СЕХ өчигдөр хуралдаж, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн олонхын санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тогтоол гаргажээ. УИХ-ын гишүүний үнэмлэхийг энэ сарын 29-нд гардуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Мөн дээрх тогтоолыг Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүлэх юм.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа энэ сарын 24-ний 07.00 цагт эхэлж, 22.00 цагт дууссан бөгөөд сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 2,300,969 иргэнээс 1,475,895 нь саналаа өгчээ. Улсын хэмжээнд ажилласан 270 хэсгийн хорооны 41.2 хувь буюу 849 хэсэгт хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийнхөөс зөрсөн тохиолдол гараагүй байна.