-Өвөрмонголчууд сүм хийдээ Монголоос урчууд залж бариулаад “Өндөр гэгээний удмын хүмүүс, Ар Монголчууд үүнийг барьж бүтээсэн гэж бахархдаг”-
“Мэдрэхүйн мэлмий” компанийн захирал Г.Алдартбаяртай ярилцлаа. Тэрээр мэргэжлийн зураач, уран цутгуурчин. Уран бүтээлч төдийгүй үндэсний үйлдвэрлэгч ч гэж болно. Учир нь монументаль урлагт өөрийн зам мөрийг гаргахын зэрэгцээ үндэсний өвөрмөц онцлог, ур хийц бүхий төрөл бүрийн хүрэл цутгуур, уран барилга, гудамж талбайн чимэглэл, баримал, хөшөө зэргийг үйлдвэрлэдэг. Монгол хүний гарын хээтэй, монгол ухааны тамгатай бүтээл хийхсэн гэж зорьж тэмүүлж яваа уран бүтээлчийн яриаг хүргэе.
-Хөшөө дурсгалууд сүүлийн үед олон босч байна. Сум бүхэн хөшөө, суваргатай болж байгаа. Аймгийн төвүүдэд хөшөөт цогцолборууд ч баригдаж байна. Харин тэр бүхэн ур хийц, утга учир хийгээд урлагийн үнэ цэнийн хувьд ямар байна вэ?
-Би хөшөө дурсгалуудын утга учир талаас нь ярья. Тухайлбал төв талбайн хажууханд “Централ тауэр”-ын өмнө Марко Пологийн хөшөө бий. Түүхэн хүний хөшөөг босгож болно доо. Гэхдээ байрлуулсан газар нь буруу гэж боддог. Марко Поло XIII зууны Монголыг дэлхийд танилцуулсан гавьяатай байж болно. Гэхдээ жирийн л нэг хар лам, аялагч хүн шүү дээ. Муугаар хэлбэл тэнүүлчин, бадарчин. Гэтэл түүний хөшөө их эзэн Чингис хааны хөшөө, Сүхбаатарын хөшөөтэй зэрэгцээд төв талбайн хажууд байх нь зөв үү. Тэгээд ч тэр хөшөө нь Хятадад хийсэн хөшөө шүү дээ. Бид гоё сайхан хөшөө дурсгал хийж болно. Гэхдээ утга учир, бэлгэдэл зэргээ сайн бодох, бас цогцолбороор нь хийх хэрэгтэй. Монгол Улс ямар газар нутаггүй гэх биш дээ. Энэ бөглөрсөн жижигхэн Улаанбаатартаа чихэх биш хотоос гадна 10-20 километр газарт хөшөө дурсгалт цогцолбор, хөшөөт цэцэрлэгт хүрээлэнгүүд байгуулчих хэрэгтэй. Тэгвэл залуус амралтын өдөр аялал зугаалгаар очиж тэндээс түүхээ, урлаг соёлоо мэдэж аваг. Бахархаг. Гадаадынхан ч мөн тэнд очиж Монголын түүх, бахархлыг үзэг. Ийм газар Монголд даанч алга байна л даа.
-Нэг үе Улаанбаатарт баахан оросуудын хөшөө боссон. Ихэнхийг нь буулгаж, зөөгөөд дуусч байна. Хөшөө дурсгал гэдэг уг нь олон жилийн настай, өөрөө түүх өгүүлэх бүтээл байх ёстой болов уу?
-Тийм. Энэ талаар төр засгийн бодлого байх ёстой. Хойд Солонгос гэхэд удирдагчдынхаа хөшөөг хэдэн мянгаар хийдэг. Түүнийг нь хийдэг үйлдвэртэй. Үндэсний бахархал, ёс заншлаа ингэж хадгалж, хамгаалж байдаг. Хэдийгээр тоталитар дэглэмтэй улс орон ч гэлээ үндэсний соёлын өв хийгээд үндэсний бахархлаа өөрсдөө барьж босгож байна. Гэтэл бид ийм сайхан чөлөөт нийгэмд амьдарч байж, маш өргөн боломж байхад өөрсдөө хөшөө дурсгалаа хийхгүй, Хятадад очиж хийлгээд, тэдэнд хөрөнгө оруулалт хийгээд байна.
-Яагаад Монголдоо хийдэггүй юм бол оо. Манай урчуудын чадвар гологдоно гэж лав байхгүй. Тоног төхөөрөмжийн хүчин чадал дутдаг юм болов уу?
-Хүчин чадал ч дутагдана гэж үгүй, 100 хувь байгаа. Гол нь цутгуур хийх технологи байхгүй байж мэднэ. Манай компани бол ямар ч хөшөө дурсгал, цутгамал бүтээлийг 100 хувь дотооддоо хийх боломжтой. Тоног төхөөрөмж байна, олон сайхан урчууд байна. Хүрэл цутгуурыг хэд л бол хэдэн метрээр хийх технологи сурсан урчууд манайд ажилладаг. Гол нь хийх ажил олдохгүй гацаад байна. Бусдаар бол асуудалгүй.
-Төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон хөшөө, дурсгалын цогцолборууд бүтээдэг. Тийм бүтээн байгуулалтад оролцъё гэсэн тохиолдолд үндэсний урчуудад давуу тал олгодоггүй юм уу?
-Тийм юм байхгүй. Зарим том ажлууд чимээгүйхэн тэрүүгээрээ шийдэгдээд Хятадад хийгдээд ирдэг. Хэнтийд боссон тэр сайхан аваргуудын хөшөөнүүдийг Хятадад цутгасан байх жишээтэй.
-Одоо Их Майдар төсөл хэрэгжиж байна. Бурхан шашны том цогцолбор баригдана. Энэ бүтээн байгуулалтад үндэсний компаниуд, үндэсний урчууд оролцож байна уу?
-Ийм төсөлд оролцъё гээд хөөцөлддөг. Их Майдар л гэхэд өмнөд хөрш хавьцаа л хийгдэж байгаа юм билээ. Төслийн хүрээнд жижиг хэмжээтэй Майдар бурхныг олноор бүтээж тарааж байгаа гэсэн. Тэр нь бас л гадаадад хийгдэж байгаа юм билээ. Японд гэсэн байх аа. Энэ төсөлд манай компани оролцъё гэж санал өгч байсан. Тэгээд л нэг мэдсэн бүх ажлууд нь гадагшаа л явчихсан байна лээ. Байдал ийм л байгаа юм. Тиймээс монгол хүн бүр, аймаг, сумын удирдлагуудаас эхлээд төрийн байгууллагынхан, УИХ, Засгийн газрын гишүүд бүгд сэтгэл нэгтэйгээр зөвхөн Монголдоо, монгол урчуудаар, монгол компаниудаар хөшөө дурсгал, урлагийн бүтээлээ хийлгэе гэдэг тийм дархлааг сууулгаж өгмөөр байна. Монгол тэртэй тэргүй байгалийн үзэсгэлэнт газруудаараа бахархдаг. Гадаад дотоодынхны нүдийг хужирладаг. Дээр нь нутаг ус бүхэнд бахахал бий. Тэндээс агуу хүмүүс төрөн гарсан байдаг. Алдартай бөхчүүд, хурдан хүлгүүд нь домог болон яригдаж, бахархал болж байдаг. Тэр бүхнээ хөшөө дурсгалд мөнхлөхдөө утга учир, бэлгэдэл, ач холбогдлоо бодох аваас гадаадад хийлгээд байх нь таатай биш санагддаг. Цөвүүн цагт устаж нураагдсан хүрээ хийдүүд эргээд сэргээгдэж байна. Гэтэл бурхан шүтээн нь харьд бүтээгдсэн байна гэдэг хийдээ сэргээх биш хатуу хэлэхэд бузарлаж байна. Түүх соёлын дурсгалаа хятадуудаар хийлгэж залахаар юу болох вэ. Шүтэх шүтээнээ хүртэл харийнхнаар бүтээлгэхээр ямар хэрэг байх вэ. Зөвхөн бурхан шүтээн ч гэлтгүй түүхэн хүмүүсийн хөшөө, жишээлбэл Сүхбаатар, Чойбалсан нарын хөшөөг хэдэн жилийн өмнө хүрэлдсэн. Хятадад л цутгуулсан. Гэтэл Сүхбаатарын хөшөө бол С.Чоймбол гуайн эскизээр барьсан энэ тэр гээд маш сайхан түүхтэй. Тэгсэн чинь 45 жилийн дараа уг хөшөөг хүрэлдэхдээ БНХАУ-ын уран цутгуурын үйлдвэрт хийсэн. Ингээд тэр хүний түүхийг баллаад хаячихаж байгаа юм.
Уг нь үндэсний бахархал болсон түүхэн хүмүүсийнхээ хөшөөг монгол хүн, эх орондоо цутгаж бүтээсэн бол хэчнээн сайхан. Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөний гүйцэтгэлийг ч гэсэн хятадуудаар хийлгэсэн. Тиймээс тэр хөшөө рүү би очдог ч үгүй. Хятадад цутгасан хөшөөнд мөргөж, сүслээд яах юм.
Уг нь олон сайхан хөшөө дурсгал босч байна. Дандаа Хятадад цутгадаг. Бид өвөг дээдсийнхээ түүх, соёл, өв уламжлалыг авч үлдэж чадахгүй байна гэдэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Өнөөдөр бид хөшөө дурсгалаа өөрсдөө дотооддоо үндэсний уран бүтээлчдээрээ хийлгэж байвал ямар сайхан байх вэ. Барилга байгууламжаас авахуулаад орох орон, унах унаа, идэх хоол, эцэстээ түүх соёлын дурсгалаа хүртэл гадны улсаар хийлгэнэ гэдэг колони улсаас ялгаа юу байх вэ дээ. Ийм учраас өнөөдөр бид үндэсний дархлаа, үндэсний үйлдвэрлэл бий болгоё гэж зорьж 2009 онд “Мэдрэхүйн мэлмий” компаниа байгуулан ажиллаад таван жил болж байна. Өөрсдийн чадах бүхнийг дотооддоо хийнэ гээд зорьж зүтгээд л явж байна. Өнгөрсөн хугацаанд нэлээд амжилт гаргасан, чамгүй ажил хийлээ. Анх бид компаниа байгуулах болсон шалтгаан нь Монголд хүрэл цутгуурын үйлдвэр алга, том хэмжээний монументаль бүтээл, хөшөө дурсгал, ханын чимэглэл уран баримал ч учир дутагдалтай байна гэж ярилцсан. Ингээд л энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах санаа гаргаад ажиллаж эхэлсэн.
-Танай компани томоохон ямар ажлууд хийж гүйцэтгэсэн бэ?
-Дорнод аймгийн Халх голын Их Бурхантын дөрвөн Махранзын гурван метр өндөр чулуун баримлыг хийсэн. Монголд ажиллаж байсан япон хүний хөшөөг Архангай аймагт барьж босгосон. Мөн тохижилтын ажлууд гэмээр зүйл ч хийдэг. Ахмадын өргөөг тохижуулах гэх мэтээр үндсэн чиглэлээсээ халтираад явж л байна. Уран барилгын загвар дизайн, сийлбэр, баримал ч хийж байна. Одоо Таван буудалд Наран хутагтын захиалгаар 13 метр өндөр суварга бүтээж байна. Ер нь бид нэг метрээс өндөр хөшөө дурсгал бүгдийг хийдэг. Дорнодод тугал ухаа гэж алдартай хурдан азарганы хөшөө, Сайншандад Очирваань бурхны цогцолбор хийх гэж байна. Чингэлтэй, Хайлаастын орчимд том хийд баригдаж байна. Тэр хийдийн лам нар хийдийнхээ ханан дээр битүү зураг зуруулъя, өөр яаж тохижуулах боломж байна вэ, Бурхан багшийн дүрийг томоор урлая. Холоос харахад цээж нь модон дундаас дээш цухуйж харагддаг, очоод үзэхээр асар том бурхан бүтээе гэж санал тавьсан. Энэ мэтээр ярьж байгаа ажлууд олон. Хүмүүс дотоодын урчуудаа дэмжье гэдэг үндэсний үзэлтэй болж байна. Энэ бол сайхан хэрэг. Өвөрмонголчууд биднээс илүү эх оронч үзэлтэй. Монголоо гэсэн сэтгэлтэй. Өвөрмонголын Баяннуур хотод манай компани маш том гурван давхар хийд барьж тохижуулсан. Өвөрмонголчуудыг бид хятадууд гэж боддог, тэгж гадуурхдаг. Гэтэл тэд Монголын урчуудыг л авчирч энэ бүтээлийг хийлгэмээр байна гээд, тэр дагуу нь бид очиж хийсэн. Тэр хийдийг олон хүн үздэг юм билээ. Тэнд очоод ирсэн хүмүүс ярьдаг юм. Баяннуурынхан монгол залуучууд манай хийдийг барьж, бурханыг зурж, баримлыг нь хийсэн гэж бахархдаг гэсэн. Энэ хийдийг Ар Монголын урчууд хийсэн, Өндөр гэгээний удмын хүмүүс ирж барьсан гэж бахархаж ярьдаг гэнэ лээ.
-Цаашид энэ салбартаа юу хийж бүтээе гэсэн төлөвлөгөөтэй байна вэ?
-Багтаж ядсан их санаа, хүсэл мөрөөдөл байна. Миний хувьд хийхийг хүсдэг юм бол маш том баримлын цогцолбор байгуулахыг хүсдэг. Монголын түүхийг харуулсан хөшөөнүүдтэй. Тухайлбал дайн тулалдаануудын түүх, Их Монгол Улсын үе, Хүннүгийн үе гэх мэтээр төрөлжсөн. Монголын төлөө тэмцэж, тусгаар тогтнолоо хамгаалсан баатрууд, түүхэн хүмүүсийн цогцолбор бүтээгээд түүгээрээ дэлхийд гайхуулдаг байвал жинхэнэ үндэсний бахархал болно. Энэ талаар төсөл бичиж байгаа. Төр засаг дэмжих эсэх нь мэдэхгүй. Ямар ч байсан гарц олно, хийнэ. Шантарна гэж байхгүй ээ.
Ярилцсан Г.Сонинбаяр