Терроризмтой тэмцэх зөвлөл улирал тутамд хуралдаж дээрх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг гишүүдэд тайлагнадаг. Мөн цаг үеийн болон болзошгүй терроризмын аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлуудыг хэлэлцдэг уламжлалтай. Тодруулбал, тус зөвлөлийг Тагнуулын ерөнхий газрын дарга тэргүүлж, бүрэлдэхүүнд төрийн 19 байгууллагын удирдлагууд багтдаг. Тус зөвлөлийн 2020 оны хоёрдугаар улирлын ээлжит хуралдаан болж гурван асуудлаар танилцуулга хийж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тухайлбал, тагнуулын байгууллагаас зэвсэг дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр хийсэн ажлын тайлан, Терроризмтой тэмцэх байгууллагын санхүүжилт, түүний эх үүсвэр, тэмцэх асуудал, “Террорист этгээдийн харилцаа холбоонд гарч буй өөрчлөлт, чиг хандлага” зэрэг сэдвээр мэдээлэл танилцуулга хийсэн байна. Одоогоор манай улсад терроризмтой холбоотой зөрчил гараагүй хэдий ч зөвлөлийн үйл ажиллагаа нь ирээдүйд учирч болох эрсдэл, эмзэг сул байдлыг олж тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү ажиллаж байгааг Терроризмтой тэмцэх зөвлөлийн Нарийн бичгийн дарга Л.Энхбаяр онцолжээ.