Мэргэжлийн сүмо бөхийн ирэх сарын нацү башёгийн банцүкэг олон нийтэд танилцуулжээ. Саяхан нэг ояката болон таван бөх шинэ коронавирусийн халдвар авч, Японы сүмогийн холбооноос ирэх нацү башегийн нээлтийг хоёр долоо хоногоор хойшлуулж, тавдугаар сарын 24-нд болгосон билээ. Гэвч цар тахлын нөхцөл байдлыг ажиглан башёг үзэгчгүйгээр, эсвэл бүрмөсөн цуцлах талаар ярилцана хэмээж байсан ч Сүмо бөхийн холбоо банцүкэгээ зарлажээ. Нацү башёд Асанояама анх удаагаа озеки цолтой барилдах бол дараах 22 монгол бөх энэ удаагийн башёд зодоглох тов гарчээ.
Макүүчи зиндааг их аварга Хакүхо М.Даваажаргал, их аварга Какүрюү М.Ананд нар тэргүүлэн Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын таван бөх барилдана. Жүрёо зиндаанд Азүмарюү С.Тодбилэг, Чиёошома Г.Мөнхсайхан, Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар, Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн, Даишохо Ч.Шижирбаяр, Миторюү Б.Төрболд тэргүүтэй долоон бөх, Макүшита зиндаанд Сакигакэ Я.Баттүшиг, Кёкүсотэн Э.Энхманлай, Кагамио Б.Нанжид, Сэиро Өнөболд зэрэг дөрвөн бөх, Санданмэ зиндаанд: Ёошояама Б.Анхбаяр, Саданохикари Д.Наранцогт, Гочозан Ууганбаатар, Даитэнма Н.Чинзориг, Хокүтэнкаи Г.Сүхбат, Дэванорюү Т.Тэмүүлэн зэрэг зургаан бөх тус тус барилдана.