ЭМЯ өнөөдөр коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр 2020 оны зургаадугаар сарын 28-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн лаборатори нийт 216 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний сорьцонд коронавирус илэрчээ. Уг хүн зургаадугаар сарын 10-нд Нурсултан-Улаанбаатарын нислэгээр ирсэн зорчигч юм байна. Түүнд зургаадугаар сарын 11, 22-ны өдрүүдэд давтан шинжилгээ хийхэд сөрөг гарсан бөгөөд гурав дахь давтан шинжилгээгээр 19 хоногийн дараа коронавирус илэрсэн нь энэ юм байна. Эндээс харахад тусгаарлалтын хугацааг 21 хоног болгож сунгасан нь оносон гэдгийг Д.Нямхүү эмч онцоллоо. Нурсултанаас ирсэн зорчигчдоос ийнхүү 10 хүнд коронавирус илрээд байгаа аж.
Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд ажиглах байранд тусгаарлагдсан 181 хүнд давтан шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй байна. Мөн тандалтаар Улсын клиникийн төв эмнэлэг, Өмнөговь аймгаас тус бүр нэг нэг сорьц авч шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй юм байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 14 жолоочид мөн коронавирус илрээгүй, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 220 болсон бөгөөд үүнээс 175 хүнийг бүрэн эмчилж эдгээжээ. Одоогоор 45 хүн эмчлэгдэж байгаагийн 36 нь хөнгөн, 9 хүний бие хүндэвтэр байгаа юм байна.