Цензур эргэн ирэв
Агаар улам бохирдож, амьсгал боогдон бачимдаж байна. Утаан манан өтгөрч, харах нүд, сонсох чихийг таглав. Нэг сэхээ ороод харахад гарт гав, хөлд дөнгө зүүлттэй байж мэдэх нь. Энэ бол Улаанбаатарын утааны тухай яриа огт биш. Уух ус, амьсгалах агаар мэт амин чухал үнэ цэнтэй ардчилал, хүний эрх чөлөө тэр тусмаа үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний тухай халаглал юм шүү.
Учир нь Монголын ардчилалд утаан хөшиг татсаар олон жил болов. Эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулж эхэлснээр ийнхүү ардчиллын ус, агаар бохирдсон билээ. Яг тэр цагаас эхлэн Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон хэмээн олон улсад албан ёсоор нэрлэгдэх болсон юм. Хэвлэл мэдээллийнхэн “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд гардаг тал еэвэн шиг тал хагас эрх чөлөөтэй болсоор 15 он улирав. Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлаар Монгол Улс жилээс жилд л уруудан “зэрэг дэв” буурсаар л. НҮБ-д зөвлөх эрхтэй субъектуудын нэг “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас гаргадаг дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексээр манай улс 2016 онд 180 орноос 60-д эрэмбэлэгдсэн бол 2017 онд есөн байраар ухарч 69-т, 2018 онд дахин хоёр байраар ухран 71-д бичигдээд байна. Энэхүү сөрөг үзүүлэлтэд өнгөрсөн 2017 онд батлагдсан Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд нөлөөлжээ. Энэ талаар “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас гаргасан Хэвлэлийн эрх чөлөөний тайланд тодорхой дурджээ. 2017 оны тавдугаар сарын 01-нээс 2018 оны тавдугаар сарын 01 хүртэлх хугацааг хамарсан уг тайланд,
“Хоёр хууль 2017 оны 7-р сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн юм. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд асуудал дагууллаа. Энэ хуулийн “Гүтгэх“ хэмээх 6.21-р зүйлээр хэвлэл мэдээлэлтэй холбоотой 49 хэрэгт 98 сая төгрөгийн торгууль тавьсан нь эдийн засгийн цензур болон хувирав” гэжээ.
Хуулиар халхалсан халдлага
Зөрчлийн тухай хууль хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтой халдаж байна гэж үзэж уг хуулийг дөнгөж батлагдсаны дараа Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшнл” ТББ мэдэгдэл гаргаж байсан юм. Уг мэдэгдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан. УИХ-аас нэр төр гутаахтай холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуулиас хассан нь хэвлэл мэдээллийн зөрчлийг Иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэдэг олон улсын хэм хэмжээнд нийцсэн алхам байсныг бид дэмжсээр ирсэн, өнөөдөр ч дэмжиж байна.
Харамсалтай нь энэ зохицуулалт Зөрчлийн тухай хуульд буцаад тусгагдсан нь аливаа нэгэн шүүмжлэлт илэрхийлэл нь нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдэл болж, зарим тохиолдолд тухайн хувь хүн, байгууллагыг оршин тогтнох боломжгүй болгох хүртэл нөлөөлж болохуйц, ялангуяа улс төрчид, өндөр албан тушаалтны сэтгүүлчдийг айлган дарамтлах хэрэгсэл болгон ашиглаж болох нийгэмд халтай үр дагавар хэвээр үлдээж байна гэж бид үзэж байна.
Шинэ хууль нь олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой ч хамрах хүрээ, нэр томъёо, хариуцлага тооцох этгээдийг нарийвчлан тодорхойлоогүйгээс “гутаан доромжилсон” гэдгийг хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан тодорхойлох болж байгаа нь хуулийн заалтыг хэтрүүлэн хэрэглэхэд хүргэж болзошгүй тул энэ чиглэлээр Дээд шүүхийн тайлбарыг гаргахыг шаардаж байна” гэсэн байдаг.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд “Хэвлэл мэдээллийн байгууллага хэвлэн нийтэлсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж заасан байтал Зөрчлийн хуулиар хувь хүн, байгууллагыг торгоно гэж байгаа нь хариуцлагыг давхардуулан хүлээлгэх эрсдэлтэй гэдгийг ч дээрх мэдэгдэлд дурдаж анхааруулж байсан юм.
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд нэг жил таван сар гаруйн хугацаа өнгөрөхөд хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагуудын дээрх болгоомжлол үндэслэлтэй байсан нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хууль хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд илт халдаж эхэлсэн байна. Зөвхөн 2018 он гарсаар 100 гаруй сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх заалтын дагуу цагдаагийн байгууллагад дуудагдаж, торгууль, шийтгэл хүлээснээс үүнийг харж болно.
Дээрх заалтаар сэтгүүлчдийг буруутгаж шалгахдаа эх сурвалжаа хэлэхийг шаардаж байгаа нь хамгийн бүдүүлэг зөрчил юм. Сэтгүүлч хүн мэдээллийн эх сурвалжаа илчлэх ёсгүй гэдэг наад захын зарчмыг мэддэггүй, гүтгэлэг, доромжлол хоёроо ч ялгаж салгаж ойлгохгүй цагдаагийн албан хаагч хэвлэл мэдээллийнхнийг байцааж, шууд шийтгэж байгаа нь эмгэнэлтэй. Тиймээс сэтгүүлчид Зөрчлийн тухай хуулиар биш Эрүүгийн хуулиар хэрэг үүсгүүлж шалгуулсан нь амар гэх болж. Яагаад гэвэл Эрүүгийн хуулиар бол тухайн хүний гэм буруутайг заавал тогтоох шаардлагатай. Гэтэл Зөрчлийн тухай хуульд гэм буруу гэсэн ойлголт байхгүй. Санаатай, санаандгүй гэх ч шаардлагагүй. Хийсэн үйлдэл нь л байгаа бол шууд торгох зохицуулалттай.
Олон улсад тогтсон жишгээр бол гүтгэсэн үндэслэлээр сэтгүүлчийг буруутгаж буй тохиолдолд түүнийгээ батлахыг шаарддаг. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж буй хэрэг юм.
АНУ-д л гэхэд гүтгүүлсэн гэж гомдол гаргаж буй хүн хоёр зүйлийг батлах шаардлагатай болдог ажээ. Нэгдүгээрт, өөрийих нь талаар гарсан мэдээлэл худал мэдээлэл гэдгийг нотлох. Хоёрдугаарт, мэдээлэл худал байсныг тухайн сэтгүүлч мэдэж байсан гэдгийг батлах ёстой болдог. Эхний шалгуур мэдээж ойлгомжтой, аливаа мэдээллийг худал эсхүл үнэн эсэхийг шүүхэд нотлоход асуудалгүй. Харин сэтгүүлч холбогдох мэдээллийг худал гэдгийг мэдэж байсан гэдгийг батлах буюу субьектив зүйлийг батлах нь бараг боломжгүй, маш хэцүү. Энэ нь АНУ-ын сэтгүүлчдэд маш сайн хамгаалалт болж өгчээ.
Зөрчлийн тухай хуульд ямар зөрчил байгаа вэ?
Эрүүгийн хуульд байсан гүтгэх, доромжлох гэдэг хоёр өөр агуулга бүхий заалтыг нэгтгэн оруулснаас эхлээд Зөрчлийн тухай хуулийн зөрчил эхэлж байгаа гэдгийг хэвлэл мэдээллийн салбарын төрийн бус байгууллагууд, мэргэжлийн судлаачид, хуульчид хэлж байна. Хэвлэн нийтэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, иргэн хэнд ч гэсэн их хэмжээний мөнгөн торгууль ногдуулах боломжийг энэхүү хуулиар олгожээ. Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан” гэдэг үндэслэлээр гаргасан гомдлыг цагдаагийн байгууллагынхан шалгаж шийдвэрлэж байгаагаас харахад хэт нэг талыг барьсан, торгууль шийтгэл ногдуулах гэж улайрсан байдал харагдаж байгаа аж.
Тухайлбал, УИХ-ын хоёр гишүүн байнгын хорооны хуралдаан дээр бие биеэ элдвээр хэлснийг ямар нэгэн засваргүйгээр олонд хүргэсний төлөө нэгэн сайтын сэтгүүлчийг Зөрчлийн тухай хуулийн дагуу буруутгаж, хоёр сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Монголын хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүй, хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хянан хэлэлцэж дүгнэлт гаргадаг. Энэ дагуу дээрх тохиолдлыг мэргэжлийн үүднээс авч хэлэлцээд ёс зүйн ямар нэгэн алдаа гаргаагүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Гэвч сэтгүүлч төрийн өндөр албан тушаалтнуудын яриаг олон нийтэд хүргэснээсээ болж торгууль хүлээхээр болжээ.
Түүнчлэн нэгэн сайтын сэтгүүлч шинээр байгуулагдсан намын даргыг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу хэмээн бичиж, түүнийгээ олон нийтийн сүлжээнд нийтэлснийхээ төлөө хоёр сая төгрөгийн торгууль хүлээжээ. Тухайн намын жинхэнэ дарга нь сэтгүүлчийн дээрх үйлдлийг нэр төрд халдсан, гутаан доромжилсон гэж үзэж гомдол гаргасан юм байна. Хэргийг хянан шийдвэрлэсэн цагдаагийн албан хаагч сэтгүүлчид хоёр сая төгрөгийн торгуулийн хуудас гардуулж. Харин хуульч Д.Оросоо энэхүү хэрэгт өмгөөлөгчөөр ажилласнаар сэтгүүлчийн гэм буруугүйг тогтоож чаджээ. Тухайн намын даргыг Ш.Сайхансамбууг гэдгийг сэтгүүлч санаанаасаа зохиож, санаатайгаар түгээгээгүй. Энэ талаар өмнө нь ч ийм мэдээлэл гарч байсан төдийгүй, тухайн тохиолдолд сэтгүүлч олон нийтийн сүлжээнд түгсэн мэдээллийг л өөрийн нүүр номд тайлбартайгаар постолсон байжээ. Эндээс харахад зөрчлийн тухай хуулиар далайлган хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн иргэдээ айлган сүрдүүлж, өндөр торгууль ногдуулах замаар эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх эрсдэл бий болсон аж.
Аль нэгэн намын даргын нэрийг байтугай, тухайн намыг байдаг эсэхийг огт мэдэхгүй байх эрх ч иргэнд бий. Иргэнийг улс төрийн намын даргын нэрийг буруу бичлээ гэдгээр ял зэмлэлд унагах хууль үйлчилж байгаа бол уучлаарай, энэ ардчилсан нийгмийн ёс биш. Энэ байдлыг эргэн харж, засаж залруулах ёстой. Социализмын үед коммунист намын том дарга нарын нэрийг сургуулийн хүүхдүүдэд албан хүчээр цээжлүүлдэг байсан шиг юм болно. XXI зуунд ийм байж таарахгүй. МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар
Маргааныг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хаан боогдуулах аргаар шийдвэрлэх зохисгүй уламжлал ардчилсан Монголын нийгэмд оршин тогтнох орон зайтай байж болохгүй. Ийм уламжлалыг цаашид хадгалан үлдээж бас болохгүй. Харин үүнийг хэвлэл мэдээллийнхэн үүргээ гүйцэтгэх явцдаа хил хязгаарыг давж байгаа асуудлыг олж харж, шүүмжилж, шаардлага тавихдаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хааж боогдуулахгүйгээр шийдвэрлэдэг зохицуулалтаар халах ёстой гэж Хэвлэл мэдээллийн зөвлөл болон “Глоб интернэшнл” байгууллага мэдэгдэж байв. Харамсалтай нь сэтгүүлчдийг ажил үүргээ гүйцэтгэхэд Зөрчлийн тухай хууль том саад болж байгааг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд онцолж байна.
Ийнхүү Азийн ардчиллын загвар гэгддэг Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний “мэдэгдэхүйц асуудал”-тай орны тоонд эргэлт буцалтгүй орж, мөн “Freedom House” байгууллагын судалгаагаар хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон гэдэг ангилалд улам гүн бат шигдсээр авай.
Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг зөрчил рекорд тогтоов
2017 онд нийт 91 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой мэргэжлийн эрхийн 182 зөрчил бүртгэгджээ. Энэ нь Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний эрхэд халдсан зөрчлийн бүрэн тоо баримт биш. Учир нь эрх нь зөрчигдсөн олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаар мэдээлэхийг хүсэхгүй байгаа гэдгийг “Глоб интернэшнл” ТББ онцолжээ. Нэг жилийн дотор хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан 182 тохиолдол өмнө нь бүртгэгдэж байсангүй.
2017-2018 онд гарсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийг ангилбал:
-Сүрдүүлсэн, дарамталсан, заналхийлсэн, доромжилсон, гэр бүлийн хүнийг дарамталсан 20 /11%/ -Мэдээлэл өгөхөөс татгалзсан, мэдээлэл олж авах, түгээхэд саад хийсэн 26 /14.3 %/ -Ажлын багаж хэрэгсэлд халдсан 8 /4.4 %/ -Шүүх хүчний байгууллагын дарамт, шүүхэд нэхэмжлэл гаргасан 108 /59.3 %/ -Нууц эх сурвалжаа илчлэхийг албадсан 11 /6 %/ -Нийтлэл, нэвтрүүлэг, ХМХ-ийг хориглосон, эсвэл хориглохыг завдсан, редакцийн цензур гэх мэт бүх хэлбэрийн цензур 9 /5 %/
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эсрэг зөрчлийн тоо нэмэгдэж, үйлдэл нь ноцтой болсныг дараах баримтуудаас харж болно. 2018 оны 1-р сард цагдаагийн ажилтан хувийн компанийн хуулийн зөвлөх, компьютерийн шинжээчийн хамт мэдээний сайтын байранд зөвшөөрөлгүйгээр дайран орж, айлган сүрдүүлэн өөрийн захиралтай холбоотой мэдээллүүдийг устгахыг сэтгүүлчдэд тулган шаардсан хэрэг гарсан. Мөн нэр бүхий есөн сэтгүүлч болон тэдний ар гэрийн 30 хүний мэдээллийг хууль бусаар олж аван тагнаж, чагнасан гэх мэдээлэл 2018 оны 4-р сарын 26-нд нийтэд ил болов. Энэ хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас зохих албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгүүлэх хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт албан ёсоор хүргүүлсэн байна. Энэ хэрэгт холбогдуулан цагдаагийн албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй тухай Нийслэлийн Прокурорын газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдэж байв.
Олон нийтийн сүлжээг боомилох санаархал
Улс төрчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хатуу хязгаарлах, нийгмийн сүлжээг хаах тухай үе үе мэдэгдэл хийх боллоо. Улс төрийн башир аргын золиос нь иргэд, тэдний төлөө ажллаж буй жирийн сэтгүүлчид байх вий хэмээн эмээж байна.
Монгол Улсын 2017 оны Хэвлэлийн эрх чөлөөний тайланд ийн онцолжээ. Хэвлэлийн эрх чөлөөг боомилох санаархал, оролдлого 2018 онд идэвхжсэн нь сонгуулийн жил ойртсонтой холбоотой улстөрчдийн ашиг сонирхлын илрэл юм. Тэд хэвлэлийн эрх чөлөө жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаа тохиолдолд 60 тэрбум, ЖДҮ зэрэг булхай луйвраа нуух аргагүй болно гэдгийг мэдэж байгаа.
2018 он хэвлэлийн эрх чөлөө төдийгүй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах, түгээх эрхэд ч эрх баригчид таагүй ханддагаа ил зарласан жил байв. Тухайлбал, сошиал сүлжээнд 5000-аас дээш найз, дагагчтай хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцон хуульчлах ёстой гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн Н.Учрал мэдэгдсэн юм.
Сошиал медиа буюу нийгмийн сүлжээ нь дижитал эрин үед хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг болсон. Иргэд тэр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлээд байх боломж байдаггүй. Харин технологийн хувьсгалын нөлөөгөөр үзэл бодлоо илэрхийлэх боломжтой болсон. Энэ бол иргэдийн хувийн эрх чөлөөний талбар. Хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлж буй иргэнийг “мэдээллийн хэрэгсэл” болгон хуульчлах гээд байгаа нь цаанаа их хорон зорилготой хэмээн МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар онцолсон байна.
5000-аас дээш дагагчтай хэрэглэгчийг хэвлэл мэдээллийн хэрэгслэл болгон бүртгэнэ гэдэг санаа иргэдийн шүүмжлэлээс ангид байх, шүүмжлэгчдийн амыг хаах, халаас, ходоодтой нь тооцоо хийж эдийн засгийн аргаар цээрлүүлэн шийтгэж, гар доороо байлгах гэсэн улстөрчдийн санаархлаас үүдэлтэй. Тухайлбал, сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлсэн иргэн бүрийг Зөрчлийн тухай хуулийн 6.21 заалтаар шийтгэх эрх зүйн боломж бүрдэнэ. Хэн нэгэн улстөрч, төрийн өндөр албан тушаалтныг нийгмийн сүлжээнд шүүмжлээд буруутаж өндөр торгууль, шийтгэлд унавал жирийн иргэний хувьд дуугүй байхаас өөр гарцгүй болно. Улстөрчид үүнийг тооцож суугаа.
Иргэдийн хяналтыг зохих түвшинд хэрэгжүүлж байдаг чөлөөт индэр, олон нийтийн сүлжээг ийм байдлаар хязгаарлаж, цензурдэх ёсгүй.
Төрийн нууцын ард нуугдах сонирхол
Монголын хэвлэлийн хүрээлэн, Ханнс Зайделын сан, “Эрх зүйн боловсрол” академи хамтран сэтгүүлчид, хуульчдын уулзалтыг 12 дугаар сарын 04-нд зохион байгуулж мэдээллийн ил тод байдал ба байгууллагын нууцын талаар ярилцсан юм. 2011 онд батлагдсан Мэдээллийн ил тол байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн дагуу төрийн байгууллага иргэд олон нийт болон сэтгүүлчдэд өөрсдийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг нээлттэй гаргаж өгөхийг үүрэгжүүлсэн байдаг. Гэвч олон нийтийн энэ эрхэд төрийн болон албаны нууц гэдэг шалтгаанаар хориг саад тавьдаг зөрчил гарсаар байгаа ажээ.
УИХ Төрийн нууцын тухай хуулийг Төрийн болон албаны нууцын тухай хууль болгон шинэчлэн найруулж баталсан. Өнгөрсөн оны есдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн уг хуульд хэвлэлийн эрх чөлөөг хумих, иргэдийн мэдэх эрхийг хязгаарлах зохицуулалт цөөнгүй тусчээ. Тухайлбал төрийн нууцаас гадна албаны нууц гэдэг нэр томъёог хуульд тусгасан ч эдгээр нь ямар ялгаатай нь тодорхойгүй байгааг хуульчид онцолж байгаа юм. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу төрийн байгууллагууд албан байгууллагын нууцад хамаарах мэдээллээ өөрсдөө журам гарган батлах ёстой. Энэ дагуу байгууллагын нууцын жагсаалтыг гаргахдаа хуулиар хориглоогүй олон мэдээллийг нууцлах боломжийг бүрдүүлдэг дутагдал түгээмэл байгаа ажээ.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зарим хязгаарлалтыг Үндсэн хуулийн үзэл баримтлал болон олон улсын гэрээ конвенцийг удирдлага болгож, Гурван талт шалгуур /Three part test/-ыг бүрэн хангасан үед л зөвхөн хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнд, нэгдүгээрт: гагцхүү хуулиар тогтоох. Хоёрдугаарт: хязгаарлалт нь хууль ёсны зорилготой байх. Гуравдугаарт: зайлшгүй буюу гарцаагүй байх, хэмжээндээ байх. Үүнээс өөрөөр хязгаарлалт хийхийг хүлээн зөвшөөрөх ёсгүй ч илүүц, хүний язгуур эрхийг зөрчсөн хязгаарлалт хууль тогтоомжид тусгагдаж, практикт хэрэглэгдсээр байна.
Сэтгүүлч Г.Сонинбаяр
Эх сурвалж: “Үндэстний тойм” сэтгүүл