Friday, November 22, 2024

2016-2020 оны парламент отгон чуулганаа хаалаа

Date:

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Ийнхүү 2016-2020 оны парламент отгон чуулганаа өндөрлүүлэв. Хаврын чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулган хуулийн хугацаандаа эхэлж, коронавирусийн цар тахал дэлхий дахиныг, түүний дотор бидний эх орон, ард түмнийг түгшээсэн онцгой нөхцөлд цахим технологи ашиглан хуралдлаа. Дэлхийн 210 гаруй оронд тархаж, 4.0 сая гаруй хүнийг халдварлуулсан аюулт тахлаас ард иргэдээ сэргийлэн хамгаалах чиглэлээр Монгол Улсын төр, засаг онцгой хүч чармайлт гарган ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүд санаачлан “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх,  тэмцэх,  нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” нэг удаагийн хууль болон “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд,  орлогыг хамгаалах,  ажлын байрыг хадгалах,  эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” хууль, “Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү,  эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх,  төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан.

Эдгээр хууль тогтоомжуудын хүрээнд 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100.000 төгрөг олгохоор боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ирээдүй хойч болсон 1.1 сая хүүхэд хамрагдаж байна. Өнчин хүүхдүүдийн тэтгэмжийг 100.000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болгосноос гадна өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдийн тэтгэмжийг мөн 100.000 төгрөгөөр нэмж, 288 мянган төгрөг болгох шийдвэр гарч, хэрэгжиж эхэлснийг онцолъё гэлээ.

Түүнчлэн нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, бага орлоготой иргэдийн хүнсний талоны мөнгийг 2 дахин нэмэгдүүлсэн. Нийгмийн халамжийн тэтгэвэр 100.000 төгрөгөөр нэмэгдсэн. Тухайлбал, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг байсан бол 288 мянган төгрөг авахаар болсон. Хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдэд олгодог тэтгэмж 100,000 төгрөгөөр нэмэгдсэн. Малчдын орлого болон ноолуурын салбарын худалдан авалт, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчин өрх, мал бүхий этгээдэд ноолуурын кг тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгохоор болсныг дурдав.

Эдгээр арга хэмжээ болон нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, албан татвараас чөлөөлөх, үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд 200.000 төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох, зээл, зээлийн хүүг бууруулах, хойшлуулах зэрэг шийдвэр нь иргэнээ дээдэлсэн төр оршин байхын утга учрыг харуулсан сайн жишиг гэж бодож байна. Цаашид хямралаас сэргийлэх, уналт уруудалтыг тогтоон барих, багасгах, үйлдвэрлэл үйлчилгээг хөрөнгө оруулалт, хөнгөлөлт, зээлээр дэмжих замаар эдийн засгаа тэлэх, иргэдийнхээ амьжиргаа, айл өрхийн хэрэглээ хангамжийг хямралд нэрвүүлэхгүй байх чиглэлээр авсан эдгээр арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь нэн чухал гэдгийг тэрбээр тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан 71 удаа, Түр хороо 2 удаа хуралдаж, 124 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна. Хорио цээр, хязгаарлалтын нөхцөлд дунджаар 66 хувийн ирцтэйгээр хуралдаандаа оролцож, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажилласныг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв. Түүнчлэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” чиглэлээр Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Төрийн аудитын тухай хуулиуд болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050” хөтөлбөр зэрэг томоохон хууль, тогтоол баталсныг онцлон нэрлэлээ.

Улмаар 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 7 дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн 4 жилд ээлжит болон ээлжит бус 11 чуулган чуулж, нийт 1400 шахам хууль тогтоомж батлав. Энэ удаагийн Улсын Их Хурал батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, бүтээлч парламент байлаа хэмээн Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...