Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Пхеньяны шатлалаар “хоёрдугаар хүн”-ий албан тушаалд дэвшжээ. Энэ тухай Өмнөд Солонгос, Америкийн эх сурвалжуудын мэдээнд үндэслэн Японы “Асахи” сонинд бичсэн байна. Умард Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны энэ сарын 11-нд болсон шуурхай хурлаар Ким Жон Уныг үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд тус улсын эрх мэдлийг Ким Ё Жонд шилжүүлнэ гэж шийдвэрлэсэн бололтой. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус улсын удирдагчийн охин дүү болох Ким Ё Жон БНАСАУ-ыг төлөөлөн олон улсын дээд хэмжээний уулзалтад хэд хэдэн удаа оролцсон. Тэрбээр өмнө нь Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал ухуулга, сурталчилгааны хэлтсийн орлогч даргаар ажиллаж байжээ. Харин өнгөрсөн оны сүүлчээс эхлэн Ким Ё Жон Төв хорооны Зохион байгуулалтын хэлтсийн даргын орлогч бөгөөд боловсон хүчний асуудлыг хариуцах болжээ. Тэрбээр Пхеньяны Сөүл ба Вашингтонтой тогтоосон баримт бичигт гарын үсэг зурсан байдаг. Өөрөөр хэлбэл Ким Ё Жон гадаад бодлогын хүрээнд улс орноо төлөөлдөг байсан юм. Түүнийг энэ сарын 11-нд болсон их хурлаар Төв хорооны Улс төрийн товчооны жинхэнэ гишүүнээр сонгосон билээ. Зарим шинжээч түүний өсөн нэмэгдэж буй улс төрийн нөлөөг залуу удирдагчийн эрүүл мэндийн асуудалтай холбон тайлбарлаж байна. Америкийн CNN суваг тагнуулын баримтад үндэслэн БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны биеийн байдал муудсан талаар мэдээлсэн. Залуу удирдагч өвөө болох БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сений мэндэлсний 108 насны ойн баярын ёслолд оролцоогүй нь “эрүүл мэнд нь дордсон” гэх мэдээлэл тарах үндэслэл болсон юм. Учир нь Нарны баяр хэмээн орон даяар тэмдэглэдэг энэхүү уламжлалт ёслолд Умардын үе үеийн удирдагчид алгасалгүй оролцож байсан юм. Пхеньяны тал удирдагчийнх нь тухай мэдээлэлд одоогоор тайлбар өгөөгүй байна. Өмнөд Солонгосын эрх баригчид Ким Жон Уны өвчний талаарх мэдээлэл баттай бус гэж зарласан ба БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч CNN-ийн мэдээллийн эх сурвалжид эргэлзэж байгаагаа мэдэгджээ. Түүнийг ямар өвчин туссаныг Умард Солонгосын эрх баригч элитүүдээс бусад нь мэдэхгүй. Гэхдээ удам дамжсан зүрхний өвчин нь хүндэрч, залуу удирдагч эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн зунаас олны өмнө гарахаа больсон гэх таамаглалыг АНУ-ын хэвлэлүүд дэвшүүлж байна.
Удирдагч ахынхаа бүхий л чухал уулзалт, айлчлалуудад хамтдаа оролцдог Ким Ё Жон ийнхүү БНАСАУ-ын удирдагчдын эгнээнд орж байгаа бололтой. Ким Жон Уны хамгийн итгэлт хүн гэгддэг 32 настай энэ бүсгүйг улсынхаа “Нэгдүгээр хүн” болж БНАСАУ-ыг үе дамжин удирдана хэмээн хэвлэлүүд онцолж эхэллээ. АНУ-ын тагнуулын эх сурвалжууд Ким Жон Уны биеийн байдал тун тааруу байгаа бөгөөд улс орноо дүүдээ даатгаж байгаа гэжээ.
Улмаар шинжээчид Ким Ё Жон улс орноо удирдаж чадах эсэхэд санал хуваагдаад байна. Элит бүлэглэлийн хүчирхэг эрчүүд удирддаг тогтолцоотой энэ улсыг 32 настай бүсгүй хяналтдаа авах боломжгүй гэж үзэж байхад Кимийн гэр бүлийн гишүүд төрсөн цагаасаа залгамжлагчид бэлтгэгдэг тул Ким Ё Жон Пхеньяныг эрхшээлдээ байлгаж чадна гэж дүгнэх нь ч байна. Мөн зарим эх сурвалж хэрвээ залуу удирдагчид золгүй явдал тохиолдвол БНАСАУ-ын хувь заяа хэрхэн эргэхийг урьдчилан таамаглах боломжгүй гэжээ. Хэрвээ Пхеньяны эрх мэдэл эмэгтэй хүний гарт шилжвэл улс орны гадаад бодлогын байр суурь зөөлөрч магадгүй гэсэн таамаглалыг зарим судлаач дэвшүүлж байна. “Хатагтай Ким ах, аав, өвөөгөөсөө уламжилж авсан улс орноо хэрхэн удирдахыг таамаглахад эрт байна” гэж Солонгос судлаач Сун Юн Ли хэлжээ.
Ким Ё Жон гэж хэн бэ
Умард Солонгосын хоёр дахь удирдагч Ким Чен Ирийн отгон охин Ё Жон 1987 оны есдүгээр сарын 26-нд төржээ. Тэрбээр Ким Жон Уны эх нэгтэй дүү юм. Ким Ё Жон есөн наснаасаа Швейцарийн Берн хотын дунд сургуульд ах Ким Жон Уны хамт нууц нэрээр суралцжээ. Ах дүү хоёр Бернд хувийн байшинд тогооч, гэрийн үйлчлэгч, бие хамгаалагч нартайгаа амьдарч байсныг Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлсэн байдаг. Тэрбээр 2000 онд Умард Солонгост эргэн иржээ. Түүнийг 2002 оноос улс төрийн карьераа эхлүүлсэн гэж үздэг. Мөн 2007 онд Пхеньян дахь Ким Ир Сений нэрэмжит их сургуулийг компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр төгсч, эрх баригч Хөдөлмөрийн намд элсчээ. Тэрбээр Ким Чен Ирийг 2008 онд цус харвасны дараа аавыгаа асрах ойр дотны хүн нь болсон юм. Харин Ким Жон Ун эрх мэдлийг залгамжласан 2011 оноос ахынхаа шадар хүмүүсийн эгнээнд орсон. Залуу удирдагчийн 2018, 2019 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дээд хэмжээний уулзалтад Ким Ё Жон оролцжээ. Мөн Ким Жон Ун хүргэн ах Жан Сонг Тэкийг 2013 онд авлига авсан, мөрийтэй тоглоом тоглосон хэрэгт буруутгаж цаазлах тушаал гаргахад охин дүү нь байлцсан гэдэг. Мөн цэргийн хээрийн сургуулилалт, зэвсгийн туршилтад ахыгаа дагалдан оролцдог тухай эх сурвалжууд гэрэл зургийн баримтад үндэслэн мэдээллээ. Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ким Ё Жоныг дотоод улс төр, эдийн засаг, зэвсгийн хөгжилд хувь нэмрээ оруулснаас гадна Хятад, Өмнөд Солонгостой тогтоосон харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлдэг. Түүнийг АНУ-ын талаарх Пхеньяны бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцсон эсэх нь тодорхойгүй ч Ким Жон Уны дэглэмийг тогтооход гар бие оролцсон гэдэг. Тиймээс төрийн эрх мэдлийг залгамжилбал ахынхаа замналаар улс орноо удирдана гэж зарим шинжээч үзэж байна. Ким Ё Жоны карьер дахь цорын ганц хар толбо бол Ким Жон Ун, Д.Трамп нарын хоёр дахь удаагийн уулзалт амжилтгүй болсон явдал юм. Үүний улмаас түүнийг эрх баригч намын элит бүлэглэлээс хассан. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын төрийн мэдээллийн хэрэгслээр түүнийг ажилд нь эргүүлэн томилжээ. Умард Солонгосын тал өнгөрсөн сард хэд хэдэн удаа пуужингийн туршилт хийсэнд Сөүлийн эрх баригчид шүүмжлэлтэй хандаж, мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдлийн хариуд Ким Ё Жон “Өмнөдийнхөн айсан ноход шиг хуцаж байна” хэмээсэн байдаг. “Залуу удирдагчийг нас барсан тохиолдолд Ким Ё Жон улс орноо хяналтдаа авахыг хүсч байгаа хүмүүсийн золиос болж магадгүй. Хятадын хүчирхэг удирдагч агсан Мао Зедуны эхнэртэй ижил. Маог нас барсны “Мадам Мао” гэгддэг Жианг Чинг шоронд хорьсон байдаг. Гэхдээ Умард Солонгост байдал өөрөөр эргэж магадгүй. Ер нь абсолютизмын эрин үед Зүүн Азийн тусгаар тогтносон улсуудад эмэгтэй удирдагч цөөн гарч ирсэн. Умард Солонгосын төрийн байгуулалт нь хуучирсан, биеэ тоосон үзэлтэй бөгөөд эмэгтэй хүнд захирагдах нь олон хүнд таалагдахгүй” гэж Лондон хотын SOAS хүрээлэнгийн захирал Стив Цанг хэлжээ. Хатагтай Ким Дональд Трамп, Ши Жиньпин, Мүн Жэ Ин нартай нүүр тулан уулзсан нь түүнийг их удирдагч болоход түлхэц өгч магадгүй юм.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин. Х.Эрдэнэзаяа