Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Улаанбаатар хотод байрлах соёлын өв бүхий барилга байгууламжуудтай газар дээр нь танилцжээ. Үүнд, Дарь Эхийн сүм, Жанжин Д.Сүхбаатарын төрсөн гэрийн буйр, “Монголор”-ын хоёр давхар барилга буюу одоогийн ”Монг-Эм” ХХК-ийн барилга, Ерөнхий сайд Ц.Намнандоржийн амьдарч байсан байшин болох “Гоожингийн өндөр” хэмээх хоёр давхар барилга, “Дамбадаржаалин” хийдийн цогцолбор газартай танилцжээ. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 41 байршилд соёлын өв бүхий барилга байгууламж байгаа бөгөөд Баянгол дүүрэгт 1, Баянзүрх дүүрэгт 8, Чингэлтэй дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт 1 барилга, байгууламж тус тус байршиж байна.
Эдгээр барилга байгууламжийг сэргээн засварлах, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох, хадгалалт, хамгаалалтыг хангаж ажиллах, соёлын өвийг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлууд дээр хотын зүгээс төвлөрөн ажиллаж байгаа аж. Сүүлийн үед түүх, соёлын дурсгалт газрууд, соёлын өв болсон барилга байгууламжуудыг иргэд, аж ахуйн нэгжүүд өөрсдийн хувийн эзэмшил болгоод ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр нураадаг байдал гарч байгаа. Тиймээс энэ зүй бус үйлдлийг таслан зогсоож хотын түүх, соёлын дурсгалт байгууламжуудыг сэргээхээр болжээ.