Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ой арав гаруй хоногийн дараа болох гэж байна. Энэ жилийн хувьд Үндэсний их баяр наадам хорио цээрийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед, онцлог нөхцөл байдалд болох юм. Наадмын үйл ажиллагааг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “13-р зуун” цогцолборт хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулж, телевизээр шууд дамжуулан олон нийтэд хүргэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор наадмын өдрүүдэд иргэдийн хувьд хөдөө орон нутагт аялж зугаалах сонирхол илүүтэй байх магадлалтай. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд баяр наадмын үеэр орон нутгийн замуудыг хаах, хөдөлгөөн хязгаарлах арга хэмжээ авах эсэхийг олон хүн сонирхож байгаа ажээ.
Тиймээс энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас товч мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Улсын онцгой комиссоос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаах, хөдөлгөөнийг хязгаарлах талаар аливаа шийдвэр гаргаагүй болохыг авто зам хэрэглэгч, зорчигч та бүхэнд мэдэгдэж байна” гэжээ.