АН-ын дарга С.Эрдэнэ сонгуульд намаа удирдаж орсон хүний хувьд хариуцлагаа хүлээн ажлаа өгч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр, 2020 оны УИХ-ын сонгуулийн явцад олон маргаан зөрчил гарч, бүртгэгдсэн. Түүнийг СЕХ, хууль хяналтын байгууллага шийдвэрлэх байх. АН төлөвлөсөн хэмжээндээ амжилт үзүүлж чадсангүй. Намын үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээж, намын даргын ажлаа өгч байна. Би өргөдлөө өгсөн, шийдвэрлэх байх. Энэ сонгуулийг толгойлж орсон хүний хувьд хэдийгээр намын нөхөдтэйгээ зөвшилцөж шийдвэрлэсэн ч надад алдаа, оноотой шийдвэрүүд байсныг би хүлээн зөвшөөрнө. АН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэл амаа ололцож, нэг баг болж хамтарч ажиллаж чадаагүй нь боломжийг алдсан гэж үзэж байна. Нийгэм эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх идэвхтэй сөрөг хүчин байж чадсангүй. АН-ыг үндэсний хэмжээний эрх баригч нам байлгахын төлөө сонгогчид итгэл хүлээлгэсэн.
Монголын ард түмэн, сонгогчдынхоо энэ итгэлийг хүлээж чадаагүйдээ та бүхнээсээ хүлцэл өчиж, уучлалт хүсэж байна. АН-ын 200 мянга гаруй гишүүнээсээ хүлцэл өчиж байна. Энэ намыг эрх баригч нам болгохын төлөө та бүхэнтэйгээ хамтарч ажиллах болно. Цаашид ардчиллын төлөөх намууд нэгдэж ажиллах нь зөв гэж харж байна. Би журмын нөхдөдөө итгэдэг хэмээн хэлээд АН-ын даргын тамга, түр эрхийг дэд дарга Ц.Туваанд шилжүүлэн өгөв.
Үлдсэн хугацаанд Ц.Туваан дотоод сонгууль явуулж, намын даргыг сонгох, ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд оролцох ажиллагааг удирдан зохион байгуулах юм. АН-ын Үндсэн дүрмийн дагуу намын даргын сунгаа 90 хоногт явагдах юм байна.
УИХ-ын ээлжит сонгууль хэр шударга болсон гэж та үзэж байна вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад С.Эрдэнэ “Онц ноцтой зөрчил одоогоор гараагүй байна. Цаашид хар машины ажиллагаанд мэргэжлийн түвшинд шалгалт хийх ёстой гэж үзэж байна. Сонгуулийн явцад Өвөрхангай аймаг болон Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигчийн асуудал хууль шүүхэд очсон. Тэд шалгаж эцэслэх байх гэлээ. Мөн С.Эрдэнэ дарга энэ удаагийн сонгуулийн үр дүнг хоёр хувилбараар таамаглаж байсан. Нэгт, АН үнэмлэхүй олонх болох, хоёрт АН, МАН ойролцоо суудал авч эвслийн Засгийн газар байгуулна гэж таамаглаж байсан гэдгээ хэллээ.