Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Чойжин ламын сүм музей түүхийн дурсгалт цогцолборыг хамгаалах талаар нэгэн чухал шийдвэр гаргажээ. Тодруулбал, Чойжин ламын сүм музейн цогцолборт газрын гудамжийг авто машингүй гудамж болгох асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар дэмжсэн байна. Нийслэлийн ИТХ-аас тус газрыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг гарч ажилласан юм байна. Уг ажлын хэсгээс Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, орчны хорт хөнөөлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар дараах саналуудыг ИТХ-д оруулжээ.
Нэгдүгээрт, музейн баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөнийг хязгаарлан зөвхөн явган зорчигч, дугуйтай зорчигчийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх авто машингүй гудамж болгох, Хоёрдугаарт, явган хүний хөдөлгөөн нэмэгдсэнээр тухайн орчинд сүм музейг дагасан худалдаа үйлчилгээний бичил гудамж үүсгэн аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих саналыг оруулсан байна. Уг асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид дэмжиж, тогтоолын хэрэгжилтийг хангах ажиллах мөн, Чойжин ламын сүм музейн цогцолборын орчинд тохижилт хийхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгожээ.
Ташрамд сонирхуулахад, Монголын урлагийн зөвлөл болон М-Си-Эс группийн соёлын өвийг дэмжих “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2019 онд Чойжин ламын сүм музейн хэрмэн хашаан доторх тохижилтын төслийг амжилттай хэрэгжүүлсэн
байна. Харин 2020 онд тохижилтын төслийн 2-р шат буюу музейн урдах 7350 ам метр талбайд 1012 ам метр явган хүний боржин чулуун зам, 1574 ам метр асфальтан авто зогсоол, 600 ам метр япон загварын Зэн цэцэрлэг, 300 метр урт зурвас газарт мод бут тарих, 3621 ам метр ногоон зүлэг, усалгааны систем байгуулах, явган замын гэрэлтүүлэг хийх, 300 метр төмөр хашаа, хаалгыг шинэчлэх зэрэг тохижилтын ажлыг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс гүйцэтгэж эхэлсэн бөгөөд ирэх долдугаар сарын 01-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.