн гэсэн. Тэрэн шиг бид ч гэсэн баруунд шүтэгддэг, тахигддаг. Монгол анагаах ухааны эмч нар гэдэг чинь тэр чигээрээ судлаачид.

-Судлаачид гэснээс та уламжлалт анагаах ухааны эмүүдээ Европт мөн баталгаажуулсан гэсэн байх аа? 

-Эхлээд бид Монголдоо уламжлалтын эмүүдээ баталгаатай болгоё гэж бодсон. Түүнийгээ ажил хэрэг болгож чадсан. Миний хамтрагчдын нэг, Эмч судлаачдын нийгэмлэгийн тэргүүн дэд захирал Сайнжаргал гэж мундаг эмч бий. Тэр хүн Польшийн иргэн л дээ. Түүнтэй би хамтраад Монголын уламжлал анагаах ухааны эм тангаа Польшид батлуулсан. Одоогоор дөрвөн эмийг батлуулаад байгаа. Ингэснээр уг дөрвөн эм Европын зах зээл дээр баталгаатай, стандартай, судалгаатайгаар үйлдвэрлэгдээд эхэлчихсэн. Одоо дахиад дөрвөн эмээ судлуулж байгаа. Энэ мэтээр цувуулаад явуулаад байна даа. Монголын анагаах ухаанаа тэр чигээр нь гадаад зах зээл дээр гаргах гээд байна шүү дээ. Эмүүд маань зах зээл дээр судлагдаад гараад ирнэ гэдэг хамгийн чухал. Энэ бол жинхэнэ экспорт. Бид экспортын мундаг үйлдвэрлэлтэй болох гэж байна гэсэн үг. Бидний арван хэдэн жилийн судалгаа байгаа. Гол нь яаж батлуулах вэ гэдэг их хэцүү байсан. Эмээ батлуулчих юм бол баталгаатай болно. Бидний гаргасан эмүүд Европын бүх орны аптекуудаар зарагдах чөлөөтэй болж байгаа юм. 

-Уламжлалт анагаах ухааны эмүүд ингэж баталгаа аваагүй байхад та нар эм тангаа яаж үйлчлүүлэгчдэдээ өгдөг байсан юм бэ?

-27 жил бид хил дээр эм тангаа хураалгаж, янз бүрээр л арга чарга хэрэглэж яваа улс. Монголынхоо хил гаалиар гарахаас эхлээд л ОХУ, Германаар дамжин Польш ортлоо хэдэн килограмм эм тангаа өвчтөнүүддээ аваачиж өгөх гэж байнга л асуудал болдог байсан. Ямар ч байсан зүтгэсэн ажлын маань үр дүн гарсан. Дөрвөн эм баталгаажуулсан ч гэсэн цаашид үүнийгээ 10 болгоно.

Мөн Европт Байгальмаа гэж уламжлалтын мундаг эмч бий. Тэр маань олон жил зүтгэсний хүчинд бас овоо хэдэн эмэндээ батламж авсан. Ингээд бид нийлээд баталгаатай арван хэдэн эмтэй боллоо. Монгол Улс ганц ноолуур, арьс шир биш монгол хүний ухаанаар бүтсэн ардын уламжлалт анагаах ухааны эм тангаа экспортод гаргах боломж нээгдлээ гэсэн үг шүү дээ. Уг нь үүнийг төр засаг дэмжих хэрэгтэй байгаа юм. Тэгж чадвал Монголын эдийн засагт орох валютын урсгалыг нэмэгдүүлэх экспортын тулгуур багана болсон том зах зээл болно. Өнгөрсөн 27 жил уламжлалтын эмч нар бид Европ руу хэдэн тонн эм гаргаж зарсан бэ гэдгийг судлах юм бол их тоо гарна шүү.

-Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийгээд эм танг Европын зах зээл дээр борлуулах боломж хэр байгааг та судалж үзсэн үү? 

-2005 онд ДЭМБ-аас алсын хараагаа тодорхойлохдоо уламжлалт анагаах ухаанд том итгэл найдвар тавьсан байдаг юм. Уламжлалт анагаах ухааны ашиг орлого 2050 он гэхэд 5 триллион долларт хүрнэ гэсэн тооцоолол гаргасан. Тэгэхээр бид тэр зах зээлийн ганцхан хувийг л авъя л даа. Бидэнд тийм боломж байна шүү дээ. Монгол бол дэлхийн ардын эмнэлгийн уламжлал гурван орны нэг. Үүгээрээ давуу. Хоёрдугаарт, Монголд жинхэнэ био, натур байна. Энэ сайхан тал нутагт ургаж байгаа өвс, ургамал, жимс, ногоо энэ бүгдийг идэж байгаа малын мах тэр чигээрээ эм. Энэ бүгдийг ттоцъё. Монголынхоо энэ сайхан байгалийн нөөцийг түшиглээд сувилал байгуулъя. Намайг Ардын эмнэлгийн хүрээлэнд байхад оросууд их ирдэг байсан. Оросын ЭСЯ-ныхан тэр чигээрээ ирж эмчлүүлдэг байю. Буриад, казахаас их ирж эмчилгээ хийлгэдэг байсан. Тэгэхээр энэ эрэлт хэрэгцээ, сонирхлыг түшиглээд ОХУ-ын хил дагуу уламжлалт анагаах ухааны том сувиллууд байгуулах хэрэгтэй. Тэгвэл оросууд орж ирнэ. Тэр хэрээр эдийн засагт мөнгө орж ирнэ ээ дээ. 

Польшид байгаа монгол эмч нартаа тулгуурлаад нэг сувилал байгуулчихъя. Монголын эдийн засгийг дэлхийд гайхуулах гарцын нэг уламжлалт анагаах ухаан ү Ер нь аялал жуулчлал хөгжсөн орнуудад уламжлалт анагаах ухааны сувиллуудаа байгуулах юм бол Монголын бариа засал л гэхэд дэлхийд гайхуулна. 

-Та энэ санаануудаа төсөлдөө тусгасан уу?

-Польшид байгаа эмч Энхбат бид хоёр Монголын уламжлалт анагаах ухаан бол шүхэр брэнд юм аа гээд Засгийн газарт танилцуулсан. Аялал жуулчлалыг Монголдоо хөгжүүлье гэвэл эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих хэрэгтэй. Жуулчдад энэ сайхан нутгаа үзүүлье. Түүх соёлоо гайхуулъя. Дээрээс нь монгол хүний оюуны өв болсон уламжлалт анагаах ухааны үр шимийг мэдрүүлж,  сувилаад явуулъя. Үүнийг бодлого, менежменттэйгээр нэлээд холын хараатай жинхэнэ бизнес болгож хөгжүүлэх хэрэгтэй байна. 

Эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжих юм бол ноолууран бүтээгдэхүүн зарах амархан болно. Чийгтэй, далайтай устай газар ноолуур өмсөхөд дулаан, хөнгөн тул даарахгүй, хатгаа авахгүй, үе мөч өвдөхгүй гээд л эхэлнэ. Эрүүл мэндийн аялал жуулчлал дээр ч тэр, түүх, соёлын аялал жуулчлал дээр ч тэр манайх шүхэр брэнд болох боломжтой. Үүнийг олж харж судалгааг нь хийчихсэн бэлэн бүтээгдэхүүн судлаач Энхбатад байгаа. 

Д.Чулуунцэцэг эмчийн өвөө нь Булган аймгийн Сайн номун хан Эрдэнэ хамбын  хүрээ, Хөгнө ханы хийд, Өвгөн хийдийн хамба байсан номтой, буянтай буурал байжээ. Тэрээр таван настайгаасаа өвөөгөө даган уламжлалт анагаах ухаанд суралцан, бариа засал хийж эхэлсэн байна. 

“Монгол анагаах ухаан дэлхийг ноёлж байсан. Энэ бол хаадын эмнэлэг байсан юм шүү” гэж өвөө нь түүнд хэлдэг байж. Монголын уламжлалт анагаах ухаан бол дэлхийг эзэлж явсан их хаадын эмнэлэг. Монголчуудаас хүн төрөлхтөний анагаах ухааны их ай савд оруулсан нэгэн их цутгалан.  ЮНЕСКО-д бүртгүүлэх учиртай монгол хүний оюуны өв соёл. Монголчуудын бахархал төдийгүй уул уурхайгаас дутахгүй шавхагдашгүй нөөц баялаг. 

Үүнийг ойлгуулж мэдрүүлэхийн тулд, төр засгийн бодлого шийдвэрт тусгахын төлөө тэрээр 27 жил хилийн чанадад хөдөлмөрлөжээ.   

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...