Sunday, November 24, 2024

Дээвэр дээрх концерт буюу хамтдаа дуулсан сүүлчийн дуунууд

Date:

The Beatles – Rooftop Concert 1969

“Битлз”-ийн дээвэр дээрх концертод би дуртай. Энд дуулагдсан дуу бүрийг нь дахин сонсохдоо нэгдүгээр сарын 30-ны тэр нэгэн өдрийн үйл явдлыг нэг бүрчлэн дүрслэн төсөөлдөг. “Apple” пүүсийн байшингийн дээвэр дээр тэнд тэдэнтэй хамт байсан юм шигээр тодорхой санадаг. Энэ дэврүүн бодлоосоо аз жаргал амсдаг болохоор би азтай хүн.   

“Битлз”-ийн дөрвөлийг энэ концертын дараанаас дахиж хамтдаа дуулаагүй болохоор нь ингэтлээ татагдсан ч юм биш. Энэ концертод миний сэтгэлийг хөдөлгөдөг, үгээр илэрхийлэхийн аргагүй олон нарийн нууцлаг увдис бий. Анд нөхөд хэзээ ч салж бутарч, өөр өөрийн мөрийг хөөлгүй, үргэлж хамтдаа байх хүслэнг надад улам төрүүлдэг. Хүмүүс бие биеэ ойлгон, уучилж чаддаг халуун өгөөмөр сэтгэлийг урин авчирдаг. Цаг хугацаа улиран өнгөрөвч хүн нэг л зангаараа байхын учрыг ч сануулдаг. Энэ мэт олон нандин санаа аялгуу эгшигт нь адислагдсан гэж итгэн хүлээж авдаг. Дээвэр дээр эгшиглэсэн дуунуудыг сэтгэл зүрхээ чагнан байж нэг сонсоод үзээрэй, анд найз нар минь. Ай даа, марал мичид гэрэлтэх шиг зургаан гоё дуу!   

“Битлз” хамтлаг 1969 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Лондон хотын “Apple” дуу бичлэгийн студийн байшингийн дээвэр дээр урьд хожид тоглогдож байгаагүй өвөрмөц нэгэн концертоо хүмүүст толилууллаа. Дун өвлийн жавартай зэврүүн өглөөгүүр байшингийн дээвэр рүү залуус гитар, бөмбөр, цан, даруулт хуур, дууны өсгөгч хэрэгслээ зөөж гаргаад угсарч тохируулав. Тайзыг зориуд шинэхэн банз зүйн засжээ. Зураглаачид, техникийн ажилтнууд дөрвөн Битлийг дээвэр дээр гарч ирэхийг хүлээв. Хамгийн түрүүнд Пол инээсээр гарч ирлээ.

Тэр модон тавцангийн бөх батыг дээш үсрэн шалгав. Араас нь Ринго, эхнэр Моринтойгоо ирэв. Жаахан охин шиг эмзэг турьхан харагдах Морин нэлмэгэр хар хүрэм өмссөн хэдий ч хүйтэнд даарсандаа мөрөө хавчсанаа урт сандал дээр Кенийн хажууд очиж суув. Тэгж байтал Жон, Йоко хоёр гарч ирэв. Йоко сандлын зах руу очин Моринтой зэрэгцэн суулаа. Дараа нь удсан ч үгүй Жорж ирэв. Ийнхүү тэр дөрөв бүрдлээ. Тэд гитараа авцгааж, Ринго бөмбөрийн ард сууж дор бүрдээ хөгийг нь таарууллаа. Зургаан давхар байшингийн дээвэр дээр тэднийг хөгжмөө дуугаргахад нь доогуур гудамжаар яваа хүмүүс гайхан дээш өлийн харж байв. Ингээд концерт эхэллээ.

Тийм ээ, эхний дуу нь “GET BACK” байв. Бид дээвэр рүү гарч ирсэн салхивчийн том төмөр хоолойн нөмөрт хорогдон бээрч суулаа. Битлүүдийг хүйтнээс хаацайлах юу ч үгүй ил харагдах нь санаа зовооно. Бор хүрэн хүрэмтэй Жоны хамрын үзүүр хүйтэнд улайн, ард нь суугаа Ринго тун ч өрөвдөлтэй харагдана. Цаана нь улаан ноосон цамц, тод ногоон өмдний гадуур сахлаг үстэй пальто өмсөн дулаалсан Жорж гитараа тоглоно. Тэр энэ пальтогоо өмсөх дуртай байв. Пол харин нимгэн цамцныхаа гадуур бараан пиджак өмсжээ. Дээвэр рүү гардаг хаалганы хажууд тавьсан сандал дээр хар савхин хүрэмнийхээ захыг босгосон Билл Престон даарсандаа бөгтийн суугаад даруулт хуураа тоглоно. Тэр энэ түүхэн концертод хамжилцан оролцсон билээ. Дээвэр дээр салхитай хүйтэн учир тэд байн байн гараа амандаа авчирч, амжиж үлээн дулаацуулангаа хөгжмөө тоглоно. Битүү сахалтай Жоны урт үс нь салхинд ар тийшээ хийсэн ямар үзэсгэлэнтэй гоё харагдана вэ? Полын хууз сахал их үстэйгээ хоршоод бүр ч сүртэй. Жоржийн шилээ дарсан үс нь салхинд  намирахдаа нүүр рүү нь байнга орж ирэхэд тэр толгойгоо хаялан ар тийш нь болгоно. Гялтганасан цагаан шаргал бөмбөрийн араас тас хар үс нь бутарсан Рингогийн улаан ноосон хүрэм бүүр тодорно.

Доор гудамжинд хүмүүс концертыг яаж сонсч, хэрхэн хүлээж авч байгаа нь бидэнд ойлгомжтой байлаа. Гэвч би тэсэлгүй дээврийн захад очин доош харав. Хүмүүс анх дуу эхлэнгүүт дээшээ саравчлан ширтэж, бүүдгэр саарал тэнгэрийн наана хөгжим тоглон дуулах залуусыг хараад гайхсанаа дорхноо аялгуу эгшигэнд нь автан шимтэн зогсож чагнасаар байлаа. Авто замын хөдөлгөөн бүрэн зогссон байв. Хөрш хажуугийн байшингуудын хүмүүс цонхоо нээн харцгааж, тагтан дээрээ гарцгаан, зарим нь бүр дээвэр рүү гарах шат хайж олцгоон авирчээ. Зэргэлдээ байрны үүдэнд албан газрын ажилтнууд, дэлгүүрийн худалдагч, үйлчлэгч нар гарч ирж цуглан сонсоцгооно.
  …”Битлз”-ийн дөрвөлийн их үс салхинд хийсэх нь концерт далайд, хөлөг онгоцны тавцан дээр тоглогдож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Хөгжимчдийн хөлөөр модон тавцан доргиж ая дууны хэмнэлтэй хөг нийлэн бүүр ч сонин. Хажуу байшингийн дээвэр дээрээс гараараа даллан дуудах хүмүүс тэнгисийн эрэг дээр тэднийг хүлээж байгаа юм шиг харагдуулна. Энэ концертыг  дуу чимээ, гэрэл, тайзны засал гээд мэргэжлийн ямар ч сүртэй  бэлтгэл хийлгүйгээр тоглож байгаа болохоор үзэгчдийнхээ сонирхлыг илүү ихээр татжээ. Эхний “Get Back” эгшиглэж дуусангуут дараагийн “Don’t Let Me Down” дуу залган авлаа. Удаалаад “I’ve Got A Feeling”, “The One After 909” дууг дуулав. Ингээд цоо шинэ дуу болох “Dig A Pony” дуугаа дуулах цаг болов. Жон Лэннон дууныхаа шүлгийг ч бүрэн цээжлээгүй байснаас, студийн нэгэн ажилтан нь түүнд туслан үг бичсэн цаасыг урд нь  барьж суугааг та нар баримтат киноноос нь олж хараарай. Тэд харин “Get Back” дуугаа сүүл хэрд нь дахин дуулсан. Дээвэр дээрх концертыг кино хальсанд  буулгасныг, шүтэн бишрэгчид нь дараа нь нууцаар хувилан хоорондоо тараажээ. Энэ концерт дээр дуулсан дуунууд нь:   

  1. Get Back
  2. Don’t Let Me Down
  3. I’ve Got a Feeling
  4. One After 909
  5. Dig a Pony
  6. Get Back
  7. End Credits   

Дээвэр дээрх концертын чимээнээр ойр хавийн байгууллагын ажилтнууд, оршин суугчдаас гадна гудамжинд явж байсан хүмүүс, цагдаагийнхан тэнд цугларчээ. “-Дээвэр дээр дүрсгүй залуус хөгжим хангинуулаад байна” гэсэн зарим дургүйцсэн иргэдийн дуудлагаар цагдаагийнхан ирэв. Цагдаагийн хэсэг угаасаа хажууханд нь гуравхан минут алхаад хүрчих тийм ойрхон байсан тул хэрвээ концертыг эхнээсээ тоглуулахгүй л гэсэн бол тун амархан арга хэмжээ авчих байсан. Харин цагдаа нар тоглолтыг яаран тараалгүй 42 минутын турш дуунуудыг нь шимтэн сонсчээ. Тараах даалгавартай ирсэн хэдэн цагдаа тэдний дууг тайван зогсч сонсонгоо тоглож дуусахыг нь хүлээлээ. Концерт дуусангуут Пол микрофон дээр очин “-Та нар дахиад л сахилга алдлаа. Бүр дээвэр дээр дууллаа. Та нарын ээжүүдэд энэ таалагдахгүй дээ” гэж наргиа болгон хэлэв. Дуу болгоны дараа алгаа ташин дэмжиж байсан Рингогийн эхнэр Морин Старки сүүлийн дууны дараа мөн л түрүүлэн “Ура” гэж хашгирав. Пол микрофон руу буцаж очин “-Баярлалаа, Мо” гэв. Үзэгчдэд хандан төгсгөлийн үгийг Жон хэллээ. “-Бидэнд мартагдашгүй энэ өдрийг та бүхэн ч дурсан санана гэдэгт итгэж байна. Их баярлалаа, та нартаа” гэж хэлсэн үг нь тэр чигээрээ “Let It Be” цомогт нь орсон билээ. Энэ концертоос хойш 15 сарын дараа эл цомог олонд хүрсэн юм. Лондон хот орохдоо уншигчид минь “Saville Row -3”  гэсэн хаягаар нь, дээвэр дээр нь концерт тоглосон энэ байшинг түвэггүйхэн олж очоорой. Олон хүн энэ концерт дээр дуулагдсан дуунуудыг нь “Битлз”-ийн дөрвөлийн үзэгчдийнхээ өмнө хамтдаа өргөн барьсан сүүлчийн дуунууд хэмээн үздэг ч гэсэн би харин өөр бодол тээж явдаг. Ерөөсөө л тэдний дуу хөгжимд төгсгөл гэж байхгүй билээ…

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн 2017 он. Дархан хот.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...